Тэнгэрийн шүүлгэнд явж байгаагаа ухаж ойлгохгүй бөө нар олширчээ


Зөнбилгийн тулаан-5 тэмцээнийн оролцогч Удган Бадамжавын Загдар:

 

Тэнгэрийн шүүлгэнд явж байгаагаа ухаж ойлгохгүй бөө нар олширчээ


-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Та өөрийгөө манай уншигчдад дэлгэрэнгүй танилцуулна уу?

-Баярлалаа.Тайлагдашгүй нууц сэтгүүлийн хамт олон болон сэтгүүлийн байнгын уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Бадамжавын Загдар гэдэг нэрээр маань хүмүүс эчнээ сайн мэдэх болов уу. Аги буриад гаралтай. Эцэг эхийн талаас буриад, халх тэнгэрээ шүүс хөндөж, онго тэнгэрээ тахиж явна даа. Ээжийн маань тал чадалтай сайтай лам хуварга ихтэй, эмээ маань дөчин нэгэн чулууг гавшгайд сайн татдаг, тэнгэртэйгээ харьцаж хурайлж дууддаг,  хаалттай нийгэмд хүмүүс зорьж очиж юмаа их асуудаг байсан гэлцдэг нь нөлөөлсөн болов уу гэж боддог. Эмээгийнхээ их увидас чадлын чигчий хурууны чинээнд нь хүрж байвал болох нь тэр дээ. Мөн буриад үндэстнээрээ ихэд бахархдаг. 

-Таныг зөн билгийн тулаанд амжилттай оролцож байсныг сайн мэднэ. Бөөгийн угаа хэдийд авсан бэ?

-Эрт дээр үеэс шүтэж ирсэн бөө мөргөл маань нэгэн үе хаалттай байсныг түүх гэрчлэх байх. Харин өнөөгийн бидний энэ үед тэнгэр сахиус залж, шүтэн дээдлэх болжээ. Тэгэхдээ л би бөө, бөө мөргөл гэж юу байдгийг мэдэх нь битгий хэл хүмүүсийн ам дамжин ярих домог төдийхнийг сонсож явсан цаг саяхан.  Анх 2007 онд бөөгийн чанар, чандруун үйлийг харж, тэнгэрийн улаач бөө ямар агуу хүн бэ гэдгийг миний багш анх мэдрүүлж билээ. Бага байхдаа  аймхай, сүнс гэдэг хий биетийг харж ихэд айж шагшина. Хий дүртэй, хийсгэлэн биетэнтэй нүүр тулж байсан ч үе бий. Хий гүйдэлд хэд хэдэн удаа дайруулсан удаатай. Амьдрал их хэцүү, нэг л уруу тийшээ явж, юм болгон бүтэхгүй, болохгүй тойрон эргэлдэж өвчин зовлон, үхэл хагацалтай учирч, яг л нэг хүрдэн дотор орчихсон мэт байлаа. Ингээд багш маань уг залаалснаас хойш амьдралын хэцүү хүрднээс гарсан. Нөгөөтэйгүүр хүнд сэтгэлийн тэнхээ, тэсвэр тэвчээр, итгэл найдвар бий болж болдог юм байна гэж санагдсан. Бөө болчихоод онго тэнгэр ямар үүрэгтэй, яг яах ёстойг төдийлөн сайн ойлгож өгөхгүй атал цаг хугацаа л хамгийн сайн багш болохыг амьдралын туршлага маань харуулдаг юм билээ. Багшаасаа олон сайхан зүйлийг сурч авсандаа.

-Таныг бөөгийн замналд оруулсан багшийнхаа тухай ярихгүй юу. Мөн олон бөөгийн чанар авахуулсан гэж дуулсан?

-Манай багшийг зайран Чинбат гэдэг. Олон жил бөөлж байгаа. Багшдаа жилд 2-3 удаа очиж заавар зөвлөгөө авахаар зорьж очдог. Чимээгүйхэн, нууцлаг байдаг боловч олны танил гэж хэлж болно. Ихэнхи нь андуураад байдаг юм. Анх багшийгаа бөөлж байхыг хараад дотор огшиж биширч байлаа. Намайг зовж явахад минь тусласан ачтан. Энэ сэтгүүлээр дамжуулан багшдаа талархсанаа илэрхийлье. Шавь нарын тухайд бол итгэл даасан, сайн бөө болох ирээдүйтэй хүмүүс байдаг. Гал дотроос маань халуун цог хутган авч идэн засал хийдэг, өвчин барьж өвчнийг нь гадагшлуулах чадалтай ийм сайн шавь нартай. Тэднийгээ ерөнхийд нь буруу зөвийг нь хэлж, эв найрамдалыг эрхэмлүүлэн Хайдар отгийн хүрээнд сайн үйлсийн аян, байгаль орчиндоо мод тарих үйл, тайллага тахилгад хамтад нь байлгах их дуртай. Тиймдээ ч шавь нар маань манай гэрт бужигнаж яг л нэг гэр бүл шиг байдаг. Хааяа бид хоёр чинь олон хүүхэдтэй айл шиг байдаг.  Шавь бүрийнхээ зан ааш, юунд дуртай нь ч сайн мэддэг, өдөр бүр ирдэг болохоор гэж их цай чанаж тавьдаг шүү дээ /инээв/.

-Ер нь бөөгийн түшээ гэж хэнийг хэлэх вэ?

-Миний хувьд онго тэнгэрээ залаалж авснаас хойш гарын таван хуруунд багтах тооны сахиусаа буулгаж, олон түмэндээ үйлээ хийсээр ирлээ. Хүн, хүн өөр өөр ааш зан гаргадаг шиг, онго тэнгэрийн үйл хөдлөл, засал дом нь газар тэнгэр шиг ялгаатай. Эдгээрийг бөөгийн түшээ буюу тулмааш гарын алган дээр мэт таньж, онго болгоны зан авир ааш занг нь мэдэж, хатуу хахирыг дарж, сүүлдээ юу хэлэх гэж байгааг нь мэддэг чболдог юм билээ. Мөн бөөгийн түшээ гэж зан үйлээ сайн мэддэг хүнийг хэлнэ. Тухайн бөөг хажууд нь байж зан үйл үйлдэхэд туслагч болохын хажуугаар шинэ бөөг онгод руу нь залж, зан үйлийг нь төгс хийлгэдэг, бөөгийн эрдэмд сургадаг багш юм. Түшээ, тулмааш нь бөөтэй амь нэг байж, угсаатны зүй, зан заншил, хэл аялгуу гээд бүгдийг мэдэж байж түшдэг учиртай. Хуучин монгол ярианы аялага, хэлц үгний талаар мэдэж байж эртний сайхан онгод буурлууд, өнөө цагийн зон олны сонордохуйн заагт хэлмэрч болох учиртай юм шүү дээ.

-Таны ойлголтоор бөөгийн шашин гэдгийг манай уншигчдад ойлгомжтойгоор тайлбарлаад өгөхгүй юу?

-Бөөгийн шашин, бөө мөргөлийн зан үйл гэдэг дээр бөө нар болон судлаачид шашин уу, зан үйл мөргөл үү гэж одоо болтол шийдэгдээгүй талцсан, маргаантай асуудал байдаг. Миний хувьд бөөгийн үйл, ёс жаягийг шашин гэж дуудах эрхтэй гэж боддог. Бусад шашин сургаал номлол, зан үйл, судар бичигтэй гээд л бүрэн цогцлон байж шашин болсон. Оршин тогтнож буй ертөнцийн хүн зоны сайн сайхны төлөө байгаль эхтэйгээ харьцах зан үйл, сургааль тархацын хувьд ч гэсэн бөөд бусад шашнаас дутах зүйлгүй гэж боддог. Аливаа ястан үндэстэн бүр өөрийн гэсэн бөөтэй байсан. Монгол бөөгийн хувьд бараг судар ном байхгүй ч судалгааны олон материал, номнууд бий. Ардын аж ахуй, амьдралд хүртэл бөөгийн сургааль шингэсэн байдаг шүү дээ. Жишээ нь: Тогорууны өндөгт сүүдэр шүргүүлж болохгүй, төмөр дөрөөний сэнж тас хараана гэдэг. Малынхаа сүүг асгаж, дусаасан бол магнайдаа хүргэж газар шорооноос адис авдаг гэх мэтээр сургааль, судар ном нь бичигдэж үлдээгүй ч бидний мах цусанд шингэж иржээ. Бөө бол байгаль хамгаалагч, эмчлэн эдгээгч төдийгүй хүн байгаль хоорондын шүтэлцээний зууч багш, номлогч юм.

-Зарим бөө удган онгод сахиустай гээд ихэнх зүйлсээс цээрлэдэг. Үүнээс харахад бөөгийн ёс жаяг нарийн чанд байдаг болов уу?

-Өнөө цагийн улаач нар бөөгийн ёс жаягаа нарийн дагадаг нь ховор байдаг байх. Ер нь бол улаан маханд хүрч болохгүй, загас идэж болохгүй, шөнө орой явж болохгүй гээд олон зүйлийн цээр, эрэмбэ дараа, дэг жаягтай байдаг. Тэглээ гээд нартад амьдрах улаач бид тэнгэрээс буусан онгод сахиустай ч нартын амьдралдаа хүний ёсоор л амьдрах нь зөв шүү дээ. Зарим залуу улаачид онгод сахиустай гээд  энгийн амьдралаас зайлс хийж, гэр орны ажилд оролцохгүй, эцэг эхийн үгийг авахгүй, хөдөлмөр хийхгүйгээр амар хялбар амьдралыг эрэлхийлж байгаа мэт санагддаг. Түүгээр зогсохгүй онгод тэнгэрээр далимдуулан хүний үнэт эд агуурс, хувцас зүүсгэлийг ч зарлагат гарга хэмээн хуурч мэхлэн авах тохиолдол ч гарч байна. Зарим нь бүр намрын улиралд цагаан сараа хийдэг байх жишээтэй. Гэх мэтчилэн нартад амьдарч байж бөөгийн ёс жаягаар далимдуулан төрийн хуульд захирагдахгүй, онгод сахиусны ертөнцийг хольж хутгаж байгаа нь харамсалтай санагддаг. Дээд өвөг хууччуул малаа гаргаж, ангаа хийж л амьдарч байсан. Түүхэндээ бөө нарыг ядуу хүмүүс байсан гэлцдэг. Тийм хүмүүс бусдыг зарцлан амьдарч байгаагүй байх. Сахиж явах онгодоо дээдлэн, зан заншлаа дагаад хүнээ алдаж ёс бус зүйлд дөнгөлөгдчихгүй байвал болно доо. Бөө хүн энгийн даруу, өөрийнхөөрөө байх хэрэгтэй. Бөө, бөөгийн үйл өөр гэдгээр халхавч хийж, өөрөө ч мэдэхгүй үйл зохион явж байгаа хүмүүс утга учиртай юм бодож олмоор юм. Жаахан хүүхдийг удахгүй үхнэ. Би хараасан. Хүн алах эрхийг тэнгэр надад өгсөн гэж хийрхсэн хүмүүс ч байна. Үйлийн үрээ үүрэх цаг ирнэ. Би одоо тэнгэрийн шүүлгэнд явж байгаа шүү гэдгээ ухаж ойлгох чадваргүй бөө олон болжээ. Дор дороо, довцогны орой бүрт бөөгийн жаяг зохиож, ёс жаяг алдагдаж байна. Энэ байлаараа удахгүй бөө бөөлж болохгүй, зовлонд учирна гэсэн үг гарч хүн ардын мах цусанд шингэх байх гэхээс эмээх юм.  

-Зөнбилгийн тулаан 5-д оролцож байсан сониноосоо ярихгүй юу. Хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байсан бэ?

-Олон сайхан чадалтай хүмүүстэй танилцаж, адал явдалтай учирсан сэтгэлд үлдсэн сайхан дурсамжийн нэг. Анх камерын өмнө сандарч, даалгавар бүрийн өмнө ямар даалгавар бол гэж ихэд догдолж байсан нь өчигдөр юм шиг. Даалгаварт орохын өмнөх орой сайхан бясалгал хийж сууна. Хамгийн сонирхолтой даалгавар нь хаалтын шоуны тайзан дээр болсон. Олон хүний энерги солилцоон дунд даалгавраа амжилттай биелүүлсэндээ баяртай байдаг. Намайг гэж дэмжиж байсан шавь нарынхаа тэр их энергийг мэдэрч байсан үе минь сэтгэлд тод үлдсэн. Тэмцээний хүчтэй өрсөлдөгч нь миний дотоод хүн, бодол сэтгэл минь байсан байх гэж бодож байна. Яагаад гэвэл би өөрийн дотоод хүнтэйгээ харьцаж, тэмцэлдэж төвлөрөх хэрэгтэй болдог. Харин хамт орж байсан хүмүүс бүгд хүчтэй өрсөлдөгчид, нэг нэгнийхээ чадварыг дутуу үнэлж боломгүй  гэж боддог.

-Зөнбилгийн тулаанд-3 тэмцээний ялагч О.Доржханд зайран та хоёр гэр бүлийн хүмүүс. Ер нь нэг гэр бүлийн хүмүүс онгодтой байна гэдэг хэр зохицолдлогоотой байдаг вэ? Хамтарч үйл хийдэг үү?

-Доржханд бид хоёр нэг багшийн шавь нар.  2007 оноос хойш бөөгийн зан үйлд хамтарч засал дом хийж явж байна. Зарим үед нэвтэрч чадахгүй байгаа хүнийг нэг нэгэндээ шилжүүлэн үзүүлдэг. Жаргал зовлон нэгтэй болохоор хүсэл тэмүүллээрээ нэгнээ ойлголцоно.

-Өнөөгийн бөө нарын талаар ямар бодолтой явдаг вэ?

-Одоо цагт чадах чадахгүй олон бөө тодорч, тэр хэрээр алдаа оноотой зүйлүүд гардаг болсон юм шиг. Хүний төлөө сайн зүйлийг бодож, хийж зүтгэж, түүнийгээ хүндээ хүртээж чадаж байвал олон бөө байхын буруу ч юу байх вэ. Миний хувьд тэдгээр бөөгийн адил цухасхан ч гэлээ бусдын төлөө зүтгэж л явна. Олон хүний дунд сайн бөө их бий. Дутуу маруухан нь бүр ч их бололтой. Тийм ч бөө, ийм ч хүн ингэж уг бариулсан гэж их ирэх юм. Зарим нь уг барих хүн биш хүртэл болж таардаг. Хүүхэд багачууд бөө болох дуртай, сонирхолтой болжээ. Үзээд уг байхгүй, бөө болох ёсгүй гэхээр заавал бөөтэй холбож ярина. Тэгсээр хэн нэг бөө дээр очиж уг бариад, бүр сүүлдээ болохгүй юм, засаад өгөөч гэсэн нэлээн тооны хүн байна. Туйлширч хийрхээд утгыг нь алдуулалгүй яваасай л гэж бөө нараасаа хүсмээр санагддаг.

-Манай уншигчдад болон улаач нартаа хэлэх асуултыг танд үлдээе!

-Юуны өмнө бөө болсон хүмүүстээ уг удмаа сэргээж, тэнгэр газраас ерөөл гуйн мөргөн хүндэлж яваад нь баяр хүргэе. Зан үйл, шашин мөргөлөө хүндэлж түмэн олондоо тус дэм болж яваарай. Шүтлэг зан үйлд оролцсон, тус ивээлд багтаж явдаг шүтлэгтэн олон бүгдийн санасан бүхэн биелэх болтугай. Ар гэрийн чинь хэн нэгэн бөө болсон бол тэнгэртээ мөргөж, дэмжиж яваарай. Энэ миний ах миний дүү гээд тоодоггүй явдал их гардаг. Шууд өргөс авсан шиг өөрчлөгдөхгүй бүхнийг чаддаг хүн болтол дэмжлэг хэрэгтэй байдаг юм шүү. Буулгаж ирсэн онгодоо сархадаас хол байлгаарай гэж захья. Хаа ч байсан овоонд таяг, жолооны хүрдний бүрээснээс авахуулаад хогонд дарагдсан. Ус булгийн эхэнд хүртэл хогоо асгах юм. Лус савдагийн хорлол болдоггүй юмаа гэхэд хэн нэг гадны хүн харахад Монголын нэр гарна шүү дээ. Тиймээс хог тарилгүй, уул усаа, их хотоо цэвэр ариун байлгаарай.

-Танд баярлалаа.

 "Тайлагдашгүй нууц" сэтгүүл

 


Нийтэлсэн: 2015-05-08 16:26:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ