Бөө нар сайхан сэтгэлтэй байвал монгол хүн бүр зовлонгүй, жаргалаар дүүрэн явна

 

Зайран Мягмарсүрэнгийн Төмөрчөдөр:

 

Бөө нар сайхан сэтгэлтэй байвал монгол хүн бүр зовлонгүй, жаргалаар дүүрэн явна

 

Манай зочноор Монголын “Зөнбилгийн тулаан-5” нэвтрүүлэгийн шилдэг гуравдугаар байрын шагналт зайран Мягмарсүрэнгийн Төмөрчөдөр уригдан, сонирхолтой ярилцлага өрнүүллээ.

 


-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Мягмарсүрэнгийн Төмөрчөдөр гэдэг. 1995 оны гахай жилтэй. Хүрээ дээд сургуулийн 2-р курст суралцаж байна.

-Өөрийг тань манай уншигчид Зөнбилгийн тулаан-5”тэмцээнд амжилттай оролцож байснаар эчнээ танина. Анх ямар шалтаанаар, хэдэн насандаа бөөгийн уг авах болсон бэ гэдгээс яриагаа эхлэх үү?

- 2010 онд 10 дугаар сарын 16-нд 15 настайдаа бөөгийн угаа авч, 4 дэх жилтэйгээ золгоод байна. Намайг онгодоо авахаас зургаа хоногийн өмнө миний ээж, эгч хоёр бөөгийн уг аваад байсан.  Ингэж нэг айлаас гурван хүн бөөгийн уг авах болсон нь их учиртай.  Манай гэр бүлийн ажил үйлс бүтэхгүй, ээжийн бие шалтгаангүйгээр өвдөж, олон жил болсон л доо. Ээж маань эмнэлэгээр явахаас гадна олон лам, үзмэрчид үзүүлж, засал дом их хийлгэсэн ч огт өөдлөөгүй. Арга тасраад байтал 2010 оны 06 дугаар сард нэг хүн үзээд “Модны хоёр”-т байдаг эмэгтэйчүүдийн хийдэд шавилан суу гэсэн. Маргааш нь ээж явах гэснээ болиод байтал удган болсон том эгч Учралын маань бие бас өвдөж, унтаагаараа ярьж, эсвэл орон дээрээ завилж суучихаад элдвээр дэмийрч, хачин болоод зүрх нь зогсчих шахна, эсвэл цэлдэн хөх болоод татчихна. Сандраад түргэн дуудна. Түргэний эмч ирээд онош тодруулж чадахгүй эм тариагаар аргацаагаад л явна. Харин түргэнээр ирсэн эмч үзчихээд “Хүүхдийн чинь эрүүл мэнд зүгээр. Та үздэг, барьдаг хүнээр үзүүлж харуулбал яасан юм бэ. Шалтгаан байж магадгүй”  гэсэн үгийг нь аав ээж хоёр маань урьд нь бөөгийн талаар ойлголтгүй байсан ч “Бөө гэж ямар хүн байдаг юм бэ” гээд сайн бөө хайж, сурч эхэлсэн. Ингээд ээжийн маань эртний найз удган болчихсон Дамбадаржаагийн эцэст байдаг гэсэн сураг гарч,тийшээ зорин очиход найз нь харангуутаа л “ Миний найз чинь бүр болохоо байсан байна. Юу юугүй тэнгэр чамайг авч явлаа” гээд Багануурт байдаг Солонго багшид үзүүл гэж зөвлөсөн. Тэгээд л Солонго багш “Тэнгэрийн үүд хаахаас өмнө” гээд 10 хоногийн хугацаанд бөөгийн уг авах юмс бэлдүүлж ээж, эгч хоёрын манаь угийг нь зэрэг босгосон. Ээж, эгч хоёр бөөгийн уг авах үед бас л миний нүдэнд хий юм харагдаж, олны дунд орохоор л хүн бүрийн асуудал нүдэн харагдаж, чихэнд сонсогдоод болдоггүй. Ээжийнхээ хэнгэрэг хэцийг  дэлдмээр санагдаад, хэнгэрэг дэлдэхээр л өөрийн эрхгүй хэн нэгний амьдрал нүдэнд харагдаж, уйлмаар ч юм шиг болдог байсан.

-Тийм мэдрэмж их удаан төрсөн үү. Ямар арга хэмжээ авсан бэ?

-Ингээд ээждээ өөртөө тохиолдоод байгаа зүйлийг талаар ярьж, багшаасаа  асуугаад өгөөч гэхээр “Чамд юу байх вэ. Дараа асууя” гээд хойш тавина. Гэх мэтчилэнгээр өдөр хоногууд өнгөрч заримдаа ээжийгээ гарч орох хооронд хэнгэрэгийг нь дэлдэж сайхан тайвшраад  хэд хоног болчих үе гарна. Тэгж хэнгэрэг хэц дэлдэх үед одоо бууж байгаа миний онгод сахиус нүдэнд харагддаг байсан. Цагаан сахалтай өвөөг хараад, зүүдэндээ юм хэлэхийг нь сонсож цочиж сэрээд “Яалт ч үгүй би бөө юм байна даа” гэж бодох болсон. Тэгээд ээж эгч хоёрынхоо цээрийн хугацаанд байнга хэлсээр байгаад удган Цэцэгнуур багшдаа үзүүлэхэд “Сахиус нь ирчихжээ. Бүр төрөхөөс нь дагаад явсан байна. Яаралтай онгодоо хүлээж авах хэрэгтэй” гэсэн. Тэр үед манай хамаатны ах бид хоёр зэрэг онгодоо авсан. Манай багшийн том хүү Тэнүүн ах, багш хоёр хэцээ татаж, хэнгэрэгээ дэлдээд “Одоо хойд уулнаас хоёр том шувуу эгцхэн нисээд урд уулыг давна” гэсэн нь хэлснээр болсныг хараад л шууд хэнгэрэг хэцээ дэлдэж эхэлтэл онгод маань бууж ирсэн. Ийм л бөөгийн шалтаг ирж, манай гэр бүлээс гурвуулаа бөөгийн замналаар замнах болсон доо. Тэнгэрийн үүд хүн бүрт өөр өөрөөр нээгдэж, улаачдаа мэдрүүлж орж ирдэг юм билээ.

-Маш хурдан хугацаанд нэг гэр бүлээс гурвуулаа бөө болсон юм байна. Бөөгийн үйлээ хэдийнээс эхэлж хийсэн бэ?

-Онгод хүлээж аваад цээрийн хугацаа барих ёстой байдаг. Цээрийн хугацаандаа олон бууж гэмээ нь улам сайн онгодын хүчээ авна гэдэг. Гэтэл миний хувьд цээрийн хугацаандаа эгчтэйгээ хамт айлын галын тахилга хийсэн. Ээж маань хамт цээр барьж байсан ч өөрийгөө хойш тавьж, эгч бид хоёрыг буулгаад, өөрөө бидний түшээг хийж эхэлсэн. Би ч гэсэн нэгэнт бөөгийн амьдралд орсон юм чинь өөртөө итгэлтэй, эргэлзээгүйгээр өөрийгөө сорьж, өөрт мэдрэгдсэн мэдрэмжээр бусдын амьдралын болж бүтэхгүйг хэлж өгөхдөө алдаа оноо гарахгүй байсандаа урамшаад зоригтой болсон.

-Танай удамд бөөгийн онгодтой хүн байсан уу. Хэд дэх үеийн дээдэс тань онгод болон бууж ирдэг вэ. Яагаад нэг гэр бүлээс гуравуулаа онгодтой болсон учиртай юм бол?

-Би аливаа юмыг үндэс сууриар нь бодож олох гэж хичээдэг дээ. Ээжийн сахиус аавынхаа талаас боссон. Миний ээжийн өвөө Оросын буриад хүн Улаан-Үдэд амьдарч байгаад хувьсгалын үер Монгол нутагт суурших гэж гэрээ нүүлгэж ирээд малаа авах гэж буцаж гарахдаа хил дээр буудуулж өнгөрсөн гэдэг. Ээжийн аав буюу миний өвөө тэр цагаас хойш Сэлэнгэ аймагт суурьшиж, амьдарч ирсэн. Тиймээс өвөөгийн талаас буриад онгод сахиустай байсныг ээж маань залж авсан. Мөн миний эмээ Доогийн Долзод гэж Говь-Алтай нутгийн хүн өдгөө 80 насны босгыг алхаж явна. Эмээгийн талд том хувилгаад олонтой байсан гэдэг. Миний хувьд аавын талаас толгойлон бууж ирсэн халх тэнгэр бий. Толгой тэнгэр цагаан сахалтай өвөө маань их тайван уужуу, ээжийн талаас буусан номч тэнгэр маань их яриа буриад өвгөн байдаг. Ном ч тэнгэртээ би юу юунаас илүү хайртай. Засал домоо хийж байхдаа ч тэр хүний бүх зүйл нь сайн сайхан, аж жаргалтай болох нь мэдрэгддэг. Надад олон тэнгэр бууж ирдэг. Тэд ихэвчлэн хааяа ирдэг тул сайхан ундаалаад мордуулдаг. Нөгөө хоёр тэнгэр маань засал ном хийхдээ илүү, улаач надтай ойлголцохдоо хялбар байдаг тул тэднийгээ залж оруулах ч дуртай. Тиймээс манай удам угсааныхан тэнгэр болсон дээдсийн минь буян заяа ээж, эгч, бидэнд эргэж иржээ хэмээн бахархаж явдаг. Манай удмын ахан дүүс өвгөдийнхөө тэнгэр сахиусыг ихээр хүндлэн хүлээж авч, тахин шүтэж яваа учраас миний бие удам судрынхаа буян заяаг дэлгэрүүлэх гэж хичээж явна. Тэднийхээ хүндлэл хайраар миний онгод хүчтэй, чадалтай болсон гэж боддог доо.

-Таны онгод бөөгийн үйл ямар засал домыг илүү сайн хийдэг вэ?

-Хүн бүрийн хүч чадал мэдрэмж өөр л дөө. Миний онгод өвчин хуучийг илүү сайн засдаг болов уу. Үзүүлж байгаа хүмүүс янз бүрийн зовлонтой ирдэг. Зарим нь ч бүр сорих гээд ирдэг ч бий. Тэднийг үзээд эхлэхэд миний биеийн эд эрхтэнд зовиур илэрдэг. Жишээ нь тухайн хүн өөр зүйл үзүүлэхээр ирсэн ч хоёр хоногийн өмнө шүд нь өвдсөн байвал миний шүд өвдөх жишээтэй. Асуугаад үзэхэд өвдсөн л байдаг. Би энэ тал дээрээ ерөөсөө алдаж байгаагүй. Миний сахиус зориод ирсэн хүнийг цэх суулгаж байгаад улаачаараа дамжуулан биеийн хэсгийг гараараа мэдэрдэг. Ингэж мэдрэхэд тухайн хүний өвчин зовлон харагдаж, хэрэвзээ надад итгэвэл үйл хийж, өвчин зовлонгоос нь салгаж өгдөг. Үзүүлэх гэж зорьж ирсэн хүмүүс маань тулгарсан асуудлаа асуухаас бус эрүүл мэнддээ анхаарах нь их ховор. Миний сахиусууд тухайн хүнд одоогоор илрээгүй, өөрт нь мэдрэгдэж амжаагүй өвчний эхлэлийг хэлж анхааруулж өгдөгөөрөө их онцлогтой. Гэх мэтчилэн яриад байвал нэлээн урт түүх болно.

-Манай уншигчдад сонин тохиолдлуудаасаа хэсэг сонирхуулахгүй юу?

-Хэн нэг хүнийг ямар нэг зовлон зүдгүүрээс салгасан гайхамшигтай зүйл маш олон бий. Угаа аваад сар хүрээгүй байхад манай гэрээс хоёрхон буудлын зайтай нэг эгч ирээд үзүүлсэн. Охин нь төрөөд гуравхан хонож байгаа. Хүүхдийнх нь бие тааруу гээд ирсэн ч энэ тухай хэлэх гэсэн боловч, өөрийнхөө мал хөрөнгийн талаар асуугаад буцсан юм. Тэгтэл ахиад хэд хоносон ч нөгөө хүүхдийн царай харагдаад, өвчин шаналал нь мэдрэгдээд болдоггүй. Гэтэл нэг өглөө 7 цагийн үед ээжийн утас руу нэг эмэгтэй яриад “Миний хүүхдийг авраа ч дээ. Зүрх нь зогсоод” гээд уйлаад салдаггүй. Ээж ч намайг дуудаад “Миний хүү босоорой. Нөгөө хүүхэд болохоо байж дээ” гэхээр нь хуягаа ч өмсөөгүй шүтээнийхээ өмнө суухад дээдэс маань бууж ирсэн. Түшээгээ дуудаж “Тэр хүүхдийн зүүн чихэнд  Мутархурай нэрийг эцэг балчираар нь гурав хэлүүл. Гадна нь олон балчир хурсан байна. Тэднээр нар зөв гурав хурайл” гээд хэлүүлсэн. Гэтэл амьсгал  хураагаад эмч нар “Найдваргүй” гээд орхисон хүүхдийн гар нь хөдөлж амьсгалж эхэлсэн гэдэг. Эмч нар ч гайхсан гэсэн. Одоо дээдсийн өгсөн нэрээр нэрлэсэн Мутархурай гэдэг 4 нас хүрч байгаа хөөрхөн охин байгаа даа.

-Бөөгийн шашин сайн муугаар хэлүүлж байгаа энэ үед таны хувьд ямар замаар явбал зөв гэж бодож явдаг вэ?

-Ний нуугүй хэлэхэд сүүлийн үеийн бөө нар хүний зовлонгоор мөнгө хийж байгаа юм шиг санагддаг. Бүх л засал домдоо үнийн жишиг тавьсан байна. Миний хувьд эхэндээ гал тахилга хийж байхдаа ямар ч өргөл барьцгүй үйлддэг байсан. Гэтэл энэ үйл маань тахиулсан хүндээ сайн хүрэхгүй, миний хувьд ч болохгүй байгаа нь мэдрэгдээд хүний өгсөн багахан барьцыг авах болсон. Засал хийнэ гэдэг үнийн жишиг тогтоохдоо биш, хүний зовлон зүдгүүрээс салгахдаа байдаг тул хэтэрхий их мөнгөний сонирхолтой байж болохгүй. Дээд тэнгэрээс бидний замыг засах гэж ирсэн өвөг дээдсийнхээ ариун сүнсэнд тортог суулгавал эргээд дааж гарахад хэцүүхэн л байх болов уу. Удмаараа дамжин улаачид бууж ирсэн, өвөг дээдсийн сүнсийг тахин шүтэж явах учиртайг бууж ирсэн улаачийн бие сайн анхаараасай. Мөн бөөгийн онгод, сахиусаа авч мэдэхгүй төөрч яваа нэгнээ зоосны нүхээр харж буруу, хатуу сахиус буулгаж нэгнээ бүү хорлоосой. Миний гурав, дөрвөн шавь бөөгийн төөрөгдөлд орж бусдад мөнгө хөрөнгөө алдаж байсан ч надад хандснаар зөв замаараа орж, зовлон зүдгүүрээс салаад байгаа. Бөөгийн уг босгоно гэж ядарсан нэгнээ мөлжихдөө биш үнэхээр чадалтай бол өнөөгийн нийгмийн амьдралтай холбож, хамгийн гол нь хэр багцаатай барьц авч байх хэрэгтэй. Өнөөгийн эдийн засаг ямар хүнд байгаа билээ дээ. Тэр их барьцны мөнгийг ядарсан хүн гаргаж өгнө гэдэг үнэхээр хэцүү шүү дээ. Бас Монголд бөөгийн үйл хийх ямар ч газар байдаггүй учраас “Улаанбаатар хотдоо ойр, уулын ам газар бөөгийн онгодтой хүн бүр очиж онгод сахиусаа буулгадаг отогтой болохсон” гэж  би хувь хүн талаасаа мөрөөдөж явдаг юм. Яагаад гэвэл тийм газар байдаггүйгээс хаа сайгүй онгод буулгаж, овоо босгож, орхиж байна.

-Та насаар бага хэдий ч олон шавьтай тань анзаарагдлаа. Бөө болох гэж байгаа хүн багшаа хэрхэн таних вэ?

-Бөө мөргөлд багш тэнгэртэй бөө байж л уг босгож, шавь төрүүлнэ шүү дээ. Миний хоёр дахь тэнгэр буюу буриад өвөө маань багш тэнгэр юм. Миний эхний тэнгэр буугаад, ирсэн хүний онгод тэнгэрийг харж чадахгүй байхад хоёр дахь тэнгэр буугаад л тухайн хүний мөрөн дээр юм уу хаа нэгтэй нь жижигхэн онгод сууж байгааг хэлж өгдөг. Асуухад тэр онгод “Би энэ хүний тэд дэх үеэс ирсэн, тэр гэж хүн байна” гэх жишээтэй. Би зориод ирсэн онгодтой хүнээсээ “Би онгодыг чинь буулгаад асуух уу, өөртэй чинь яриулах уу” гэж асууж зөвшөөрөл авдаг. Ихэнх хүн л өөрөө ярилцана. Онгод нь улаачаар дамжуулан өөрийн биеэрээ бууж, улаач болох хүнтэйгээ ярилцаж ойлголцдог. Гэх мэтээр холбож онгод улаач хоёрыг уулзуулдаг. Бөө болох гэж байгаа хүнийг миний хувьд хэд хоногийн өмнөөс ирэх гэж байгааг нь мэдэрдэг.  Мөн тал суусан онгодтой хүмүүс их ирдэг. Онгодыг нь бүрэн гүйцэд суулгах хэцүү ч боломжтой үйл. Манай удмаас боссон таван шавь бий. Тэдэнтэй нийлээд 10 гаруй шавьтай. “Зөнбилгийн тулаан -6” тэмцээнд оролцож дөрөвт шалгарсан А.Алтангэрэл миний шавиудын нэг, манай удмын зайран. Ер нь онгод хүлээж авахад улаач өөрөө хүндэтгэлтэй хандахаас гадна, тэдний удам судрын хүмүүс бүгд хүндэлж шүтэх хэрэгтэй. Энэ ёс жаягийн талаар ч улаач нарт сайн анхааруулж өгдөг. Тэгэхгүй бол угаа босгоод цээрийн хугацаанд л хэн нэг хамаатан садан нь ирж, аль нэг буруу үйл хийвэл удмын сахиусандаа хүндлэл үзүүлээгүйгээс нэг хэсэгтээ л засарч, зөөлрөхгүй байдаг.

-“Зөнбилгийн тулаан-5” тэмцээнд яагаад орох болсон бэ. Олон өрсөлдөгчөөс шилдэг гуравдугаар байрт шалгарана гэдэг багагүй амжилт шүү?

-Угаа дөнгөж авах үеэр Оросын “Зөнбилгийн тулаан” телевизээр гарсан. Нэвтрүүлгийн даалгаврыг өөр дээрээ туршаад үзэхэд болж байсан. Ээждээ энэ тухай хэлж, онгодоосоо асууж үзэхэд “Олон балчируудтай өрсөлдөнө. Орох зөвшөөрөл өгье. Гэхдээ сахиус үүнд оролцохгүй. Зөвхөн улаач өөрийнхөө биед хүрч байгаа хүч чадлыг хэр хүлээж авч, хүрч байгааг сорьё доо” гэснээр  Монголын “Зөнбилгийн тулаан-5” тэмцээнд бүртгүүлж орсон.  Үнэхээр ч сахиус гэдэг бидний өвөг дээдэс учраас өвгөдийнхөө үгэнд орж, дээдлэх учиртай тул улаачийн биер уг тэмцээнд оролцохдоо сархиусны хүчийг гаргаагүй. Зөвхөн өөрийнхөө мэдрэмж, хүчийг ашигласан юм.

-Энэ тэмцээнд оролцсоноор өөрийгөө хэр хэмжээнд байна гэж дүгнэсэн бэ?

-Тэмцээнд олон хүн өрсөлдсөнөөс шигшээ 11 хүн үлдсэн. Миний хувьд тухайн өдрийн даалгаврыг нэгийг нь онцгой сайн, нөгөөг нь муу өгдөг байсан. Ер нь энэ тэмцээнд оролцсоноор хүчээ сорихоос гадна өөртөө итгэл олж авахад үнэхээр сайн дэм болсон. “Бөөгийн хувьд би хэн бэ. Онгодын хүчийг авч, зовсон нэгэнд тус болох хэр сайн улаач вэ” гэдгээ олонтой өрсөлдөж, танин мэдэх үүдийг нээж өгнө. Мөн өөрийнхөө аль чадвар нь илүү давамгай вэ гэдгээ мэдэхэд нөлөөлнө. Миний хувь тус тэмцээнд оролцсоноор өөрийгөө аливаа юмыг хайж олохдоо илүү сайн гэдгээ нээж харсан. Тэгээд ч тэмцээнд орохоосоо өмнө нэвтрүүлгийн хамт олон манай гэрт ирж нэвтрүүлэг хийж байна гэж мэдэрч байсан учраас өөрийгөө амжилттай оролцоно гэдэгтээ итгэлтэй байсан. Үнэхээр ч манай гэрт ирсэн шүү. /инээв/

-Мөн Украйнд олон улсын зөнбилэгчдийн тэмцээнд оролцсон. Тэр үеийн сэтгэгдэл ямар байсан бэ?

-2013 онд “Зөнбилгийн академ” –ийн гадаад харилцааны шугамаар Украйн улсад олон улсын Зөнбилэгчдийн тэмцээнд урилгаар оролцож 1000 гаруй оролцогчоос шилдэг 20-д шалгарсан. Гадаадын 20 гаруй орны оролцогчид байснаас Монголоос Зөнбилгийн тэмцээний оролцогч н.Өүлэн, лам н.Мягмаржав нартай хамт оролцсон. Бид гурав хэл мэдэхгүй, дундаа нэг орчуулагчаар дамжуулан даалгавар бүрээ тайлбарлуулж байсан ч хангалттай орчуулж чадаагүйгээс чамлалттай оролцсон. Зарим үед Монгол руу залгаж орчуулагч Украйн хэлээр дамжуулж, орчуулгыг нь бид сонсох зэрэг саад их байсан.  Гэхдээ саад байсан ч олон улсын зөнбилэгчидтэй хүч сорьж, шилдэг 20-д шалгарсандаа баяртай байдаг.

-Ярилцлагынхаа төгсгөлд хандаад та юу хэлмээр байна вэ?

-Бөөгийн амьдралаар амьдрахад өнөөг хүртэл хажууд минь түшиж тулж яваа аав ээж, эгч, дүү, ойр дотны ах эгч, хамаатан садандаа нь баярлаж явдагаа илэрхийлье. Мөн намайг тэнгэрийн үйлд дагуулж оруулсан чадалтай, зөөлөн сэтгэлтэй, олон хүнд буян хийж яваа Цэцэгнуур, Тэнүүн багш нартаа маш их баярлалаа. Түүнчлэн бөө нартаа хандаж хэлэхэд зовсон нэгэн зориод ирэхэд өөрийн гэр бүл шиг үзэж, хайрлаж бөөгийн хүчийн засал номоо хийж байгаарай. Бөө удган бүр сайхан сэтгэлтэй байвал удам судраа өөрчлөөд зогсохгүй, Монгол хүн бүр зовлонгүй, жаргалаар дүүрэн явах учиртай юм шүү гэдгийг уламжилья.

-Танд баярлалаа. Таны буяны үйлс ариун байж, түмэн олонд хүрэх болтугай.

Тайлагдашгүй нууц

 


Нийтэлсэн: 2014-10-16 15:34:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ