Гаальд “арын хаалганыхан” биш ардын хүүхдүүд ажилд орж эхэлсэн

 

 

ГЕГ-ын Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга О.Даваасүрэн:

 

Гаальд “арын хаалганыхан” биш ардын хүүхдүүд ажилд орж эхэлсэн

 

 

-Гаалийн байгууллага шинэ удирдлагаар ажиллаж эхэлснээр ямаршуухан ажлуудыг явуулж байна вэ? Халгаа сэлгээ их л дуулдсан?

-Манай байгууллагын удирдлагын томилгоонууд бараг зэрэг явагдсан. Мэдээж анхаарал татсан асуудал бол бүтцийн өөрчлөлт байсан. Тиймээс бүтцийн өөрчлөлтүүдээ газар хороод дээрээ хийгээд ажиллаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар ГЕГ-ын сахилгын хороо 76 гаалийн улсын байцаагчид сахилгын шийтгэл ноогдуулсан байна. Үүнээс 15 улсын байцаагчийг ажлаас нь чөлөөлсөн.

-Жишээ нь ямар сахилгын зөрчилтэй гаалийн байцаагч нар байв?

-Тухайн газар нутагт ажиллаж байх хугацаанд ажлын байрандаа удаа дараа согтууруулах ундаа хэрэглээд сануулах арга хэмжээ авагдсан. Сануулах арга хэмжээтэй ажиллаж байх хугацаандаа дахин уг асуудлаа давтаад Сахилгын хороогоор орсон байдаг.

-Авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон эрхмүүд бас бий биз дээ...?

-Байгаа. Манай шинэ удирдлагууд ирээд зарласан. Бид мөнгөнөөс татгалзана шүү. Цөмөөрөө авлигаас ангид байя гэдэг зарчмыг баримталж ажилласан. Урьд нь ямар ч дарга, ажилтан шилжих болон явахад хуучин асуудлууд нь хэвээр үлддэг байсан. Энэ удаад манай шинэ удирдлагын баг таслан зогсоож чадлаа. Одоо бол иймээ тиймээ асуудал байхгүй. ГЕГ дээр тушаал шийдвэр гардаг. Тиймээс таслан зогсооход ярвигтай асуудал гараагүй. Асуудлыг шийдэхдээ олон талаас нь харж шийдвэрлэдэг. Удирдлагын зөвлөлийн хурлаар тухайн ажилтныг оруулаад энэ хэн бэ, хэдэн жил хаана ажилласан бэ, өөр газарт шилжих болсон уу гэх зарчмаар хамтын шийдвэр гаргадаг. Захиргааны ил тод байдлаар шийдэж байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бүх асуудлыг тухайн хүний нүдэн дээр нь шийдэж байгаа юм.

Хүмүүс хэлж байсан, Замын-Үүдийн гаалийг бүхэлд нь солилоо гэж. Бид өмнө нь 30 гаруй хүмүүсийг сольсон. Сая бол бүхэлд нь солилоо. Тэдэн дундаас дандаа том дарга нарын хамаатан садан, шахааны хүмүүс буйрнаасаа хөндийрсөн. Тэдний хэн нь ч үлдэхгүй шүү гэдэг утгаар бүгдийг нь шилжүүллээ. Харин оронд нь гаальд шинээр орсон залуус маань тэр чигээрээ очиж ажиллах гэж байна. Жишээ нь Гүрж улс гаалийн байгууллагаа бүхэлд нь шинэчилж чадсан байдаг. Ингэхийн тулд нийт ажилчдын тавхан хувь буюу хамгийн шилдэг гэсэн ажилчдаа авч үлдсэн. Ингээд жилийн хугацаанд гаалийн байгууллагын ажил хэсэг унасан боловч дараа жилээс нь эргээд сэргэсэн. Одоо Гүржийн гааль нэг аж ахуйн нэгжид хил дээрээ хэдхэн секунд зарцуулж байна. Гадаад худалдаа тийм мундаг болж байна гэсэн үг шүү дээ. Тэгээд жилийн дараа нөгөө үлдсэн таван хувиа шинэчилчихэж байгаа юм. Тэрэнтэй адил бид Замын-Үүдэд Гүржийн туршлагыг давтахдаа гол нь биш ерөнхийд нь шинэ хүмүүсийг тавьж ажиллуулахаар төлөвлөж байгаа. Үр дүнг нь харъя л даа.

-Шинэ хүмүүсийг ажиллуулахын тулд сонгон шалгаруулалтыг хэр шударга явуулж байна вэ. Танил тал, мөнгө төгрөггүй бол гаалийн ажилтан болж чадахгүй юм биш үү?

-Яг зөв. Таны саяын асуусан асуудлыг хүн болгон ярьдаг. Тийм зүйл байдаг болов уу гэж харддаг. Энэ удаа бид сонгон шалгаруулалт зарласан. Тухайн сонгон шалгаруулалтын үр дүн юу байв. Манай газрын дэд дарга Н.Энхцогтоор удирдуулсан баг шалгалтынхаа тестээ боловсруулаад ажиллаж эхэлсэн. Тиймээс ямарваа нэгэн танил тал, сайдын чихээс оруулж ирэхийг бид зориогүй. Яагаад гэвэл иргэд харж байгаа. Шинэчлэлийг хийвэл хийсэн шиг хийнэ гээд зоригтой алхмыг хийсэн.

Тэгээд өнгөрсөн сонгон шалгаруулалтанд 500 гаруй хүн өрсөлдсөнөөс 47 хүн үлдсэн. Тэдгээр хүмүүс манай комиссын ярилцлаганд орох байсан. Комисс маань хуралдаад үнэхээр чадвартай залуус, яг ардын хүүхдүүд ороод ирлээ гээд авсан. Тэдэн дунд нэг ширхэг ч арын хаалганы хүн ороогүй. Шалгалт үнэхээр шударга болсон, шалгалтын дараа нөгөө хүмүүсийнхээ нүдэн дээр нь дүнг танилцуулсан. Тэгэхээр ямар нэгэн ашиг сонирхол оролгүй зөвхөн чадалтай залуус орж ирж байгаа юм.

-Гэхдээ л арын хаалганы нөхдүүд мэр сэр байсан дуулдсан?

-Байсан, байсан. Амьдрал баян учраас тийм зүйл байлгүй л яахав. Би хэн нэгний нэрийг дурьдаад яахав. Ер нь бол хэн ч гэсэн ах дүүгээ болж өгвөл оруулчих гэж зүтгэнэ. Гэхдээ хүчээр албан тушаалаар сүрдүүлэн ав гэсэн зүйл огтоос гараагүй. Үнэхээр шалгалтанд тэнцсэн бол ороод ирэх бүрэн боломж байсан. Бид томилогдсоноос хойш харьцангуй гайгүй ажилласан.

-Өнөөдөр зарим гаалийн ажилтнууд үнэхээр хүнд нөхцөлд ажиллаж байна гэх яриа байгаа. Үнэхээр тийм байдаг юм уу?

-Үнэхээр байгаа юмыг байгаагаар нь ярья. Ямар ч нэмэр хачиргүйгээр ярихад манай гаалийн байгууллагын удирдлагууд саяхан Гашуун сухайт руу явж ажил байдалтай нь танилцлаа. Тухайн хяналтын бүсэд ажил явуулж буй албан байгууллага, аж ахуйн нэгжүүд амьдрах орчныг нь хангаж өгөх ёстой юм. Тэдний бүрдүүлж өгч байгаа царай нь тэр. Тэрийгээ харьцангуй орчин сайтай гээд байгаа шүү. Яг хяналтын бүс дээр эмэгтэй, эрэгтэйгээрээ ялгараад ажиллаж амьдарч байгаа. Ядаж мэдээлэл авах телевизийг нь, ус буцалгагчийг нь аваад өгчих л дөө. Тэр бүхнийг нь биелүүлж чадахгүй байж гаалийн байцаагч нар улсын амралтанд байгаа биш дээ гэх мэтээр ярьдаг.

-Танай байгууллагаас тэгээд ямар ч арга хэмжээ авдаггүй юм уу?

-Бид төлөвлөнө, төсөвлөнө, нарийн судалгаатай асуудлыг оруулна. Гэтэл боомтын захиргааны хууль батлагдаад хэрэгжээд явж байна. Гааль үндсэн үүргээ хэрэгжүүлье. Тэр аж ахуйн ажил хийхээ болчихъё. Тэгээд боомтын захиргаанаасаа тэр бүхнийг нэхээд үндсэн ажлаа хийгээд явж байя гэдэг. Тэрнээс аж ахуйн ажил руу оромгүй л байна. Гэтэл тэр бүхнийг гааль өөрөө шийдээд байгаа байхгүй юу. Ард түмний дунд гааль баян л гэлцдэг. Яг хачир дээрээ тийм биш байгаа.

Zaluu.com

 


Нийтэлсэн: 2014-01-23 19:32:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ