21 настай талийгаач Ц-гийн ээж Д.Дуламсүрэн: ХЭВЛЭЛЭЭР ГАРСАН МЭДЭЭЛЛҮҮД БОЛ ХЭВЛЭЛИЙНХЭНИЙ Л АЛДАА, БИ ТЭГЭЖ ЯРИАГҮЙ ЭЭ

 

 

               21 настай талийгаач Ц-гийн ээж  Д.Дуламсүрэн:

 

 

ХЭВЛЭЛЭЭР ГАРСАН МЭДЭЭЛЛҮҮД БОЛ ХЭВЛЭЛИЙНХЭНИЙ Л АЛДАА, БИ ТЭГЭЖ ЯРИАГҮЙ ЭЭ



 

Талийгаач Ц-гийн үхлийн талаархи олон баримтууд нотлогдсоор байна. Манай сайт хэргийн үнэн бодит мэдээллийг хүргэх үүднээс энэ асуудалд хамааралтай бодит гэрчүүдээс нь ярилцлага аван, ээлж дараалан хүргэж байгаа. Энэ удаад талийгаачийн ээж Д.Дуламсүрэнтэй уулзаж, ярилцлага авахаар утсаар нь холбогдоход тэрээр Баянхонгор аймагт байгаа учир уулзах боломжгүй тул  утсаар ярьж, зарим нэг тодруулгыг хийлээ.

 

“-Хэвлэл мэдээллээр цацагдаж байгаа мэдээллүүд үнэн үү? Хэн анх ийм яриаг гаргасан бэ?” гэсэн сэтгүүлчийн асуултанд  хариулахдаа тэрээр “Хэвлэлээр гарсан мэдээллүүд хэвлэлийнхэний л алдаа байх. Би ёстой мэдэхгүй” гэсэн хариултыг өглөө.

 

Анх “Үндэсний шуудан”, “Өдрийн сонин”-уудад Д.Дуламсүрэн нь нэрээ нууцлан Энхтуяа нэрээр ярилцлага өгөхдөө “-Таван цул эрхтэн нь бяцарсан, элэг нь задарсан байсан учраас оёсон, 48 цаг зодсоныг хөршүүд нь гэрчилсэн” хэмээн дурьдсан юм. Гэсэн хэдий ч өөрөөс нь энэ талаар тодруулахад “Би тэгэж хөршүүд нь нотолж байгаа гэж ёстой хэлээгүй шүү! Сонин нь алдаа мадагтай гаргасан байх. Охин маань өнгөрөхөөсөө өмнө 40 гаран цаг утас нь холбогдоогүй” хэмээн ярилаа.

 

      


 

Тэрээр 2 дахь өдөр буюу 11 сарын 12-ны Мягмар гарагт охинтойгоо утсаар ярихад зүгээр байсан гэж бидэнд ярьсан юм. Талийгаач Ц нь 2013 оны 11 сарын 13-ны өдөр буюу Лхагва гарагт  ГССҮТ-д хүргэгдэн эмчлэгдэж, цөсний сувгийн бөглөрлийн хагалгаанд хоёр ч удаа ороод, 11 сарын 15-ны өдөр нас барсан байдаг. Д.Дуламсүрэн гуайн ярианаас үзэхэд охинтойгоо холбогдож чадаагүй 40 гаран цаг нь эмнэлэгт эмчлэгдэж байсан хугацаа байх магадлалтай.

Эмнэлэгт эмчлэгдэж байсан охины утас холбогдоогүйн улмаас сэжигтэн Алтанхүү, охиныг 48 цаг зодсон, хөршүүд нь нотолсон, охины эд эрхтэн баяцарч няцарсан хэмээн нийгмийг цочирдуулж, аймшигт мэдээлэл тараасны хариуцлагыг өнөөдөр хэн нэгэн хүлээхгүй болж таарч байна. Эдгээр аймшигт мэдээллүүдийг олон нийтэд тарааж, нийгмийг цочирдуулсан эх сурвалжуудыг Massnews.mn сайт эрэн сурвалжилж, бодит үнэнийг хайсаар байна.

 

Мөн талийгаачийн нагац эгч Д.Хандсүрэнтэй гар утсаар нь холбогдож, мэдээллийн хэрэгслээр гараад байгаа мэдээллүүдийг  хэн тарааж байгаа талаар тодруулга авах гэсэн боловч ярилцлага өгөхөөс татгалзлаа.

 

Ингээд талийгаачийн ээж Д.Дуламсүрэнтэй 2014 оны 01 сарын 28-ны 16 цагийн орчим  ярилцсан гар утасны яриаг хүргэе.

 


Мэдээллийн эх сурвалж: massnews.mn

 

 


Нийтэлсэн: 2014-01-29 23:53:00
Видео мэдээ