Д.Баяржаргал: Жембори бол таны хүүхдийн “Өөрийгөө таних” талбар юм


Удахгүй сурагчдын зуны амралт эхлэх дөхөж байна. Монголын скаутын холбоо гишүүд болон скаутыг сонирхогч 13–17 насны хүүхэд, залуучуудыг адал явдалт, майхант зуслан дахь олон улсын скаутын чуулга уулзалт буюу Жемборид урьж байгаа тухай олон нийтийн сүлжээнүүдийн орчинд мэдээлэл цацагдсан тул олон эцэг эхчүүд биднээс тодруулга хийж өгөхийг хүссэн юм.
Тиймээс бид Монголын скаутын холбооны Гүйцэтгэх захирал, Жембори зохион байгуулах үндэсний хорооны дарга Д.Баяржаргалтай цөөн хором ярилцлаа.


-Жембори гэдэг арга хэмжээ ямар зорилготой вэ. Энэ жил хэд дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна вэ?


-Жембори гэдэг нь “цугларалт” гэсэн утгатай үг бөгөөд Скаутын хөдөлгөөн үүссэн улс орон болгон Үндэсний онцлогтой Жембори зохион байгуулдаг. Жембори нь хүүхэд, залуучуудад богино хугацаанд олон төрлийн шинэ мэдлэг, дадал, чадвар эзэмшиж, сурч мэдсэнээ бусадтай хуваалцаж, хамтран амьдарч, хамтран суралцах, хамт олныхоо нэгэн гишүүний хувьд хариуцлага хүлээн, шийдвэр гаргах, гадаад дотоодын зорилго нэгт андуудтайгаа үерхэн нөхөрлөх сайхан боломжийг олгодог нэг ёсны хөгжлийн талбар юм. Монголд одоогоор 11000 хүүхэд, залуучууд скаутын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Гишүүн болон сонирхогч 6 - 25 насны хүүхэд залуучууд өөрийн сонголт, сонирхлоор орон нутгийнхаа скаутын салаа, бүлэг, бүлгэмд харьяалагдаж нийгэм, хүрээлэн буй орчиндоо скаутын олон талт үйл ажиллагаанд жилийн турш зохион байгуулалттай оролцдог. Оролцсон үйл ажиллагааны явцад бий болгосон хөгжил, чадвараа өөрөө бодитой харах, хянах, үнэлэх бусадтай харьцуулах зорилгоор Жембори хэмээх майхант цугларалтад оролцдог юм. Скаутын хөдөлгөөн Монгол улсад үүсч хөгжсөн 25 жилийн хугацаанд орон нутгийн майхант цугларалтыг 100 гаруй удаа, Үндэсний Жембориг 5 удаа зохион байгуулжээ.
Энэ жил бид олон улсын Жембориг 2 дахь удаагаа, 2017 онд Ази номхон далайн бүсийн орнуудын Жембориг анх удаа эх орондоо зохион байгуулахаар ажиллаж байна. Жембори бол хүч, ухаан, ур чадвараараа шударга өрсөлдөх талбар, жембори бол скаутуудын шинэ мэдлэг, мэдээллийн амьд талбар, жембори бол жижиг багаараа буюу салаагаараа шийдвэр гаргах боломж, жембори бол хүүхэд, залуучуудын үерхэл, нөхөрлөлийн талбар юм. Нэг үгээр тэдний “өөрийгөө таних” хамгийн боломжит орчин гэж хэлмээр байна.

-Жемборийн үеэр ямар арга хэмжээ явагддаг вэ?


-Бид хоёр жилийн өмнөөс бэлтгэлээ базааж ажилласны үр дүнд олон улсын стандартыг хангасан Жембориг зохион байгуулахад бэлэн болоод байна. Олон улсын хүүхдийн Найрамдал төвд 2016 оны 7-р сарын 25-наас 8-р сарын 1-нд болох Олон улсын 2-р Жембори, 2017 оны 7-р сарын 27-ноос 8-р сарын 2-нд зохион байгуулагдах Ази номхон далайн бүсийн 31-р Жемборийн үеэр үйл ажиллагааны хувьд өөр өөрийн онцлогтой “Скаутын ур чадварын Браунси арал”, “Авхаалж, зориг, тэвчээрийн адал явдлын төв”, “Амьдралд хэрэгтэй мэдлэгийн нийгмийн хөгжлийн төв”, “Шинжлэх ухаан, танин мэдэхүйн төв” гэсэн 4 цогцолбор тус бүрт сэдэвчилсэн 10 өртөөтэй ажиллана. Мөн Монголын уламжлалт соёл, нүүдэлчин ахуйг бодитоор харуулсан “Нүүдэлчдийн соёл”, чөлөөт цагаа илүү сонирхолтой өнгөрүүлэх “Чөлөөт цаг, тоглоом, наадгай” гэсэн 2 нэмэлт цогцолбор бүхий хүүхдийн хөгжлийн цогц хөтөлбөр хэрэгжинэ.
Цогцолбор төвүүдэд хүүхэд бүр биечлэн оролцох бөгөөд тэд нэг дэлхийн хүүхдүүд, тэд 7 хоног хамтдаа амьдарч, 168 цаг шинэ зүйлсэд суралцаж, 10080 минутын турш өөрийгөө сорьж, хөгжүүлж, 604800 секундийн турш дэлхий ертөнцөө таньж мэдэх болно.

-Жемборид хэдэн хүүхэд оролцох вэ? Танайхан ийм олон хүүхэд, залуучуудыг зохион байгуулалттайгаар бүх үйл ажиллагаанд оролцуулж чадах уу?


-Хүүхдүүдийн сэрэх, унтах, хооллох, тоглох, өөртөө үйлчлэх гээд Жемборийн бүхий л ажил үйлчилгээ, үйл ажиллагаа бүрийг цаг минутаар тооцож, хэн, хаана, хэзээ, юу хийж байгаа нь маш тодорхой, зохион байгуулалттай байх бөгөөд тухайн орчны эрсдэл, аюулгүй байдлыг ч нарийн тооцож чадсан байгаа. Жемборийн 7 хоногт оролцогч хүүхдүүд бүгд майханд амьдарна. Майхант зуслан “хавар, зун, намар, өвөл” гэсэн 4 дэд зуслантай. Дэд зуслан бүр 500 оролцогчдоос бүрдсэн 50 салааны зохион байгуулалттай.
Жемборийн үеэр үйл ажиллагаа хариуцсан ажилтан 88, салааны удирдагч 200 насанд хүрэгч тусгай сургалтаар бэлтгэгдэж ажиллан хүүхдүүдийн ая тух, аюулгүй байдлыг ханган ажиллана. Энэ багт мэргэжлийн байгууллагынхан, Монголын болон гадаадын скаутын байгууллагын удирдагчид багтсан.
Бид Жембори зохион байгуулах талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Зам тээврийн яам, Байгал орчин ногоон хөгжлийн яам, Гадаад хэргийн яам болон онцгой байдал, цагдаа, эмнэлэг, мэдээлэл технологи, Хүүхдийн төлөө үндэсний газар зэрэг төрийн байгууллагуудад албан захидал хүргүүлэн хамтран ажиллахыг санал болгосон. Тэд ч хамтран ажиллахаа эхнээсээ мэдэгдээд байна.

-Эцэг эхчүүд мэдээллийг хаанаас олж мэдэх, хүүхдүүд хаана очиж бүртгүүлэх вэ?


- Аймаг, нийслэл, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, газар, төвүүд Жемборийн үйл ажиллагааг дэмжигч байгууллагаар ажиллаж байна. Аймаг, дүүрэгт Монголын скаутын холбооны салбар зөвлөл ажилладаг бөгөөд тэд жемборид оролцох хүүхдүүдийг бүртгэж байгаа.
Эцэг эхчүүд манай байгууллагын www.scout.mn хаяг, info@scout.mn мэйл, 11-324171 дугаарын утсаар холбогдож хүүхдээ Жемборид бүртгүүлэх боломжтой.

- Эцэст нь хүүхдээ скаутын үйл ажиллагаанд хамруулахыг хүсч байгаа эцэг эхчүүдэд хандаж зөвлөгөө өгөөч. Олон эцэг эхчүүдэд төдийлөн тодорхой ойлголт байдаггүй.

-Одоо эцэг эх бүр хүүхдийнхээ хөгжил, хүмүүжил төлөвшлийг хамгийн чухал гэж үзэн, чадах хэмжээндээ анхаарал хандуулах болсон нь үнэхээр сайшаалтай байна. Нэг хэсэг эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсролд анхаарал хандуулаад хөгжил төлөвшилтийг нь орхигдуулаад байсан бол одоо өөр болж байна. Маш олон эцэг эхчүүд хүүхдийг гар утаснаасаа салдаггүй, ном уншдаггүй, бусадтай харилцдаггүй нэг үгээр ганцаардмал, зожиг болж байгаа талаар ярьж тэдэнд санаа зовдог. Тэд манай байгууллагад хандаж хүүхдээ нийгэмшүүлэх, бие даан амьдрах чадвартай болгох, нээлттэй болгох, олон нийтийн дунд биеэ зөв авч явдаг болоход нь туслахыг хүсдэг. Бид тийм эцэг эхчүүдэд, тийм хүүхдүүдэд туслахад бэлэн байдаг.
Бидний хэрэгжүүлдэг скаутын хөтөлбөр бол дэлхий нийтээрээ 100 гаруй жил туршин хэрэгжүүлж ирсэн, НҮБ-ийн салбар байгууллагуудаар хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын арга хэрэгсэл юм. Гэвч бид төрөөс нэг ч төгрөгийн санхүүжилт авдаггүй төрийн бус байгууллага тул төдийлөн хүүхэд бүрт хүрч, сургууль бүр дээр анхан шатны нэгжээ байгуулж чадахгүй байна. Одоогийн байгаа ажилтнуудынхаа хүч бололцоо, тоонд тааруулан 11000 хүүхэдтэй ажиллахад болж байна.
Хэрэв танай хүүхдийн суралцдаг сургууль дээр скаутын үйл ажиллагаа явагддаггүй бол эцэг, эхийн зөвлөл, сургуулийн захиргаагаар дамжуулан бидэнд хандвал бид найрсгаар хүлээн авч мэргэшсэн скаутын удирдагчид бэлтгэх, гарын авлагаар хангах, өдөр тутмын үйл ажиллагаагаа жигдлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг өгч ажиллана.
Та бүхэн энэ жил болох Олон улсын 2-р Жембори, ирэх жил болох Ази Номхон Далайн бүсийн 31-р жемборид хүүхдүүдээ оролцуулснаар тэд үе тэнгийнхнийхээ дунд, скаутын үйл ажиллагаагаар дамжин хэрхэн өөрчлөгдөж, хөгжиж байгааг бодитоор харах боломжтой.

-Танд баярлалаа. Зохион байгуулах гэж байгаа Жембори бүхэн чинь амжилттай байх болтугай!


-Танай хамт олонд ч бас баярлалаа. Хэвлэл мэдээллийн байгууллагынхан та бүхний энэ сайхан дэмжлэгээр Жембори бүхэн амжилттай болж, Монголын хүүхэд бүр сайн иргэн болж төлөвшинө гэдэгт итгэлтэй байна.


Нийтэлсэн: 2016-04-20 10:29:00
Видео мэдээ