Б.Хишигтогтох: Аавынхаа ажлыг үргэлжлүүлэн ард түмний хүүхдэд эрдэм ном зааж байгаадаа бахархдаг

 

 

Б.Хишигтогтох: Аавынхаа ажлыг үргэлжлүүлэн ард түмний хүүхдэд эрдэм ном зааж байгаадаа бахархдаг

 

Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн тэнхмийн     ахлах багш, цагдаагийн дэд хурандаа Б.Хишигтогтохтой ярилцлаа.

 

-Та аавынхаа ажлыг үргэлжлүүлэн Хууль сахиулахын их сургуульд багшилж байгаа. Их сургуульд хэдэн оноос ажиллаж эхэлсэн талаар ярилцлагаа эхлэх үү?

-Би 1989 онд НАХЯ-ны Цэргийн дээд сургуульд /хуучнаар/ элсэж, дөрвөн жил суралцаж төгссөн. Түүнээс хойш цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад 2011 онд Дотоод хэргийн их сургуульд (хуучнаар) Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн тэнхимд багшаар томилогдон одоог хүртэл ажиллаж байна.

-Таны аав Их сургуульд нилээд хэдэн жил захирлаар ажилласан. Энэ мэргэжлийг сонгоход аавын тань нөлөө их байсан байх?

-Тэгэлгүй яах вэ. Миний аав бэлтгэл хурандаа Н.Баатаржав гэдэг хүн бий. Аав маань энэ сургуульд багш, тэнхмийн эрхлэгч, декан, дэд захирал, захирлаар олон жил ажилласан. Аавын маань аав бас хуульч хүн байсан. Би гурав дахь үеийн хуульч болон энэ мэргэжлийг залгамжилж яваадаа бахархдаг. Миний өдий зэрэгтэй ажиллаж байгаа нь миний өвөө, аав хоёртой минь салшгүй холбоотой.

-Өвөөгийнхөө талаар дурсан ярихгүй юу?

-Миний өвөө хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хуулийн байгууллагад насаараа ажилласан Ч.Найдан гэж хүн байсан. Өвөө маань хуулийн байгууллагад шүүгч, прокуророор ажиллаж байгаад тэтгэвэртээ гараад өмгөөлөгч хийж байсан. Дээд шүүхийн гишүүн, дээд шүүхийн даргын албан тушаалыг хүртэл хашиж байлаа.

-Үлгэр дууриал болсон буурлууд тань ямар зүйлийг захиж, зөвлөдөг байсан бэ?

-Аав, өвөө хоёрын маань хэлж байсан зүйл миний ажил, амьдралтай салшгүй холбоотой. Энэ хоёр маань надад хуульч хүн хүнлэг сэтгэлтэй, энэ зангаа хэзээ ч алдаж болохгүй гэж захидаг байсныг амьдралдаа байнга санаж явдаг. Өвөө маань шүүгч хүн, хүний амьдралыг шийддэг учраас хүнлэг сэтгэлтэй байх ёстой гэж ярьдаг байсан даа.

-Та бас багшлахын зэрэгцээ спортоор амжилттай хичээллэж Монгол улсын төдийгүй Их сургуулийнхаа нэрийг дэлхийд гаргаж яваа тамирчин. Пауэрлифтингийн спортоор хичээллэж эхэлсэн талаараа сонирхуулахгүй юу?

-Спорт миний амьдралтай салшгүй холбоотой. Анх цэргийн сургуульд орсноосоо хойш хүндийн өргөлтийн спортоор хичээллэж эхэлсэн. Энэ спортоор олон жил хичээллэсний үр дүнд 2013 онд Чех улсад зохиогдсон 26 орны 900 гаруй тамирчид оролцсон Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Анх улсын аварга шалгаруулах тэмцээнээс 2004 онд хүрэл медаль хүртэж байсан маань мартагдашгүй сайхан дурсамжийг үлдээжээ.  

-Спортоор хичээллэх нь амьдралын зөв хэвшил, эрүүл байхын нэг үндэс болдог. Энэ спортоор хичээллэж байгаа таны шавь нар хэр олон байна вэ?

-Ер нь залуучууд, сонсогчдодоо хандаж хэлэхэд спорт бол хүний амьдралд маш чухал. Спортоор хичээллэснээр хүн өмнөө тавьсан зорилготой, бэрхшээлийн өмнө шантаршгүй, сэтгэлийн хаттай болдог. Тэр дундаа хүчний спорт заавал өөрийн амжилтыг эвдэж, хүнд жингээ ахиулах эрмэлзэлтэй болгодог учраас залуучууд бэрхшээлийн өмнө сөхрөхгүй хатуужилтай болж хүмүүжихэд хэрэгтэй. Манай сургуульд пауэрлифтингээр хичээллэдэг шавь нар олон бий. Цагдаагийн сургуулийн хоёрдугаар курсийн сонсогч А.Бердмурат бид хоёр Чех улс руу хамт явж тэмцээнд оролцсон. Шавь маань амжилттай оролцож залуучуудын ангилалд алтан медаль хүртсэн.

-Гэр бүлийнхээ талаар танилцуулаач. Таны хүүхдүүдээс хуульч  мэргэжилтэй хүүхэд бий юу?

-Манайх хоёр хүүхэдтэй. Том охин маань хуулийн чиглэлийн мэргэжил сонгоогүй. Эцэг хүний хувьд өөрийнхөө мэргэжлийг өвлүүлэх хүсэл байлгүй яах вэ. Гэхдээ хүүхдүүд маань өөрсдийнхөө амьдралыг өөрсдөө шийдэх ёстой гэж боддог.

-Аавтайгаа хамтарч эрдмийн ажил хийж байгаа юу?

-Аав маань миний багш, байнгын зөвлөгч байдаг. Энэ сургуульд ороод би аавынхаа шавь нь болсон. Хамгийн сүүлд 2013 онд аав, бид хоёр аавын шавь нартай хамтарч Эрүүгийн эрх зүйн тусгай ангийн сурах бичгийг гаргасан. Энэ сурах бичиг аав бид хоёрын анхны хамтын бүтээл юм.

-Таны ажил, амьдралд аав тань байнгын зөвлөгч түшиг тулгуур болж байдаг болохоор та их азтай хүн юм аа?

-Би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Аавынхаа ажиллаж байсан сургуулийг төгсөж, үйл хэргийг нь үргэлжлүүлэн ард түмний хүүхдэд эрдэм ном зааж сургаж байгаадаа бахархаж явдаг.   

-Хүн эцэг, эхийнхээ ачийг хэзээ ч хариулж чаддаггүй. Аав, ээжийнхээ ачийг бага ч гэсэн хариулах юмсан гэж хүн бүр боддог. Таны хувьд...?

-Миний хувьд докторын зэргээ амжилттай хамгаалж аавынхаа ачийг бага ч гэсэн хариулах юмсан гэж хичээж явна. Энэ л миний хувьд аавдаа барьж чадах бэлэг болох болов уу гэж бодож байна.

-Удахгүй Их сургуулийн 80 жилийн ой болох гэж байна. Ойг угтаж та ямар бүтээл туурвил гаргаж байгаа вэ?

-Их сургуулийн 80 жилийн ойд зориулж манай сургуулийн багш нар олон ажил хийж байгаа. Миний хувьд гэмт хэргийн нотолгооны онол болон эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн хичээлээр гарын авлага бичихээр төлөвлөж байна. Энэ жил өмнөө тавьсан зорилго бол докторынхоо судалгааны ажлыг дуусгана. Их сургуулийнхаа 80 жилийн ойд өөрийнхөө докторын зэргээ амжилттай хамгаалчихвал өчүүхэн хувь нэмэр болох болов уу.

-Та судалгааны ажлын сэдвийнхээ талаар тодруулахгүй юу?

-Хууль сахиулах ажиллагааны явцад хууль ёсны эрхээ хэрэгжүүлэх нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болох нь сэдвээр судалгааны ажил хийж байна. Энэ сэдэв нь өнөөгийн нийгмийн харилцаагаар зохицуулагдах ёстой учраас үүнийг сонгосон. Тухайлбал долдугаар сарын 1-ний үймээний үеэр цагдаагийн байгууллагын албан хаагчид хууль ёсны эрхээ хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл Засгийн газар, Хууль зүйн яамнаас өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэсэн. Үүргээ гүйцэтгэснийхээ төлөө гэмт хэрэгт холбогдсон байх жишээтэй. Ер нь эрүүгийн хуульд зохицуулалт байхгүй учраас ийм явдал болсон. Тиймээс эрүүгийн хуульд шинээр зохицуулалт болгож оруулахаар хичээн судалгааныхаа ажлыг хийж байна.

 

 

 

 


Нийтэлсэн: 2014-03-11 18:21:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ