Ж.Мөнхцэцэг: Чанарын зэрэгцээ зах зээлийн доод үнийг тогтоож байна



Монголдоо ванн, угаалтуурын үйлдвэрлэл эрхэлдэг цор ганц үндэсний үйлдвэрлэгч байдаг нь “Гантиг ванн” ХХК. Огт өөр салбараас үндэсний үйлдвэрлэлдээ хувь нэмрээ оруулахаар ханцуй шамлан орсон компанийн захирал Ж.Мөнхцэцэгтэй ярилцлаа.

-Ажил хөдөлмөр, бизнес бүр өөрийн гэсэн түүхтэй байдаг. Таныг сэтгүүлч хүн гэдгийг мэднэ. Чухам яагаад үйлдвэр лүү яваад орчив?

-Тиймээ, би Хэвлэлийн хүрээлэнгийн “Сэтгүүлч” коллежид багш, “Uptown” сэтгүүлийн редактор, эрхлэгчээр ажилладаг байсан. Харин хань маань БНСУ-ын ванн, угаалтуурын үйлдвэрт дөрвөн жил гэрээгээр ажиллаж, эх орондоо ирээд, үйлдвэр нээх талаар ярилцаж, судалж эхэлсэн. Ингээд 2012 онд орон байраа зарж, БНСУ-ын үйлдвэрт ашиглагдаж байсан, хуучин тоног төхөөрөмжүүдийг оруулан ирж, үйлдвэрээ эхлүүлсэн дээ. Тухайн жилээ 500 ширхэг бүтээгдэхүүн борлуулсан байдаг юм. Ямартай ч тоног төхөөрөмжөө бүрдүүлчихлээ. Үйлдвэрийн байр, бүтээгдэхүүний түүхий эдээ хэрхэн зохицуулсан бэ? Эхний жилдээ үйлдвэрлэлээ түрээсийн байранд явуулдаг байсан. Харин ах дүү нар минь тусалж өөрийн гэсэн байртай болгосон. Сард сая гаруй төгрөгийн түрээсэнд зарцуулахгүй болсноор маш том дэмжлэг болсон. Үйлдвэрээ нээгээд, эхний удаа тээврийн зардлаа хэмнэж, БНХАУ-аас түүхий эдээ татсан боловч эвдрэл, гэмтэл гарах зэрэг асуудал үүссэн учир хоёр дахь таталтаасаа эхлээд шууд БНСУ-аас түүхий эдээ авч байна.

-Үндэсний үйлдвэрлэгчидтэй уулзахаар “Бор зүрхээрээ л зүтгэж байна” гэцгээдэг. Танай үйлдвэрийн хувьд ч адилхан юм шиг. Өнгөрсөн хугацаанд ямарваа хөнгөлөлттэй зээл, тусламжид хамрагдав уу?

-Барилга хот байгуулалтын яаманд хандсан асуудал бүрийг маань нааштайгаар шийдэж өгдөг байсан. Гэхдээ зээл, тусламж зэрэг хөрөнгө мөнгөний асуудал биш л дээ. Харин өнгөрсөн дөрвөн сард Аж үйлдвэрийн яамнаас Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл зарлагдахад бид материалаа бүрдүүлээд өгсөн юм, харамсалтай нь дэмжигдээгүй. Уг шалгуур нь импортыг орлосон байх, зах зээл хангалттай байх, өрсөлдөгч багатай байх зэрэг байлаа. 1200-аад төсөл ирснээс ванн, угаалтуур үйлдвэрийн ганцхан төсөл байсан нь манайх. Төслийн ажилтан нь ч “Сайн төсөл байсан. Дэмжигдсэн биз дээ. Баяр хүргэе” гэж надтай уулзсан. Харин дэмжигдээгүй шалтгааныг сүүлд надад зээлийн мэргэжилтнүүд нь албан бичгээр өгөхдөө “Аудитаар батлагдсан санхүүгийн тайлан хавсаргаагүй” гэсэн шалтгаан нэрлэсэн байна лээ. Уг нь төсөл өгөхдөө аудитаар баталгаажсан санхүүгийн тайлангаа өгч, тодорхойлолт авдаг юм. Тэр тодорхойлолтыг өгсөн байхад яагаад ийм шалтгаан нэрлэснийг нь сайн ойлгохгүй, үнэндээ жаахан гомдолтой байна. Гэхдээ яах вэ, Үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого төрөөс, төрийн бус байгууллагуудаас, иргэдийн зүгээс ч сайн байгаа тул юм нэгээр дуусахгүй, дараагийн төсөлд оролцоно гэж бодож байгаа.

-Танай бүтээгдэхүүний импортын бүтээгдэхүүнээс ялгарах онцлог, үнэ өртгийн хувьд ямар ялгаа байна вэ? Монголд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн харьцангуй өндөр үнэтэй байдаг гэсэн ойлголт байдаг.

-Үнийн хувьд тийм ташаа ойлголт яваад байдаг. Манай бүтээгдэхүүний хувьд Хятад ванны бараг хамгийн хямд үнэтэй нь ижилхэн үнээр борлуулагдаж байна. Ашгаа бодоод үнээ нэмбэл худалдан авалт байхгүй болчихно. Ингэж үнээ барьснаар зардлаа нөхөөд, үйл ажиллагаагаа хэвийн явуулах хэмжээнд л байна шүү дээ. Тодруулбал 1.2-2 метр урттай ванн 170-450 мянган төгрөг, угаалтуур тавцан, тавиур загвараасаа шалтгаалан 50-150 мянган төгрөгийн хооронд борлуулагдаж байна. Энд хамгийн гол яригдах зүйл бол чанар. Хятадаас олноор орж ирж буй ваннууд нимгэн төмрийг паалангаар хучсан байдаг. Тэр нь тээвэрлэлтийн үед ховхорч, хонхойх тохиолдол 100-д 20 гардаг гэсэн тоо бий. Пааландсан нимгэн төмөр, хуванцар Хятад ваннуудыг чулуун ваннтай харьцуулахын аргагүй л дээ

-Бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нийт хэчнээн хүн танай үйлдвэрт ажиллаж байна?

-Манайх үйлдвэрийн найм, маркетингийн гурван ажилтантай. Ванн, угаалтуурын үйлдвэр монголд өмнө нь байгаагүй тул нөхөр маань зааж, сургаж дадлагашуулдаг. Бид “Зан чанарыг ажилд авч, ур чадварыг эзэмшүүл” гэсэн мөрдлөгийг баримталдаг. Ажлаа сул хаядаг, ар өврөөр бүтээгдэхүүн авч гарчих гээд байдаг нийтлэг дутагдал ажиглагддаг талаар монголын барилгын салбарынхан шүүмжлээд байдаг нь огт худлаа зүйл биш гэдгийг өөрөө энэ салбарт ажиллаад ойлгосон. Харин тууштай ажилладаг, сэтгэлээрээ хөдөлмөрлөдөг хүмүүс байдгийг боломжоороо дэмжээд, туслаад явахыг зорьдог доо. Хэрэглэгчдэдээ хандан та юу хэлэх вэ? Монголчууд ямар ч бүтээгдэхүүнийг гадаадаас авах шаардлагагүйгээр эх орондоо чанартай үйлдвэрлэж чадна, чадаж байна. Хэрэглэгчдийн дунд Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн өндөр үнэтэй гэсэн ташаа ойлголт байдаг. Харин бид чанарын зэрэгцээ зах зээлийн доод үнийг тогтоож байна. Иймээс үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжээрэй. Монголдоо үйлдвэрлэсэн баялгийг эх орондоо үлдээж, улс гэрээ хөгжүүлцгээе гэж уриалъя.

Ц.Анхзул


Нийтэлсэн: 2016-04-25 13:42:00
Видео мэдээ