“Зөнбилгийн тулаан”- 6 тэмцээний дэд байрын шагналт удган Ж.Оюунчимэг

 

 

“Зөнбилгийн тулаан”- 6 тэмцээний дэд байрын шагналт удган Ж.Оюунчимэг  

 

САЙНЫ ХАЖУУГААР АЛБИН ЧӨТГӨРҮҮД ИХ БОЛЖЭЭ

 

 

“Монголын зөн билгийн академи”, ETV-ийн хамтран “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийг цувралаар олны хүртээл болгосоор багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд “Зөн билгийн академи”-ийн тэрүүлэгчид Монголын зөн билэгч, бөө нарыг нэгтгэх, чадвар хүчийг нь таниулж, олон нийтэд түгээж байгаа нь бөөгийн зан үйл хүчтэй дэлгэрч байгаа өнөө цагт олны төөрөгдлийг тайлж буй талархуушай ажлын нэг билээ. Уг нэвтрүүлгээр монголын олон зөн билэгчид чадвар чансаагаараа танигдаж, бөөгийн шашныг зөв замд хөтлөхөд томоохон хувь нэмэр оруулж байгаа гэдэгтэй хэн бүхэн санал нийлэх биз ээ. Тиймээс манай сэтгүүлийн зүгээс “Зөн билгийн академи”-тай хамтран ажиллаж нэвтрүүлгийн шилдэг бөө нарын ярилцлагыг цувралаар уншигч олондоо хүргэх болсноо энэ дашрамд дуулгахад таатай байна.

Ингээд “Зөнбилгийн тулаан”-6 тэмцээний хүчтэй өрсөлдөгч, дэд байрын шагналт удган Ж.Оюунчимэгийн яриаг эрхэм уншигчиддаа хүргэе.  

 

-Юуны өмнө тэмцээнд амжилттай оролцсонд нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе.

-Баярлалаа.

-Ярилцлагаа өөрийгөө танилцуулахаас эхлэх үү?

-Миний аав Жадамбаа нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Намнан хайрхан аав, Хутаг-Өндөр ээжийн өвөрт 9 хүүтэй айлд төрж өссөн нэгэн. Идэр залуу насандаа миний ээж Даваажавтай гэр бүл болж Улаанбаатарт ирж суурьшсан. Манай удам судрын хүмүүс одоог хүртэл Намнан хайрхан, Тээлийн голоор нутаглаж ажиллаж амьдарч байгаа. Эцэг эхээс зургуулаа, би айлын бага охин.

-Ингэхэд онгодтой гэдгээ анх яаж мэдсэн бэ?

-Аавыг минь мэнд сэрүүн байхад бэр эгчид маань нэг хүн “Танай нөхрийн талд онгод шүтээнтэй хүн байна” гэсэн гэдэг. Манай ах онгод шүтээнтэй, гэхдээ аваагүй л дээ. Аав маань тэр үед элэгний хавдар, хөлний ясны хавдраар өвчилж, их өвдсөн. Гэтэл аавд энэ тухай дуулгахаар хүлээн зөвшөөрдөггүй, бэр эгчийн маань тас загначихдаг байлаа. Ингээд аавыг өнгөрсний 7 хоног дээр нь би сүнсийг нь анх харсан. Дайвалзсан бүдэг саарал зэрэглээ, манан шиг дүрс тахилгын идээ будаа, шүүснээсээ хүртээд над руу нүдээ ирмээд зогсож байсан. Тэр шөндөө маш их цус зүүдэлж хоноод маргааш нь хүндээр түлэгдчихсэн юм. Ер нь 12 настайгаасаа эхлээд бие өвдөж, тодорхой онош гарахгүй эмнэлгээр их явдаг байлаа. Аавын сүнсийг харсанаас хойш өөрийгөө онгод шүтээнтэй гэж боддоггүй байсан ч ямар нэгэн юм мэдрэгдэж заримдаа хэлсэн, ярьсан зүйлүүд биелэх болсон. Энэ тухайгаа ээждээ хэлж, Баянхошуунд нэг ламд очиж үзүүлсэн чинь  “Танай охин чинь онгод шүтээнтэй юм байна. Авахгүй бол ахиад амины авлага харагдаад байна” гэсэн. Намайг бөөгийн онгодоо авч мэдэхгүй төөрч явахад тусласан ээж, аавын маань дүү Мягмарсүрэн ах, хань, охин, гэр бүлийнхэн ах дүү нартаа маш их баярлаж явдагаа энэ дашрамд илэрхийлье. Хүний амьдрал болсон хойно байх, байхгүй үе таарч байхад унах унаагаа хүртэл зарж, бөөгийнхөө дээл хувцасыг авч явлаа. Эдгээр үед хажууд минь түшиг тулгуур болж явсан ханьдаа бүр их баярлаж явдаг даа.

-Онгод шүтээнээ яаж авсан бэ. Та багштай юу?

-Юу, юугаа ч мэдэхгүй их төөрч будилсан. Миний чихэнд нэг хүн юм шивнээд, хаяа нүдэнд зурвас зурвас юм харагдана. Товчхондоо бөөгийн өвчнөөр өвчлөөд хэсэг хугацаанд “элий балай” болсон. Хийж байгаа үйлдлээ ч мэдэхгүй. Ингээд “Мөнхнаран ээжийн сургааль”-д  хэсэг хугацаад явж үзлээ. Тэгтэл нэг удаа амралтын өдрөөр болдог сургаальдаа суучихаад микро автобусанд суугаад буцаж явтал гэнэт зүрхээр хүчтэй өвдөөд, цонхыг нь нээсэн ч нэмэргүй бачимдаад болохоо байлаа. Тэнд сууж явсан хүмүүсээс “Намайг авраарай, эмнэлэгт хүргээд өгөөч. Би та нарын ачийг хариулна аа” гэж гуйж байснаа л бүүр түүрхэн санадаг. Нэг л мэдэхэд тэргэнцэр дээр хүмүүс түрээд, хажууд ээж маань  ирчихсэн уйлж, байсан. Сэргэж ухаан орчихоод ээждээ “Аав ирчихсэн намайг хамт явья гээд байна” гэж хэлсэн байгаа юм. Бас Хөвсгөлд байсан нөхрөө ирэхээр нь “Гэртээ харья, надад архи аваад ир” гэж нэхсэн. Охин, нөхөр хоёртоо хоол хийж өгчихөөд “Охиноо сайн хараарай” гэж баахан захиас захиж эхэлсэн. Тэгэхээр нь нөхөр маань “Охин бид хоёрыг орхиж явна гэж юу яриад байгаа юм бэ?” гэж асууж л дээ. Би тэр үед  “Тэгвэл надад хувцас бэлдээд өг, надаас хэн нэгэн хувцас нэхээд байна” гэсэн гэдэг. Үүнийг сонсоод ээж болон гэрийнхэн маань гайхаж эхэлсэн. Үүнээс урьд ч бас өөрийн мэдэлгүй далан давхараар явж, гэртээ байхдаа энд ч хүн суугаад байна, тэнд ч хүн яваад байна гэх зэргээр элий балай болоод байсан. Хувцас нэхэж чихэнд шивнээд, нүдэнд цагаан үстэй хувцас харагдаад “Ууланд очиж хэцээ дэлд. Би өөрөө өөрийгөө авна” гээд ярьдаг байсан. Би ч тэр үед нь ойлгоогүй. Ингээд энэ өмсөж байгаа бор дээлээ хийлгээд, ойр зуурын хэрэгсэл бэлдэж, хэц аваад нөхөр, найзтайгаа гурвуулаа гурван ул боов, шүүс гээд өвчүү аваад, архи тамхи бэлдээд ууланд очоод хэцээ дэлдэж эхэлсэн /инээв/.  Хүн надад хэлж заагаагүй болохоор мэдэхгүй зүйл их байсан байх. Гэртээ ирээд 7 хоног хүнээс дуулж сонссоноороо цээр авсан. Тэгээд л өвөө өөрөө ирж, хар аяндаа чадалтай болсон доо. Сүүлд нь онгод шүтээнээ аваад харьцаад эхлэхээр онгод маань дархад хүн болж таарсан. Миний хувьд онгод шүтээнийхээ заавраар угаа авсан, багш байхгүй.

-Бөөгийн эд хэрэглэлийн талаар та ямар бодолтой явдаг вэ. Хувцасаа өмсөөд хэнгэргээ дэлдсэн үедээ л улам хүчтэй болдог гэж ойлгож болох уу?

-Бөөгийн угтай хүн бүрийн эдлэл хэрэглэл өөр, өөр л дөө. Хэц хэнгэрэг, хувцас дуулаггүй байсан ч буудаг чадалтай бөө нар олон бий. Зарим хүмүүс хэц хэнгэрэггүй бол чадал муутай, “харвах” аюултай гэж боддог. Тэр онгод шүтээн өөрийнхөө улаачийг дээд тэнгэртээ бүрэн даасан байдаг учраас буруу үйл хийхгүй бол ямар ч аюулгүй. Үүнээс гадна бусдын уул овоон дээр өргөл өргөж, гуйж мөргөж онгод шүтээнээ буулгаагүйгээс харвах тохиолдол бий. Бөө хүний өмссөн хувцас, хуяг дуулга гоё сайхан байхдаа биш, гол нь чадал л байдаг юм билээ. Одоо албин чөтгөрүүд элбэгшиж, хүний зовлонгоор их наадаж байна. Үнэхээр онгод шүтээн сайтай хүн өөрөө өөрийнхөө шүтээнийг буулгаж болдог гэдгийг өөрөөсөө олж  харсан. Онгодоо авч чадахгүй байгаа бол онгод шүтээн чинь зөвшөөрвөл багш авч болно.  Ер нь онгод шүтээн л өөрийн багш болдог юм билээ.

-Албин гэж муу төрлийн сүнсийг хэлээд байна уу?

-Хүн байх үедээ удам судраа сүйрүүлж, муу үйл хийсэн сүнснүүд халуун биед орох гээд тэнэж явахад нь сайн таньж мэдэхгүйн улмаас өөрийн биедээ онгод шүтээнээр буулгачихвал одоо хийж байгаа үйл нь яаж сайн зүйл хийх вэ дээ.

-Таны онгод шүтээн ямар дом засал хийдэг вэ?

-Миний онгод шүтээн өвөө маань удмын хараал жатгын засал дом хийхдээ сайн төдийгүй бүх төрлийн засал хийдэг. Эмээ маань өвчин эмгэгийн бариа засал голдуу хийнэ. Ер нь хүний заслыг хийвэл хийсэн шиг хий, хийхгүй бол тоглоод хэрэггүй гэдэг. Таван цагаан тамалгаа, зургаан хар тамалгаа нь хоорондоо ондоо юм билээ. Энэ заслыг өвөө маань чихэнд хэлж, зан үйлийг нь зааж өгдөг.


- Таны удмын уг шүтээнийг сонирхвол. Хичнээн онгод шүтээн буулгадаг вэ?

-Өвөө, эмээ хоёр маань голлож, 10–аад хүн бууж умдаалдаг. Орох үедээ өвөөгөөр дамжуулж чихэнд хэлээд бууж ирдэг. Манай удам Хамгин удмын хүмүүс. Хамгин гэдэг нь дархад удмын хүмүүсийг хэлдэг юм билээ. Миний онгод манай хүнтэй хуучлахдаа “Хүн байхдаа Дархад нутагт төрж өссөн. Багад нь төрүүлсэн аав ээж нь өнгөрөөд, 15 нас хүрэхэд нь өргөж авсан аав ээж нь бас бурхан болж Дархад нутагтаа хатуу амьдралыг туулж, тэндээсээ гурван цаатантай Хүрээ хийд гараагүй цагт Намнан хайрханы хойдхон ард урц барьж хангайн хишгээр амьдарч, тэндээ гэр бүлтэй болж суурьшсан” гэдэг. “Хүн байх насандаа хэдий ядуу зүдүү амьдарч амьдралын хатуу хөтүүг туулсан, ч хангай дэлхийгээ хилэгнүүлж,  муу үйл хийж яваагүй. Хэцүү амьдралыг туулсан болохоор үр удамдаа сайн үйлийг хийж, амьдралыг нь тэтгэн дээшлүүлэх гэж ирсэн. Хүнд муу үйл хийхгүй, худлаа ярьж болохгүй. Овоо, дов бүхэн дээр эзэн бүхэн суудаг, уулын толгой дээр өргөл гуйлга хийхгүй хэнгэрэг хэц нүдээд намайг оруулах гээд байв. Тэгвэл чи газар дээрээ үхнэ шүү! Даваа болгон эзэнтэй, дов болгон үндэстэй, жалга болгон гүйдэлтэй байдаг” гэж захидаг. Уул овоо босгох дургүй. “Улаач нар, нас дээр гарсан цагт үр удамдаа тахиж шүтэх байгаль дэлхий хөндөлгүйгээр урц босго. Босгохдоо модоо хэдэн өдрөөр гуйж өөрөө авна. Албин чөтгөрийн гүйдэлтэй, яс нь газарт байгаа бол 1000 бөө ирээд ч дарж чадахгүй. Өвөө нь чадах үйлээ чадна. Чадахгүй үйлээ хийхгүй. Онгод шүтээнтэй гээд хүнд битгий бард. Арван хуруугаараа амьдрал ахуйгаа дээшлүүл. Бид чамд юм өгөхгүй, бие сэтгэлээрээ бүтээ” гэдэг.

-Ямар үйлийг хийхдээ хамгийн дургүй, бас цээрлэдэг вэ?

-Одоо цагт хүний мөс муудаж, хүн хүнээрээ наадах их болжээ. Төрсөн ээждээ хүртэл хараал хийгэх гэж ирсэн хүн бий. Гэтэл манай өвөө “удам судраа муутгахгүй, угийн чанараа сэвтээхгүй” гээд шууд хөөж гаргаж байсан. Харин хараал жатга хүрсэн, хэдэн үеэрээ өөдлөхгүй байгаа айлд засал дом хийх дуртай. Хараал хариулна гэдэг тийм ч амархан үйл биш шүү дээ. Зарим бөө нар дутуу дулимаг хийснээс болж засах биш бүр дордуулдаг. Эргээд муу үйл нь хар толгой дээр нь бууж хамаг амьдрал нь талаар болно. Үйл заншлын дагуу зөв сайхан хариулга хийж лус савдагийн хорлолыг дарахдаа заавал хангай дэлхийтэйгээ харьцаж, хээр гадаа хийнэ. Манай өвөөгийн хийсэн үйл их л байгаа. Хараагүй хүн нүд орсон. Олон жил нүүрэнд нь гарсан шарх оргүй арилсан гэх мэтчилэн. Хүмүүс өнөөдөр үйлээ хийлгэчихээд маргааш сайхан болчих юм шиг бодоод байдаг. Удам судрын хараалын хариулга гэхэд л яваандаа засарч дээшилнэ үү гэхээс шууд маргааш нь арилахгүй шүү дээ. Зарим нь ч бас заслын өргөлөө гэртээ хариад буруу хийснээс болоод засагдахгүй ч зүйл гарна. Иймд засал дом хийж байгаа нь ч, хийлгэж байгаа нь ч үнэн сүсгээр хандах хэрэгтэй. 

-Сүүлийн үед бөөгийн зан үйл дэлгэрэхийн хэрээр саар зүйл ч их сонсогдох боллоо. Энэ тал дээр ямар бодолтой явдаг талаарх бодлоо хуваалцахгүй юу?

-Тиймээ. Бөөгийн ёс заншлыг дутуу дулимаг судалж, чадал муутайгаас болоод сүүлийн үед бөө нар хувцас хэрэглэлээс гадна шавь нараараа их өрсөлддөг болж дээ. Мөн ах дүү байлаа гэхэд ядуу дорой амьдралтайд нь бөөгийн онгод буух гээд байхад баян тансаг амьдралтай хүнийнх нь сахиусыг буулгаж байна. Нэгэнт тэр хүнд байхгүй онгодыг албан хүчээр буулгахаар нөгөөх  тэнэж явсан албин чөтгөрүүд ирнэ. Тэгээд л би 100 шавьтай гэж хөөрцөглөх. Түүний хүмүүс сайн гэж эндүүрэх. Үнэндээ тэр 100 шавийн хэд нь албин чөтгөр байгаад, хичнээн муу үйл хийх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Онгод хүлээж авах гэж байгаа хүмүүс ч өөрсдөө судалгаагаа сайн хийж, өөрт ирсэн шүтээнээ сонс, өөрийнхөө зөн совинд итгэ. Хүний үгээр орж буруу, дутуу онгод авснаас болоод албин чөтгөртэй нийлж эргээд өөрөө өөрийнхөө удам сударт муу нөлөө үзүүлээд байна. Онгод сахиусын улаач чинь сайн үйлийг дэлгэрүүлэх гэж, зам нь хазайсан хүний замыг тэгштгэх гэж л ирсэн шүү дээ.

- Нөхөр тань бас “Зөн билгийн тулаан”-6 д оролцож шилдэг 14-т үлдэж байсан. Гэр бүлийн хоёр хүн онгод шүтээнтэй байх тохиолдол ховор байдаг шүү дээ. Та хоёрын онгод хоорондоо ямар нэг сэжмээр холбоотой юу?

-Манай гэр бүлийн хүнийг Доржбалжирийн Ганбаатар гэдэг. Бидний хувьд энэ тэмцээнд гэр бүлийн хүмүүс оролцсон гэдэг утгаараа их онцлог байлаа. 128 өрсөлдөгчөөс шилэг 14-т шалгарч үлдсэн. Одоо дараагийн тэмцээнд дахин оролцоно. Бид хоёр онгод шүтээнээ авахаасаа өмнө гэр бүл болсон. Намайг эхэлж онгодоо авсны дараа өвөө маань манай хүнийг “Онгод шүтээнтэй, миний дахин уулзах ерөөл тавьсан анд нөхөр минь бууж ирэх учиртай. Ингэж бид хоёр сайн үйлийг үр удамдаа хийнэ” гэж хэлсэн. Тэгээд манай хүнд өвөө маань өөрөө онгод шүтээнээ буулгаж өгсөн. Манай хоёр өвөө анх уулзахдаа хоёулаа аймаар их уйлж дархад хэлээр юу нь ойлгогдохгүй хэдэн цагаар хуучилсан гэдэг. Одоо ч хоёул зэрэг буухаараа яриад салдаггүй. Ямар сайндаа охин маань заримдаа” Хоёр өвөө байн байн тэврэлдээд яриад салахгүй юмаа” гээд залхчихсан сууж байдаг /инээв/. Энэ цагт тэртээ хэдэн үеийн өмнөх анд нөхөд бие биетэйгээ уулзаад, хийж гүйцээгээгүй үйлээ одоо хийж байгаад бахрахмаар ч юм шиг санагддаг. Хоёр өвөө маань зэрэг буухаараа маш хүчтэй болдог. Нэг гэрт хоёр андын онгод шүтээн буусан учраас манай хүн бид хоёр их сайхан таарамжтай байдаг. Нэгийг нь хэд хоног буулгахгүй бол “Андыг минь буулга, анд минь хаачив” гэх зэргээр хоёр биенээ их санагалздаг. Өвөө нар маань төрж өссөн Дархадын хотгортоо цаг нь болохоор очиж, чадал авна гэж ярьдаг. Эх нутаг, их Цаатнаа санагалздаг юм билээ.

-“Зөн билгийн тулаан”-6 тэмцээнд олон хүнээс хүч чадвараараа илүүрхэж тодорч гарлаа. Энэ нэвтүүлгийн хамгийн хэцүү даалгавар нь юу байв. Нэвтрүүлэгт орсноор танд ямар өөрчлөлт гарсан бэ?

-Өнөөгийн нийгэмд чадалтай хирнээ олонд танигдаагүй бөө нар бас албин чөтгөрүүд ч их бий. Энэ нэвтрүүлэгт өрсөлдсөн 128 хүнийг шалгаруулах явцдаа даалгавар өгч шалгаж, өмнө нь шилдэг болсон оролцогчдоосоо зөн билэгтэй, албин бус эсэхийг нь харуулж оруулдаг. Ийм олон шалгуурыг давж орж ирсэн хүн өөрийнхөө хүч чадлыг сорьж, зөв буруугаа ялгаж сурч байна. Тиймээс “Зөн билгийн академи”-ийн нээлттэй явуулж байгаа нэвтрүүлэг олонд тустай, бөөгийн шашинд ч нэмэртэй болж байгаад талархаж байна. Нэвтрүүлгийн хугацаанд зарим үед урьд өдөр нь үйл хийсэндээ болоод хаалт орж ирэх, лус савдгийн газраас татаад, харсанаасаа зөрүү хэлэх үе гарсан. Ер нь онгод шүтээнээ шалгая гэж ороогүй. Өөрийгөө хэр мэдрэмжтэй байна вэ гэдгийг олонтой өрсөлдөж шалгаж сорилоо. Ингээд 2-р байрт шалгарсандаа баяртай байна.

-Сонирхолтой ярилцлага өгсөнд тань баярлалаа. Таны буяны мөр цагаан байх болтугай.

 

“ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦ” СЭТГҮҮЛ



 


Нийтэлсэн: 2014-03-20 12:58:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ