М.Хүдэрбаатар: Ганцхан Л.Гансүхийг биш бүх зөвлөхийг ялла

 

 

М.Хүдэрбаатар: Ганцхан Л.Гансүхийг биш бүх зөвлөхийг ялла

 

М.Хүдэрбаатар: Ганцхан Л.Гансүхийг биш бүх зөвлөхийг ялла

 

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан  Л.Гансүхэд оноосон ялыг Улсын Дээд шүүхээс бууруулсан. Гэвч түүнийг гэм буруугүйг нотлохын тулд цаашид тэмцэнэ гэдгээ нэг багт хамтран ажиллаж байсан М.Хүдэрбаатар өчигдөр илэрхийллээ.

 

Тэрээр Н.Алтанхуягийн зөвлөх байсан, мөн одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зөвлөхөөр ажилладаг юм.

 

-Та бүхэн шүүх хуралдааныг анхнаас нь ажиглаж байсан нь мэдээж. Эцсийн үр дүн  ингэж гарна гэж төсөөлж байв уу?

 

-Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийн ялыг бараг хэвээр нь үлдээлээ.Түүнтэй хамгийн ойр хамтран ажиллаж байсан хүний хувьд энэ талаар ярих ёстой гэж би бодож байна.

 

Бид “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж бүгдээрээ ярилцаж, санал бодлоо солилцож байж ажил хэрэг болгож байсан юм. Энэ бүхний дүнд ганцхан Л.Гансүх гэдэг хүнийг яллах гэж байгаа бол бусад бүх зөвлөхийг нь яллах ёстой болов уу гэж бодож байна. Тухайн үед Хүдэрбаатар гэдэг хүн хаана амьдардаг, ямар хэмжээний орлоготой вэ гээд бүгдийг Авлитай тэмцэх газраас шалгаж байсан. Өнөөдөр Шинэчлэлийн Засгийн газар, түүний хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөр ард түмэнд хамгийн хэрэгтэй, ашигтай, эрэлттэй, тэдний талархлыг хүлээсэн ажил болж чадсан. Олон хүн нүүрс түлж амьдарч байгаа учраас энэ бүгдийг сайн мэдэж байгаа гэж ойлгож байна. 

 

Өнөөдөр нийгэмд шударга ёс байна уу гэвэл алга байна шүү дээ. “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ард түмний халааснаас  47.6 тэрбум төгрөгийг хэмнэж чадсан. Багануурын уурхай анх удаа ашигтай ажиллаж эхэлсэн. Хөгжлийн банкнаас хамгийн хямдхан, бага хүүтэй зээл олгуулж байсан. Энэ хэрэг дээр өнөөдөр хэн ч хохироогүй, ямар нэгэн хохиролгүй. Гэтэл хэн нэгнийг хохироох, муухай харагдуулахын тулд зохион байгуулалттай зүйл хийж байна.

 

“ Үнээ минь сүүтэй байсныг үхсэнийх нь дараа л мэдсэн” гэж хүмүүс ярьдаг шиг Шинэчлэлийн Засгийн газар хамгийн нэр хүндтэй байсныг одоо ярьцгааж байна. Тэр Засгийн газрыг унагаахын тулд олон хүнээр оролдсон, би хүртэл дунд нь явсан. Тэр хүмүүс өнөөдөр санасандаа хүрч, Засгийн газрыг унагаасан. Түүнээс хойш хоёр жил өнгөрлөө, Шинэчлэлийн Засгийн газар хамгийн сайн ажилласан гэдгийг ард түмэн ойлголоо. Одоо болсон юм биш үү.

 

-Цаашид яах ёстой вэ. Журмын нөхрөө хамгаалах талаар та өмнө нь ярилцлага өгч байсан. Энэ тухай бусадтайгаа зөвлөлдсөн үү?

 

- Л.Гансүхийг шүүх хурлыг сайтар ажиглалаа. Улсын Дээд шүүхээс асуудлыг эцэслэж гэм буруугүй гэдгийг нотолчих болов уу гэтэл тэгсэнгүй. Цаашид Л.Гансүхтэй хамтарч ажиллаж байсны хувьд, ямар нэгэн хууль бус зүйлд орооцолдож байгаагүйн хувьд хамтрагчийнхаа төлөө тэмцэх болно. 

 

-Хяналтын шүүх нэгэнт шийдвэрээ гаргасны дараа ингэж яриад үр дүнд хүрч чадах болов уу?

 

-Зарим хүн өнгөрсөн хойно нь дуугарлаа гэх байх. Болоогүй, өнгөрөөгүй. Бид өөрсдийн хэмжээнд дахиад тэмцэнэ. Зөвлөхүүд бид шүүх хурлын дараа уулзаж ярилцсан. Өмнө нь зөв талаас нь шийдчих байх гэж харж, найдаж, хүлээж байлаа.

 

-Багануураас хоёр тэрбумын алдагдал гэсэн тоо гаргаж ирсэн нь ямар учиртай юм бол?

 

-Тэр бол зохиомлоор гаргаж ирсэн тоо. Хэн ч хохироогүй, манайх ч хохироогүй гэдгийг Багануурынхан шүүх хурал дээр ярьж байсныг бүгд харсан шүү дээ. Зохиомлоор гаргаж ирсэн мөнгөө хэнээр, яаж төлүүлэхээ өөрсдөө мэднэ биз.

 

-Энэ хэргийг нааштай шийдэх хуулийн гарц байгаа болов уу?

 

-Бүх гарц бий. Өнөөдөр төр барьж байгаа Ардчилсан нам өөрийнхөө хүнийг хамгаалахын тулд ажиллах хэрэгтэй байсан. Энэ намын өнгө төрх өнөөдөр ийм л байна шүү дээ. Бүгд хамтарч хүнээ хамгаалсан бол, удирдлагууд нь нийлж, нэг зүгт дуугарсан бол өөр байлаа.

 Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 


Нийтэлсэн: 2016-03-25 16:40:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ