“Зөнбилгийн тулаан-6” тэмцээний тэргүүн байрын шагналт, шилдэг зөнбилэгч Гончигсүрэнгийн Намчин-Иш:

“Зөнбилгийн тулаан-6” тэмцээний тэргүүн байрын шагналт, шилдэг зөнбилэгч Гончигсүрэнгийн  Намчин-Иш:


Миний онгод, эрдэм чадлын хүч, өвчтэй хүнийг хөл дээрээ босохыг хараад омогшдог


Зөнбилгийн тулаан-6” тэмцээний тэргүүн байрын шагналт, шилдэг зөнбилэгч Г.Намчин-Иштэй ярилцсан юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.


-“Зөн билгийн тулаан-6” тэмцээнд тэргүүн байр эзэлсэнд тань баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахаас ярилцлагаа эхлэх үү?

-Юуны өмнө цагийн аяс зөөлөрч, хөхүүрийн ам наашилж, хүн бүрийн сэтгэлд баяр баясал авчирдаг урин дулаан цаг ирж байгаа энэ үед тэнгэр заяат Монголчууддаа сайн сайхныг хүсэн мэндчилье. Сүмбэр уул луугаа адил амьдралыг бүтээж, Сүүн далай лугаа адил сайн сайхан бүхнийг хүн арддаа түгээж явахыг уриалъя. Намайг Гончигсүрэнгийн Намчин-Иш гэдэг. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумаас гаралтай. 2013-2014 онд болсон Монголын шилдэг зөн билэгчдийг шалгаруулах тэмцээнд оролцож 417 хүний саналаар тэргүүн байр эзэлсэндээ сэтгэл өндөр, баяртай байна.

-Мэдрэмж, зөнбилгээр өмнө, одоо, ирээдүйн талаар харж, бөөгийн шашин ч хүчтэй дэлгэрч байгаа цаг дор зөнбилэгч, бөө нараас чадвар чансаагаараа шалгарсан хүний хувьд зөнбилэг, мэдрэмжийнхээ талаар ярихгүй юу?

-Би Хөвсөл аймгийн Шинэ-Идэр суманд төрж өссөн болохоор шашин, тэр дундаа бөөгийн шашины талаар хар багаасаа мэдэх ч өөрийгөө бөөгийн амьдралаар амьдарна гэж төсөөлөөгүй явлаа. Өмнө нь энэ талаар судалж үзээгүй ч манай өвөг дээдэс, миний угсааны язгуур гарвал бөөгийн удамтай байсан гэдэг түүхэн баримт бий. Миний хувьд 2009 онд бөөгийн онгодоо авсан. Урьд нь бөөгийн талаар мэдэхгүй, 10 гаруй жил бөөгийн амьдралаар амьдарч ирлээ. Манай өвөг эцэг Гэндэн бөө гэж Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Их хэсгийн залгаат гэж сайхан энергитэй, бөөгийн онгод тэнгэртэй хүн байсан. Ээжийн минь талаас Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Цагаан шүхэрт гэж том лам хүн байсан юм билээ. Энэ хүмүүсийн “ген”-шил, өв соёл, тэдний үлдээсэн хүч чадлыг улир балар болгохгүй төр, түмэндээ хүргэх юмсан гэсэн чин хүсэл, дээдсийн минь буян заяа намайг ивээж төр, түмнийхээ өмнө нэр хүнд, алдар гавьяаг зүүлээ гэж хүндэтгэж явна. Энэ бол миний хүч биш, нийт Монголын ард түмний намайг дэмжсэн сэтгэлийн хүч юм гэж ойлгодог.

-Анх ямар шалтгаанаар бөөгийн уг авах болж, холбогдсон бэ?

-Бөөтэй холбогдох болсон түүх нь эх, эцгээс заяасан бие цогцос маань ямар нэгэн энергийн ч юмуу байгаль дэлхий, сав шимийнхээ сүлжээнээс гарч бие өвдөх шалтгаанаар илэрсэн. Хүн байж амьдрахын эрхэнд лам, бөөд хандаж, түүний улбаагаар бөөгийн амьдралтай холбогдсон. Бөөгийн замналд оруулж өгсөн олон сайхан багш нар бий ч одоо тэдэнтэйгээ лав харьцаа байхгүй. Бөөгийн шашины хувьд харьцаагүй болсон хэрэг биш, хувь хүмүүсийнх нь хувьд алдаа байна уу хэмээн шүүн тунгаагаад, хувь заяагаа хэн нэгнээр хөтлүүлэхээ больж өөрөө өөрийнхөө замаар явж байна. Би өөрийгөө өвдөж шанална гэж бодож байгаагүй. Эв эрүүл, сав саруул биетэй хүн байсан. Одоо хүртэл бие өвдөж л байна. Ер нь бол бие өвдвөл бөө болдог гэсэн ойлголт байхгүй. Харин хүн гээгээрлийг л олох хэрэгтэй. Бөөгийн өвчин буюу бариа гэдгийг миний хувьд үгүйсгэдэг. Хэдэн зууны өмнө өнгөрч өөд болсон,  тухайн үед алтан савыг нь нээгээд засал номыг нь хийж, арилжиж алга болсон сүнсийг “ над дээр ирж байна” гэж ойлгох нь хүний нийгмийн хувьд маш том жүжиг төдийгүй алдаа юм. Шарын шашинд “одоо байхгүй боллоо, дараа төрөл рүүгээ явлаа” гэдэг ойлголт өгдөг бол бөө нар нь “үгүй, амьд байна” гэж итгүүлдэг нь нүдэн дээр илт болж байгаа том алдаа.    

-Таны хувьд ийм асуудал дээр нэлээд шүүмжлэлтэй ханддаг бололтой. Тэгэхээр нэгэнт ам нээснийх шарын болоод бөөгийн шашны талаар ямар бодолтой явдаг вэ?

-Би бөөгийн болон шарын шашны аль алинд нь үгүйсгэл хийдэггүй. Харин авч явж байгаа хүмүүс нь чин шударга, үнэн зөв байгаасай гэж боддог. Шашинд өөрт нь буруу байхгүй. Хэн нэгэн бөө буруу, лам буруу гэж аливаа шашинг үгүйсгэдэг. Шашин гэдэг түүх соёл, өв заншил шүү дээ. Тийм учраас хэн ч байсан үгүйсгэх ёсгүй. Ер нь хүний сэтгэлд хоёр бодол байх дэмий гэдгийг Монголчууд “Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно” гэсэн хэлцээр илэрхийлсэн байдаг шүү дээ. Тиймээс төрт ёсонд олон шашин байх тийм ч таатай зүйл биш, аль нэг нь давамгай байх нь зөв гэж ойлгодог. Би бөөгийн шашныг мянга мянган жилээр оршиж, тэр байтугай хүнийг үүсэхээс өмнө байсан гэж үздэг. Миний хувьд бөө нь тэнгэр шүтлэг буюу сав шим ертөнцтэй харьцах Монголчуудад үлдээсэн хүн өөрийгөө судлах гүн ухаан юм гэж бодож явдаг. Ямар нэгэн далдын хүчээр гэгээрдэг гэж ойлгож болохгүй юм байна гэж тунгаасан. Нэлээдгүй олон бөөгийн тамлага дээр судалгаа хийж үзсэн. “Өндөр эцэг минь хүрээд ирээч, Өндөр эх минь хүрээд ирээч, Өвөг дээдэс минь ирээч, уучлаач, Уул хайрхад минь өршөө, соёрхолоо үлдээ, болгоо” гэсэн тамлаганууд зөндөө байдаг. Би хэн нэгний үлдээсэн түүхэн соёлыг мөнхөлж, харин өөрийнхөө бүтээсэн соёлыг шинээр бий болгож, энэ даяарчлагдаж байгаа нийгэмд хүний оюун санаад таарсан үйлчилгээ, санааг бий болгоё гэж хүсдэг. Шинээр зохиогоод, хүчээр тулгаж байгаа хэрэг биш. Одоо бид чинь 1921 оны иргэд биш. Соёлт нийгмийн соёлт хүмүүс учраас юмыг үнэн зөвөөр олгох учиртай.

-Тэгвэл  бөөгийн онгод гэж юуг хэлэх вэ?

- Би Огших сэтгэлийн минь үндэс

        Онгод болон хувирна гэж бодож, итгэдэг. Монгол хүн өөрөөрөө бахархахыг онгод гэж ойлгодог. Би Хятад, Герман, Франц хүмүүсийн дэргэд дэлхийн талыг эзэлсэн удам судраараа, өндөр уулын оройд төрсөн заяандаа, шавхагдашгүй далай тэнгисийн хөвөөнд төрсөндөө бахархдаг. Миний бахархал бол омогшил. Омогшил бол онгод тэнгэр минь юм. Сайхан шүлгийн бичээд үргэлжлэлийг нь муухай бичихгүйн тулд найрагч хүн яаж зүдэрч, оюунаа яаж шавхдаг билээ. Тийм ч учраас би түмэн олныхоо тусын тулд өөрийнхөө оюун бодлыг шавхаж, байгалийг ухах ухаан, хүнийг ухах ухаан, хүнийг ойлгох ухаанд сойхыг онгодоо гэж ойлгодог. Би тухайн үед оюун бодол, эрдэм чадлаараа тусалсан өвчтэй, зовлонтой хүнээ буцаад хөл дээрээ босч ирэхэд нь төр түмэнтэйгээ, төрсөн хүүхдүүдтэйгээ халуун дулаан байхыг хараад омогших нь миний онгод юм. Үүнийг л онгод гэж ойлгодог. Ямар нэг хий үзэгдэл, сүнс байна гэж боддоггүй. Бусад бөөгийн хувьд үгүйсгэж болох болов ч миний хувь ойлголт маань энэ. Гэхдээ би сүнс гэдэг зүйл байгаад  итгэдэг, байгаа ч гэж боддог, байгаа нь ч мэдэрдэг. Харин сүнсийг бөөгийн эрдэм чадлыг сурсны дараа эцэг өвгөдийн орчлон дээр амьдрах хугацаа нь дууссан хүмүүсийг дуудаж ирээд эцэг, эх нь үр хүүхэд ах дүү нартай нь уулзуулж, түүнд хүмүүс ч сүсэглэж болно. Харин тэр дууддаг эрдмийг нь сайн сураасай гэж бодож явдаг.

-Таны хувьд ямар засал домыг сайн хийдэг вэ. Бусад бөө нартай ярилцаж байхад аль нэг үйлийг хийхдээ илүү давамгай гэж ярьдаг л даа?

-Айлын өвдсөн хүүхдийг босгоод ирж чадна, архинд орсон хүнийг архинаас гаргаж чадна, авгай хүүхдийг эргүүлж чадна, ад муу зэтгэрийн дарж чадна гэж хэлж чадахгүй. Би бол сулын сул, доройгийн дорой нэгэн. Харин байгал бол хүчний дээд юм. Би харин байгаль, хөх тэнгэртэйгээ уялдаа холбоотой байснаар хамгийн хүчирхэг нэгэн болж хувирах боломжтой. Тиймээс хүн хичээж, сурвал бүх тал дээр боломж бийг хардаг. Бүх талыг сурсан гэж харах юм бол бүх тал чамд хаалттай харагдана. Сэтгэл ханалт гэж хүнд байх хэрэггүй зүйл. Хүүхэд эдгээчихсэн болохоор “мундаг” гэж ерөөсөө ханаж болохгүй. Хүн байнга сурч, өөрийгөө сойж байх хэрэгтэй. Тиймээс би аль аль талыг нь сурчих юмсан, тэрийгээ төгс байлгахсан гэж хичээдэг. Би лам болоод бөө хүнийг хүндэлдэг. Гэхдээ тэд хамгийн гол нь үйлчилгээгээ зөв хүргээсэй л гэж хүсдэг. Ар Монголын аавын хүүхдүүд арал бяр, ухаан санаа, бие цогцос бүхнээрээ жигд байх ёстой. Гэтэл өнөөгийн Монгол залуус энэ бүхнээ арай өөр зүйлд ашигладаг болжээ. Юмны үнэ цэнэ биш мөнгө төгрөгний араас, үерхэл нөхөрлөл биш хардалт сэрдэлтийн араас өөрийн оюун ухаанаа зардаг болсон юм болов уу. Тэрийг нь өөгшүүлэгч нар олон болж. Лам бөө дээр очиж хараал жатга хийлгэхээс эхлээд хар муу санаа өвөрлөгчид, үзэн ядагчид дүүрчээ. Энэ бүхэн нэг талдаа нийгмийн их муухай хөшүүрэг юм даа. Хүн хүндээ итгэхгүй байх нь улс үндэстэн мөхөхийн дохио ч юм бил үү, цаг зуурынх л байгаасай. Бөө, лам ялгаагүй ямар нэгэн ид шидийг хэрэглэх гэж байгаа бол төгс хэрэглэ, эс чадвал бүү хэрэглэ. Тийм ч учраас би бөөгийн дохио, онгодын дохио, ламын номын шидийг гаргахгүй байхыг хичээдэг. Тэр бүхэн намайг дагаад явах учраас би дутуу дулимаг хийх вий гэхээс эмээж, “алдсан ч, оносон ч өөрийнхөө оюун ухаан, мэдэрхүйд итгэе дээ” гэж өөрийнхөө шийдвэрийг гаргасан юм шүү.

-Бөөгийн эрдэм чадал гэж юуг хэлэх вэ?

-Бөөгийн чадал гэж тухайн бөөгийн эрчим хүчнээс шалгаалж байгаа хэрэг болов уу. Зарим хүмүүс босоо тэнхлэгтэй эрчим хүчтэй байхад зарим нь хэвтээ тэнхлэгтэй эрчим хүчтэй байдаг. Гал бол босоогийн билэгдэл. Ус бол хөндлөнгийн билэгдэл. Ус хэзээ ч босоо байдаггүй. Дээшээ оргилж байгаа ус хичнээн хүчээр шахсан ч буцаад л унаж байхыг бид мэднэ. Галыг хичнээн доошоо чихсэн ч буцаад л дээшээ дүрэлздэгийг мэднэ. Доошоо дээшээ хоёрын нэгдэл гэж энэ. Яг үүнтэй адил хүн дотроо ямар бодолтой байна түүгээрээ  онгод, оюун билгээ удирддаг. Ямар ч хүний сул тал бол айх. Сэтгэл муутан байлаа гэхэд тэр хүчийг сурсан эрдмээ хүнийг айлгах, дарамтлах дээр ашиглана. Хүний сүсэг бишрэлийг авч болдоггүй маш хэцүү зүйл учраас хүмүүс айсандаа  түүгээр оролддоггүй.

Төрийн болоод түмэн олны, төрсөн биенийхээ хүч чадлыг гаргая гэж бодож байгаа бол судалгаа маш их хийх хэрэгтэй. Баглаа удган, Далан хоёр удган, Цээлээ удган нарын удгадууд, Давааням зайран, Нямдаваа зайран, Цэрэн зайран, Бор зайран, Цагаан зайран гээд том том зайрангууд байлаа. Энэ хүмүүс бид бүхний бахархал бөгөөд эмээ, өвөөгөө дуудаж ирүүлээд элдэв шалдав болж төр түмнийг төөрөгдүүлж байгаагүй. Харин бие болоод оюун ухаандаа байгаа хүч чадлаа хувиарлан, ашиглаж, зөв хүргэж байснаараа алдаршсан болохоос биш олон бөө босгож онгод тэнгэрийг хилэгнүүлж байгаагүй. Ер нь би 100 шавьтай бөө гэж сонсоогүй. Харин 100 бишрэгчтэй бөө байж болно. Хүчээр авсан хүний 100 оюун ухаанаас хүслээрээ ирсэн хүний 100 оюун ухаан шиг хүчтэй зүйл байхгүй. Тиймээс хүний оюун ухаанд хандана гэдэг маш том авьяас бөгөөд итгэл юм.

-Мөнх тэнгэрийн шашны учир гэж юу байдаг юм болоо?

-99 тэнгэрийн ойлголт бөөгийн шашинд л байдаг болохоос бусад шашинд байдаггүй. Хүн 100 төрлийн авьяас, авиртай бол бурхан юмуу эсвэл буг чөтгөр болж хувирах нигуур байдаг. Хүн төгс байх шаардлагагүй. Байгал дэлхий хүнийг 99 авьяастай бүтээжээ гэж бодоход 100 дахь төрлийнхөө авьяасыг олохын тулд бид эрэл хайгуул хийж зарим нь эрдэм номын мөр хөөж, зарим нь бөөгийн мөр хөөж амьдардаг. Хүнийг судлах ухааныг бөө гэж би ойлгодог. Цагааны 44 тэнгэр, харын 55 тэнгэр буюу 99 тэнгэр үзэл гэж байдаг. Аав ээж минь арга билгээр холбогдож биднийг бүтээж. Ээжийн талаас 44 ширхэг хромсом, аавын талаас 55 ширхэг хоромсом буюу ген ээжийн биед орж шингэн эр эм хоромсом нэгдэн нийлээд бид үүслээ гэж бодоход ээжээс дамжиж ирсэн тэр 44 ширхэг хоромсом бидний бүх цул эрхтнийг бүрдүүлдэг гэж бодьё. Гэтэл бид орчлонгоос явахын цагтаа бараг 90 хувь нь элэг, зүрх, бөөр зэрэг цуллаг эрхтнээрээ давамгайлж өөд болдог. Яс нь хугараад өөд болжээ гэж дуулаагүй. Гэтэл ээжийн талаас ирж байгаа ген биднийг хорлоод байгаа учраас хоролж байгаа зүйлийг бид хараар сэтгэдэг шүү дээ. Үүнийг би хар тэнгэр буюу бидэнд нөлөөлж байгаа хар үзэгдэл гэж ойлгодог. Тэгвэл аавын талаас тэтгэгдэж ирсэн 55 тэнгэр буюу ясан цагаан зүйл нь биднийг босоо байлгаж байгаа эрхтэнүүд. Бид ясгүй бол буцаад л унаад ирэх улцайсан мах болон хувирна. Биднийг босоо байлгах гээд зүтгээд байгаа болохоор аавын талын 55 тэтгэгч юм. Эдгээрийг нийлүүлээд ген гэж би ойлгодог. Энэ ген бидний орчлон дээр бий болгож бүтээж байгаа биет. Биет байхгүй бол бид орчлон дээрх зүгээр л нэг оюун санаа буюу хий үзэгдэл болон хувирна. Тиймээс өөрийгөө судлах ухааныг тэнгэр үзэл гэх буюу тэнгэрлиг санаатай байхыг тэнгэр үзэл гэнэ. Эзэн Чингис хаан маань Мөнх хөх тэнгэртээ сүсэглэн биширч өөрөө өөрийгөө танин мэдэж ирсэн. Түүнийг бид ариун байлгах учиртай. Хүн оюун санааны чадалтай байгаад хичнээн том хөлөг бүтээгээд огторгуйн хязгаарт хүрч чадна. Тэгвэл хэдий их номтой байгаад өөрийнхөө оюун санааны гүнд хүрч чадахгүй. Бодлын цаана бодол байдаг бол нарны цаана нар бий гэж би итгэдэг. Тиймээс хязгаагүй орон зайд амьдарч байгаа учраас хязгааргүй орон зайгаар оюун санаагаа аялуулах дуртай. Мөнх тэнгэр гэдэг агуу нэгэн зүйл. Харин мөнх тэнгэрийн үр сад бид түүнээс суралцах ёстой мөнх тэнгэр биднээс урьд байсан, биднээс хойш байх юм байна гэж шүтэж явдаг даа.

-Та бөөгийн шашины талаар олон судалгаа хийжээ. Бөөгийн ёсонд хэц хэнгэрэг, хууртай байх нь ямар учиртай юм бэ?

-Хуурыг шинжлэх ухааны талаас дээд мэдрэлийн системд доргио өгч хүний оюун ухаанд цацалт хүргэдэг гэж үздэг. Цацалт нь оюун ухааныг чичирхийлэлтэд оруулж тархины боргоцой булчирхайг сэрснээр илүү сэтгэлгээ гаргаж, их юм бодохыг явган бөөлөхдөө хуурын хэрэгсэлээр дамжуулж сэргээж байгаа юм. Тэгвэл босож бөөлөхдөө хэнгэрэг хэрэглэнэ. Хэнгэрэг гэдэг нь гэс, хэс гэсэн утгатай үг. Хэнгэрэгэнд маш олон төрлийн чанарууд бий. Шөрмөс, судас, толио, живүүр, амь зүрх гээд маш олон төрлйин утга агуулсан байдаг. Хэрэв бөө болоогүй бол хууртайгаа аюулгүй байдалтай бай гэсэн үг. Нэг ёсондоо адуун дотроос азрагаа барьж унах, даагаа барьж унаад явах хоёрын хооронд ямар ялгаа байх вэ гэдэгтэй утга нэг. Хуураар бөөлснөөр ямар их зүйлийг бүтээж болох вэ, босож бөөлснөөр буюу төгс бөө болсноор түүнээс ихийг бүтээнэ гэсэн үг. Хэнгэрэг барьснаар удган, зайран болсныгоо гэрчилж байгаа хэрэг. Хэнгэрэгээ хүндэл. Хэнгэрэг, тэнгэр хоёр чинь нэг утга санаатай юм шүү дээ.

-Уул бүр эзэн савдагтай гэж ярьдаг. Гэтэл даваа бүрийн орой дээр овоо байдаг. Тахилгын талаар та юу хэлэх вэ?

-Хүн амьдынхаа хугацаанд хүчийг эзэмшиж болно. Ой модыг өвөрмонгол, ордосууд тэнгэрт хүргэх шат юм гэж дээдэлдэг юм билээ. Одоо уул бүрийн оройд шахуу овоо босгож хүндэтгэл үзүүлэхийн оронд хэн дуртай нь архины шил, хутгарсан таягаа шидэж, зам зуур явахдаа бууж морь хараад мордож байгаа нь овоо биш “овоолго” болгож хувиргаад үнэгүйдүүллээ. Нэг ёсоноо сүсэг бишрэл, ариун чанараа алдаж эхэллээ. Миний хувьд овоог тэнгэрт гарах шат  гэж үздэг. Олон жижиг “овоолго” байснаас нэг сүрлэг овоо байсан нь дээр. Тэрэндээ сүсэглэгч нар олон байх ёстой болов уу. Түүнээс хүн бүр нэг овоо босгоод жил бүр тахих нь олон газрын  лус савдагийг сэрээж олон санаатай болгож, газар газрын олон санаатай лус савдагийн нөлөөлөл нь эргээд бидэндээ ган, зуд байгалийн гай гамшиг болж байна. Савдагийн хүчийг олон хуваах хэрэггүй. Би уулыг сав юм, усын шим юм гэж боддог. Монголын ард түмэн, язгуур дээдэс үүнийг нийлүүлээд сав шим гэж нэрлэсэн юм болов уу. Саванд нь амьдарч, шимэнд нь тэтгэгдэж байгаа бид зөв л байх ёстой. Аавынхаа толгой дээрх үсээр оролдохоос цээрлэдэг бол уулын орой дээрх  сүр манлайгаа оролдох хэрэггүй. Овоо босгохдоо тэр уулын сүрийг бадруулах гэж босгодог болохоос сүнсийг нь зайлуулах гэж оролддоггүй. Бидний өнөө маргаашийн тахилга шүтдэгтээ биш, удам судар, цусаар дамжих учраас мянга мянган усны ундрага болсон  тэнгэрийн шатыг битгий сэвтээгээсэй гэж хүсэх байна.

-Та бөөгийн ёс зүйн талаар ямар бодолтой явдаг вэ. Учир мэддэг хүмүүс энэ тал дээр хэлж яримаар л зүйл шиг санагддаг?

-Бөө хүн гэдэг эхлээд бөө гэдэг үгийнхээ утгыг мэдэж байх хэрэгтэй. Түүхэн соёл,бөөгийн нэр нэршлийн утга, хэнгэрэгнийхээ учрыг мэдэхгүй байгаа зарим хүмүүст миний оюун санаа ухаан бодол маш их харамсч явдаг. Миний Монголд ухаан санаа самуурсан, ууж идэх нь дэндсэн бөө нар хэрэггүй. Эрүүл сэтгэлгээтэй, эрүүл иргэн л хэрэгтэй. Улс орноо хөгжүүлье гэвэл ухаан санаагаа цэгцтэй байлгах нь зөв юм. Амьдрал, аз жаргалдаа зарцуулах хугацаагаа чадал муутай бөөгийн амьдралд бүү зарцуулаасай гэж боддог. Хэрэв нэгэнт бөөгийн амьдралд гараа оруулж, хөлөө дүрсэн л бол үүнийг төгс эзэмших ёстой. Эс чадвал үйлийн үр тань ямар нэгэн байдлаар эргээд төлөгдөх болно шүү дээ. Монголчуудад түрүүн гарсан нь хожуугаа иддэг айхтар зан чанар бий. Эхэнд гарсан бөө нь хожуугаа хөхиүлэн дэмжиж, хоосон хий зүйлд итгүүлдэг. Чи мундаг байна, бараг тэнгэрт төрсөн хүн байна гэж итгүүлснээр тэр хүнийг явцуур юманд уруу татаж амьдралаас нь гажуудуулах болж. Тэгээд ямар нэгэн явцуу лам, бөө болсны  дараа миний мэдэх асуудал биш тэнгэр мэдэх хэрэг гэж хамаг буруугаа тэнгэрт чихэж  Монголын түүх соёл, ард түмний сүсэг бишрэл, тухайн хүний хувь тавиланг маш хариуцлагагүй, хэрцгийгээр үгүй хийж байна. Энэ ёс зүйгүй увиагүй үйлдлээ болимоор юм. Хэрэв багш л бол багш гэдгээ нотлох хэрэгтэй. Нэг хүнийг бөө болголоо гэхэд тэр хүний ард ураг угсааны 100 хүн байгаа гэдгийг бод. Хэрэв ураг угсааны хувь тавилангаар тогловол нэг хүний алдаа биш 100 хүний гаслан ирнэ. Тиймээс энэ олон хүний амьдралын хэлбэлзлийн үйл эргээд чамд үйлийн үр болж бууна гэдгийг ухаарч сэнхрээсэй гэж бодож явдаг даа.

-“Зөнбилгийн тулаан-6” тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байр эзэллээ. Энэ тэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөгч нь хэн байсан бэ? Өөрийгөө сорьж үзэхэд ямар байв?

-2013-2014 оны “Зөнбилгийн тулаан-6” тэмцээнд өөрийн бие болоод оюун санаандаа итгэж орлоо. Түүнийхээ хүчээр өндөр амжилт гаргалаа. Өрсөлдөгчид маань үнэхээр хүчтэй хүмүүс байлаа. Жил жилийн тэмцээний ялагчид нь яагаад ихэнх нь бөө хүмүүс байна вэ гэхээр бөө бол үнэхээр язгуур шашин юм гэдгийг баталж байгаа хэрэг. Нөгөө талдаа бөөгийн шашин нийгмийнхээ шинэ шатанд гарах болжээ гэдэг нь ч харагдана. Миний тэмцээнд орох болсон шалтгаан өөрийгөө нээж, төр түмэндээ таниулах, гол зорилго маань үнэхээр л хүнд хүч байдаг юм шүү гэдгийг харууллаа. Гэхдээ надад маш их алдаа байсан. 7 хоногийн шилдэг зөнбилэгтнээр 3 удаа шалгарсан. Нэвтрүүлгийн туршид хамгийн олон удаагийн зөнбилэгтэн болсон. Нийт даалгаврын үзүүлэлтээр өөрийгөө нэлээн дээгүүр үзүүлэлттэй гарсан гэж бодож байна. Нэвтрүүлгийг зохион байгуулж байгаа “Монголын Зөнбилгийн академ”-ийн хамт олондоо маш их баярлаж талархаж байна.

-Ярилцахад таатай байлаа. Манай уншигчид тантай яаж холбогдох вэ?

-Надад байгалаас заяасан оюун ухаан, мэдлэг чадвар өчүүхэн ч гэсэн байгаа бол та бүхэндээ хүргэхдээ таатай байна. Хүний оюун ухаанд хязгаар гэж үгүй. Хүний бие цогцсонд харин хязгаар гэж бий. Түмэн олонд тус нэмрээ хүргэж байгаа чадал мэдрэмжтэй энэ олон хүмүүсээс намайг сонгож итгэлээ өгч хандаж байгаа бол үргэлж нээлттэй байна. Надтай холбогдоход “Монголын Зөнбилгийн академ”-ийн 88850185 дугаарын утсаар холбогдож цаг авч үйлчлүүлэхэд миний бие бэлэн байна. Эцэст нь түмэн олондоо хэлэхэд Аз жаргал гэдэг ард чинь биш урьд чинь байдаг юм шүү. Туулаад өнгөрсөн амьдралаа бодож суухын оронд тулаад ирсэн амьдралаа улам сайхан болгоё. Ихийг бодож сэтгэж, бадрангуй амьдарья. Миний Монголын ард түмэн сайхан амьдрах цаг ойрхон байгаа. Монгол хүний геншил, оюуны хүрээ, бие бялдар, Монголд байгаа бүхэн дэлхийд үнэлэгдэх цаг, бидний хувь заяа, хөдөлмөр, хүсэл мөрөөдлөөс шалтгаална гэж итгэж байна. Та бүхэндээ сайн сайхныг хүсэн ерөөе.

-Танд баярлалаа таны буяны мөр ариун байх болтугай.


 

"ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦ" СЭТГҮҮЛЭЭС 



Нийтэлсэн: 2014-04-29 10:03:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ