“ЗӨНБИЛГИЙН ТУЛААН 15” ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ ЖУЛИЯ ВАНГ: БИ ЭНЭ НИЙГМИЙН ХАРЬ ЭЛЕМЕНТ

Гоо бүсгүйн тэмцээний хатан хаан мэт үзэсгэлэн төгс энэ бүсгүй ид шидийн мэт хэрнээ заримдаа аймаар харц, гоолиг сайхан биеэрээ шууд л олны анхаарлыг татдаг. Жулия Ванг “Зөнбилгийн тулаан”-ы эхний шатнаас л шилдгүүдийн нэгт орж чадсан. Тэр авто машины тээшинд нуусан хүн олж, хаалтны цаад талд байсан юмыг тааж, Мистер Х-ийг шоконд оруулсан билээ.
Жулия Владимировна Ванг 1981 оны 10-р сарын 29-нд төржээ. Тэр бол гэрэл зурагчин, загвар өмсөгч, дуучин, дизайнер. 179 см өндөр. Нөхөргүй, Рига хотод ээж, бас нохойтойгоо амьдардаг. Жулия олон клип, зар сурталчилгаа, кинонд тоглож, нэлээд хэдэн дуу бичүүлсэн төдийгүй “Гяланцаг” сэтгүүлд зургаа авахуулдаг аж. Жүжигчний сургуулийг төгссөн Жулия Ванг одоогоор “Киллер”, “Хамгийн шилдэг кино 2”, “Неваляшка”, “Өдрийн харуул”, “Бальзаковын нас буюу эрчүүд бүгдээрээ өөдгүй амьтад”, “Галыгин. Ру” зэрэг кинонд гол болон туслах дүр бүтээгээд амжсан байна. Бас өөрөө хувцас оёдог, загварын үзүүлбэр зохион байгуулдаг гэнэ.
Жулия Ванг өөрийгөө төрөлхийн гоц чадвартай, ирээдүйг хардаг байсан гэж ярилаа. Түүний багад гэр нь цэргийн гарнизонд байсан бөгөөд Жулия ой гаруйтай байхдаа л бүтэн салаа цэргийг өөртөө захируулж, хүссэнээрээ хөдөлгөж чаддаг байжээ. Ингээд “Болор гар”-ын эзэн болсон Жулиягийн намтар, ярилцлагыг “Тайлагдашгүй нууц” сэтгүүл уншигчиддаа сонирхуулж байна.

  -Таны гоц чадвар хэзээ нээгдсэн бэ?
 
-Би эхээс төрөхөөсөө л гоц чадвартай байсан. Үүнийгээ өөрөө мэддэг  тул энэ бүхэн надад шинэ нээлт байгаагүй.
 
-Эцэг, эхийнхээ тухай ярих уу. Одоо хаана байдаг, таныг хэрхэн яаж хүмүүжүүлсэн гэх зэргээр?
 
-Ээж маань одоо Рига хотод надтай цуг амьдардаг. Онцгой хүмүүжил гэж үнэндээ байгаагүй. Бид Германд цэргийн ангид амьдардаг байлаа. Ээж надад их хайртай,тэр намайг ямар хүн гэдгийг ойлгож ханддаг. Би их хачин, бусад хүүхэдтэй харьцуулахад ер бусын байсан гэдэг. Жишээлбэл амьтадтай ярилцдаг байв. Ээж миний энэ хөгжлийг, намайг юугаар ч хязгаарлаагүй. Би маш эрт уншиж, бичиж сурсан. 2 нас гаруйтай байхдаа өөрөө ном уншихад ээж их баярласан. Намайг бусадтай адилгүй байгаад ээж их баяртай байдаг.
  -Багынхаа сонин тохиолдлоос ярихгүй юу?
  -Бусдад чадвараа харуулах хэрэггүй гэдгийг би бага байхдаа л ойлгосон. Яагаад гэвэл эцэст нь надад таагүй байдлаар эргэдэг. Би хүүхэд байхдаа нэг удаа хөрш эмэгтэйд нөхрийнх нь ходоод өвчтэй тул шорлог идэж болохгүй гэж анхааруулсан юм. Гэтэл нөхөр нь мах хэтрүүлж идээд эмнэлэгт хэвтэхэд тэр эмэгтэй намайг л буруутгасан.
  -Ээж чинь таныг тээж байхдаа гоц, хачин зүйл ажигласан гэдэг бил үү?

 
-Ээж намайг тээж байхдаа л ер бусын гэдгийг ойлгосон гэсэн. Төрөх үеийн сонин түүхийг ярьж өгье л дээ. Ээж маань жирэмслээд 11  сарын дараа намайг төрүүлсэн юм шүү дээ. Бас нэг юм хэлэхэд, би төрөхөөсөө өмнө гурван ч удаа үхэх шахсан. Ээж автын осолд орсон, бас жирэмсэн байхдаа мухар олгойгоо авахуулсан юм. Мөн намайг хорвоод мэндлэхэд эх барьсан хүн маань алах гэж оролдсон. Ээж юунаас болж тэр хүн ийм алхам хийснийг тодруулах гэтэл нөгөөдөх чинь нууцлаг байдлаар эмнэлгээс алга болсон гэсэн. Огт байгаагүй юм шиг.
-Ямар сонин юм бэ?
-Харин тийм, бас намайг төрөх үед баахан хачин хүн ээжид харагдсан гэсэн. Тэгээд намайг төрмөгц хана руу уусах мэт алга болчихсон.
-Гэхдээ таныг ээжтэйгээ харилцаа жаахан тиймхэн байдаг гэж сонссон, үнэн үү?
 -Ээж бид хоёрын хувьд би ээж нь, харин тэр охин гэсэн үг. Миний ээж яг хүүхэд шиг. Тэр идэвхгүй, энэ нь миний сэтгэл санааг маш их зовоодог. Тиймээс би түүнийг харж халамжилдаг гэхэд болно. Уг нь цорын ганц хүүхэд нь шүү дээ. Нэг хэсэг намайг ойлгодоггүй үе байсан. Аз болоход, бидний харилцаа саяхнаас огт өөрөөр эргэлээ. Ээж одоо намайг байгаагаар минь хүлээж авч, бид эвлэрсэн. Би энэ амьдралд нэг бус удаа амиа хорлох гэж оролдож байсан, 2 ч удаа клиник үхэлд орсон.
-Клиник үхлийн үед харсан юмаа санаж байна уу?
-Үхлийн ирмэг дээр би бүхнийг харсан. Энэ орон зай үргэлж хэвэндээ, адилхан. Үхлийн дараа хов хоосон гэж олон хүн баталдаг ч үнэндээ энэ тийм биш. Үүнийг биеэр туулсан хүмүүс зүгээр л юу ч санадаггүй юм. Гэхдээ эдгээр клиник үхэл надад нөлөөлөөгүй, би үүний дараа ч дотроо өөрчлөгдөөгүй.
-Та яагаад хүн үздэггүй, хүлээж авдаггүй юм бэ?
-Зүгээр л хүсэхгүй байна. Надад хандсан хүмүүсийн хувьд азтай хэрнээ харин надад таагүй тохиолдол болсон юм. Хүмүүс өөрт нь өгч байгаа юмыг үнэлдэггүй. Иймээс би хэзээ ч хүн үздэггүй, интернэтээр үйлчилгээ үзүүлдэггүй, зөвлөгөө ч  өгдөггүй. Өөрийн гоц чадвараа зөвхөн өөртөө ба ойр дотны хүмүүст туслахад ашигладаг.
-Таныг бага байхад үе тэнгийнхэн чинь яагаад үзэн яддаг байв?
-Би интроверт хүн байсан, их дотогшоогоо, хаалттай. Өөрийн ертөнцдөө амьдардаг. Бусад хүний хувьд би их хачин хүүхэд байсан байх. Намайг 2 нас гаруйтайдаа уншиж сурсны төлөө үзэн ядах болсон. Бас үеийн хүүхдүүдийнхээ мэдэхгүй юмыг мэддэг гэж, мөн гаднаасаа ч дотроо ч бусдаас их ялгаатай гэж дургүйцдэг байлаа. Өөрөөр хэлбэл би тэдний жижигхэн, бичил нийгэмд харь элемент. Нэг удаа хүүхдүүд бүр намайг алахыг хүссэн. 12-той байсан шиг санаж байна. Намайг сургуулийн 6-р давхраас шидэхийг оролдсон. Захирал харин цагаа олж ирэн, миний гараас барьж авсан юм. Намайг шидэх гэж байсан тэднийг бага зэрэг шийтгэсэн. Харин дараа нь амьдрал өөрөө ч шийтгэсэн.
-Таны хачин авир төрхийг ээж чинь анзаарсны дараа эмчид үзүүлж, эмчлүүлэх гээгүй юу?
-Ээж намайг эмчлэх гэж оролдоогүй, яагаад гэвэл энэ өвчин биш. Тэр өөрөө квантын физикч учраас миний гоц чадварыг хэвийн хүлээж авсан.
-Хуримтлагдсан сөрөг энергитэй та яаж тэмцдэг вэ?
-Би тэмцдэггүй, зүгээр л үл тоодог. Би хийсвэрлэн сэтгэж чаддаг. Нэг сургамжит үлгэр ярья. Будда шавь нарынхаа хамт өөрийг нь үзэн яддаг нэгэн тосгонд иржээ. Хүмүүс түүн рүү чулуу шидэж, хашгирч доромжилж гарлаа. Будда тэдэнд огт хариулсангүй. Түүнээс яагаад хариу барихгүй байгааг асуужээ. Будда “Өмнөх тосгонд надад жимс өгсөн. Надад хэрэггүй тул буцаагаад аваад яв гэж би тэдэнд хэлсэн юм. Доромжлол яг үүнтэй адил” гэж хэлжээ. Өөрт нь хэрэггүй тул Будда доромжлолыг хүлээж аваагүй аж. Ингээд хүмүүс доромжлолоо буцаан авч, цаашид түүнтэйгээ цуг амьдрах хэрэг гарсан. Би яг тийм зарчмаар амьдрахыг хичээдэг.
-Та жирийн хүний мэдэрдэггүй, хардаггүй юмыг хэрхэн, яаж мэдэрч, хардаг тухайгаа хуваалцахгүй юу?
-Энэ боломжгүй, жирийн хүн юу мэдэрдгийг би мэдэхгүй.
-Жирийн хүмүүстэй харьцахдаа тэднээс ялгаатайгаа анзаардаг л биз дээ?
-Нээрээ, тийм шүү. Би хэт нам авиаг сонсдог, разеткаар гүйж байгаа цахилгаан гүйдлийг ч сонсдог. Wi-Fi гэх мэт янз бүрийн долгионыг хардаг.
-Хөндлөнгийн дуу чимээ саад болдоггүй юу?
-Унтахад саад болдог. Орон гэрийнхээ бүх цахилгаан хэрэгслийг унтраахгүй бол унтаж чаддаггүй. Түүнээс гадна ахуйн цахилгаан хэрэгслийн хажууд намайг очиход эвдэрчихдэг юм.
-Та бусад зөнбилэгчтэй ч адилгүй, өвөрмөц. Эргэн тойронд тань тан шиг хүн бий юу?
-Үгүй, миний эргэн тойронд лав байхгүй.
-“Зөнбилгийн тулаан” дээр та огт сэтгэлийн хөдөлгөөнгүй мэт харагддаг. Танд хэзээ ч аймаар эсвэл сонирхолтой байдаггүй юу?
-Үгүй. Надад сонирхолтой эсвэл аймаар байна гэдэг боломжгүй. Харамсалтай нь, ямар нэг сэтгэл хөдлөл мэдэрнэ гэдэг надад асуудалтай.
-Тжсцээний талбай дээр бусадтайгаа хэр найзлав?
-Би тэдэнтэй аятайхан, эвтэйхэн харьцдаг. Найзалсан гэж хэлж чадахгүй. Харин Женятай бусдаас илүү ойр. Мөн Арсений дажгүй.
 -Тэмцээний үеэр танд өрсөлдөгчид саад болсон тохиолдол бий юу. Хаалт хийх буюу таны эсрэг өөр ямар нэг үйлдэл хийж байсан уу?
-Үгүй, надад хэн саад болж чадах юм бэ.
-Та “Зөнбилгийн тулаан”-аас өмнө хүн үздэг байв уу? Тулааны дараа үзэх үү, олон хүн тантай уулзахыг хүсч байна?
-Олон хүн хүсч байгааг би мэднэ. Гэхдээ би хүн үздэггүй. Хүмүүсийг хооллохыг хүсвэл тэдэнд загас бүү өг, харин загас барьж сургахыг заах хэрэгтэй гэдэг байх аа. Хүмүүс өөрсдөө өөрийн асуудлуудаа шийдэж сурах ёстой гэж би үздэг. Би чухам үүний төлөө энэ ертөнцөд ирсэн байх. Хүн өөрөө өөртөө тусалж сурахад туслах гэж.
-Хэрэв та хүн хүлээн авахгүй, үзэхгүй бол яаж тэднийг сургах юм бэ?
-Өөр олон арга бий.
-Таны нэрийг барьж интернэтэд луйвар хийдэг хүмүүст яаж ханддаг вэ?
-Тэдэнд сөрөг ханддаг. Ер нь хүмүүст ийм юманд бүү хуурт гэж хэлмээр байна. Миний нэрийг барьж мөнгө хийж байгаа хүмүүс үнэхээр жигшмээр. Тэдний хариуцлагагүй, увайгүй үйл ажиллагаанаас болж саяхан золгүй тохиолдол гарсан.
-Тэдэнтэй тэмцэх гэж оролддог уу?
-Тийм ээ, би боломжоороо тэдэнтэй тэмцдэг. Харамсалтай нь, хүмүүсийн итгэмтгий байдал, тэнэглэл хязгааргүй. Би хичнээн хэлж сануулсан ч нэмэр бага. Интернэт хуудсандаа хүн үздэггүй тухайгаа, хуурамч хүмүүсийг бүү тоо гэж хичнээн зөвлөсөн ч тэдэн рүү очсоор л байдаг. Болгоомжтой, анхааралтай бай, эрүүл ухаан, логикоор бодох хэрэгтэй.
-Та өөрийгөө хүн биш, харин хүний биед буй Хаосын онгод
(Эмх замбараагүйн) гэдэг нь ямар учиртай вэ?
-Миний гоц чадвар хязгааргүй. Би ид шидийг эзэмшээгүй, би өөрөө ид шид. Би бол Эмх замбараагүйн онгод. Тэгээд ч би өнгөрсөн бүх амьдралаа санадаг.
- Тэгэхээр та хүн биш, таны сүнс хүнийх биш гэж үү. Онгод яаж хүний биед төрдөг юм бол?
-Өөрийнхөө  хүслээр. Жишээлбэл, Будда, Есүс энэ ертөнцөд ирдэг шиг л өөр бусад онгод хүний биед төрж болно.
-Хүний биед төрсөн өөр онгодыг та таних уу?
-Харамсалтай нь үгүй. Гэвч тэд байдаг, би ганцаараа биш.
-“Зөнбилгийн тулаан”-ы хөтлөгч Марат Башаров тантай сээтгэнээд байсан гэсэн, үнэн үү?
-Худлаа.
-2015 он таны хувьд ямар жил болох бол?
-Миний амьдрал бүрмөсөн өөрчлөгдөнө. Миний хувьд хоёр хувилбар бий, нэг бол энэ махан бие маань үхнэ, эсвэл бүгд эсрэгээр эргэнэ. Ямар ч гэсэн одоо амьдарч байгаа газраа амьдрахгүй, өөр улсад очих байх.
-Хэзээ нэгэн цагт таныг үр хүүхдүүдээ бүүвэйлж, гэр бүлийн тайван амьдралаар амьдарч байгаа талаар бид сонсох болов уу?
-Би хүүхэдтэй ноцолдохгүй л болов уу. Надад тийм хүсэл алга, тэгээд ч эхийн зөн совин надад байхгүй. Өөр шигээ эртэй учирвал хүүхэд гаргаж магадгүй. Гэхдээ энэ бараг боломжгүй. Тэгт тэмүүлсэн бутархай тоо шиг.

-Сонирхолтой ярицлага өгсөн явдалд тань талархал илэрхийлье.

"Тайлагдашгүй нууц" сэтгүүлээс

 


Нийтэлсэн: 2016-03-25 19:47:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ