С.Үүрцайх: Үр хойчид маань өр болохгүй асар их мөнгийг бид гаднаас оруулж ирж чадна


Зохиогч нь тодорхойгүй ч 50 мянга гаруй хүнийг нүүрномоос “уяж” чадсан “Монгол тэрбумтан” зөгнөлт зохиолын “нууц ноёнтон” өөрийгөө илчиллээ. Тэр бол “Rich golden bulls” компанийн захирал С.Үүрцайх байжээ. Монгол Улсын их сургуулийг IT чиглэлээр дүүргэж, АНУ-ын Чикагогийн их сургуульд хуульч мэргэжлээр суралцсан түүнтэй уулзаж, цөөн хором хөөрөлдөв.


-Бидний дийлэнх нь хар барааны талаар л ярьдаг болжээ. Харин тантай уулзмагцаа л сайн сайхан, гэрэл гэгээний талаар ярилцмаар санагдлаа?


-Гэрэл гэгээг олон өнцгөөс харж болно л доо. Хүн яг одоо байгаа гэрэл гэгээгээ мэдрэхээсээ илүүтэйгээр өнгөрснийхөө гэрэл гэгээг эргэн дурсаж мэдэрдэг юм шиг байна. Миний хувьд хорвоод мэндэлмэгцээ хамгийн анхны том гэрлээ үзжээ. Өөрөөр хэлбэл, эхийн хэвлий хэмээх орон зайд торниж байсан би энэ сайхан уужим хорвоод мэндлээд амьдралынхаа хамгийн анхны гэрэл гэгээг мэдэрсэн. Түүний хойш ч олон гэрэл гэгээг олж, мэдэрчээ. Тэр болгоныг тоочвол нэлээд урт дурсамж хөврөх болно. Тиймээс миний амьдралд одоогоор хамгийн сүүлд туссан гэрлийн талаар яръя. Энэ бол манай компани Монголд баригдах бага сургууль, цэцэрлэгийн 72 цогцолборын концессийн гэрээнд Засгийн газартай хамтарч ажиллахаар гарын үсэг зурсан явдал юм. Одоогоор арван цогцолборын шавыг тавиад байна. Энэ бол Монголын ирээдүй хойч болсон хүүхэд багачуудын оюунд эрдмийн гэгээ тусгах маш том бүтээн байгуулалт. Энэ 72 цогцолбор ашиглалтанд орсноор 20 мянга гаруй хүүхэд сургууль, цэцэрлэгт хамрагдана.


-Энэ том бүтээн байгуулалтанд гадаадаас хөрөнгө оруулалт татна гэдэг амаргүй ажил. АНУ-д сурч, амьдарч байхдаа холбоо тогтоосон танилуудынхаа сүлжээгээр тань нэлээд ажил нугалсан байх даа?


-Манай компани өмнө нь банк бус санхүүгийн байгууллага ажиллуулдаг байсан юм. Энэ үеэс санхүүгийн туршлага хуримтлуулж, тэр хэмжээгээр танилын сүлжээтэй болсон. Мөн гадаадад сурч байхдаа нэлээд олон түнштэй болсон. Энэ мэтчилэнгээр танил түншүүдийн сүлжээ үүсгэсэн маань энэ ажилд үр дүнгээ өгч байна.


-Таны хувьд Монголын ирээдүйг гэрэлтүүлэх замаа засаад эхэлжээ. Тэгвэл өөртөө хэр гэгээлэг замыг засч байна вэ?


-Би өөрөө гэрэл гэгээ рүү тэмүүлнэ гэхээсээ илүү бусдад гэрэл гэгээг түгээж, эх орны хөгжилд хувь нэмрээ оруулж, түүнээсээ таашаал авдаг нэгэн. Өөрөөр хэлбэл, өөртөө зориулж гэрэл гэгээ бэлдээд, түүндээ баясаж амьдарна гэдэг ойлголт надад байхгүй. Харин өрөөл бусдад л гэрлийг түгээж байвал баярладаг, сэтгэл тэнүүн байдаг. Тэр гэрлийн оч эргээд над дээр ч бас тусдаг л байх.


-Тантай гэрэл гэгээний талаар ярилцах бас нэгэн шалтгаан нь “Монгол тэрбумтан” зөгнөлт зохиол. Ямар нэгэн авторгүй ч “Богино өгүүллэг, яруу найрагч сонирхогчид” хуудсанд 50 мянга гаруй хүнийг нэгтгэж, Монгол тэрбумтаныг дэлхийд төрүүлж болох юм байна гэсэн гэрлийн очийг сэтгэлд нь тусгасан энэ зохиолын цаана та байжээ?

 

-Би 1996 онд их сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан байхдаа “Монгол тэрбумтан” зөгнөлт зохиолоо бичсэн юм. Тэр үеийн таван төгрөгийн гурван ч дэвтрийг дүүртэл бичсэн боловч нэгэн нүүдлийн үеэр дэвтрүүдээ гээчихсэн. Гэвч тэнд бичсэн бүх зүйл сэтгэлд минь үлдсэн. Бид яагаад бусад орныхоос өндөр ханштай мөнгөтэй, бусдаас зиндаа дээгүүр, оюун санааны хувьд дэлхийд анхдагчид байж болохгүй гэж гэсэн бодол тэр үеэс хойш намайг дагасаар л байсан. Тиймээс өнгөрсөн жилээс тэр зохиолоо сэргээн бичиж эхэлсэн юм. Энэ бол мянган бүлэгтэй ч байж болох зохиол. Үүнийг би ганцаараа бичихгүй. Бид, бидний дараагийн үеийнхэн ч үргэлжлүүлэн бичих боломжтой. Учир нь, энд хэн нэгний амьдрал, ирээдүйн тухай биш Монголын ирээдүйн талаар зөгнөж бичсэн юм. Зарим хүмүүс хэт сунжирчих юм биш үү гэж асуудаг л даа. Үгүй ээ, Монгол Улсын  үргэлжилж байгаа энэ амьдрал хэзээ ч сунжрахгүй. Хором бүрт шинэ хүн төрж, шинээр цус сэлбэж, шинэ зүйлсээр дүүрч байгаа энэ амьдрал бол мөнхөд үргэлжлэх зүйл юм. 


-Ийм том зүйлийг зөгнөж “харчихаад” нэрээ нууцалдаг нь ямар учиртай юм бэ?


-Би гэдэг нэрийг гаргахаасаа илүү хүмүүс ийм зүйл уншаасай, сэтгэгдлээ хуваалцаасай гэсэн хүсэл байсан юм. Мөн хүн бүр мөрөөддөг байгаасай. Тэр мөрөөдлийнх нь очийг сэтгэлд нь асааж өгөх юмсан гэж хүссэн.
-Яг энэ мөчид таны төсөөлөл дунд оршин тогтнож буй Монгол Улсыг харах хүсэл өөрийн эрхгүй төрлөө?
-Монголын төр мэдлэгээрээ л амьдардаг тогтолцоонд шилжээсэй гэж би хүсдэг. Мянган хүн текстийн шалгалтанд орлоо гэж бодоход нэгдүгээр байрт жагссан нь сонирхлынхоо дагуу салбарынхаа даргаар сонгогддог. Хоёрт жагссан нь орлогч нь болдог байгаасай. Өөрөөр хэлбэл, мэдлэг, мэдлэгийнхээ түвшингээр л амьдарцгаах юмсан. Энэ тухай зохиол дээрээ ч бичсэн.


-Даанч харамсалтай нь, Монголд хамгийн хямд зүйл нь мэдлэг л байна даа?


-Тийм ээ, энэ эрх мэдэлтнүүд, олгархиуд мэдлэгийг үнэхээр үнэгүйдүүлж байна. Жишээлбэл, ядарсан нэг ажилчны хүүхэд онц сурдаг байжээ. Тэр хүүхэд их сургуулиа онц төгсөөд нэг ажилд орлоо гэж бодъё. Гэтэл дунд сургуульд байхдаа хичээлээ хийдэггүй, гудамж метрлээд явж байдаг байсан ангийнх нь хүүхэд хэн нэгэн албан тушаалтны шууд татаасаар ирээд, удирдах албаных нь суудалд суучихсан байдаг. Өөрөөр хэлбэл, мундаг мэдлэгтэй нэгнийг тун дулимагхан мэдлэгтэй нэгэн дүгнэхээр болж байна даа. Энэ бол бодот амьдрал дээр хэзээ ч байж боломгүй шударга бус явдал. Магадгүй, үүнээс л болоод мундаг мэдлэгтэй залуусынх нь дийлэнх нь архинд орж, гудамжинд гарч байна.


-Эсвэл гадаад руу “дүрвэчихдэг”. Гэтэл Монгол Улсаа хөгжүүлэхийн тулд бид уг нь оюун санааны энэ нөөц боломжоо дотооддоо  барьж байх ёстой, тийм үү?


-Тийм ээ, бид мундаг мэдлэгтэй залуусаа хилийнхээ дотор барьж байх ёстой гэж боддог. Гэвч яаж? Бид тэднийг хүчээр барьж чадахгүй шүү дээ. Тиймээс амьдрах орчин болоод эрх зүйн орчинг нь сайн бүрдүүлж өгөх хэрэгтэй байна. Тэгж чадахгүй бол хүн мэдлэг үнэлдэг газар руу л тэмүүлнэ шүү дээ.


-Танд ч бас мэдлэг үнэлдэг газар ажиллаж, амьдрах боломж байсан. Харин та Монголдоо иржээ. Хамгийн том шалтгаан нь юу байв?


-Монгол хүн ухаантай л бол эх орондоо эргэж ирээд, Монгол Улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах ёстой. Түүнээс биш харийн оронд гурав дахь, дөрөв дэх түвшингээс доогуур ажиллаж, амьдрах ёсгүй юм.


-Тэгвэл та мөрөөдлийнхөө Монголыг “бүтээж” чадаж байна уу?


-Энэ асуултанд хариулахад их түвэгтэй. Үнэнийг хэлэхэд, би нэг талаар чадаад байгаа юм шиг хэрнээ нөгөө талаараа огт чадахгүй байна. Бусад хүмүүс ч надтай яг адилхан. Дээр дурдсанаа дахиад л давтая. Монголд мэдлэгийн системийг үнэлэхгүй байна. Мэдлэгийн системийг үнэлэхгүй бол Монгол Улс хөгжихгүй. Бид өнөөдөр гоё утас барьж, сайхан машин унаснаараа хөгжиж байгаа юм биш ээ. Үр хойч маань ч гоё утас бариад л, сайхан машин унаад л амьдрах уу. Ингэж болохгүй.


-Тун итгэлтэй ярьж байгаагаас тань харахад та энэ гацаанаас гарах гарцыг олж харсан бололтой?


-Төр нь санаачилж, зоригтой хөдөлж чадахгүй байгаа бол залуучууд өөрсдөө мэдлэгээ дээшлүүлж, хүчтэй гарч ирэх хэрэгтэй. Дэлхий даяараа техникийн дэвшилээр уралдаж байна. Манай залуус ч энэ салбар руу зоригтой орох хэрэгтэй. Фэйсбүүк хөгжөөд хориодхон жил л болж байна. Гэтэл энэ хугацаанд асар их баялаг хуримтлуулж чаджээ. Дэлхийн бүх алтны уурхайг нийлүүлсэн ч тэр баялгийн өчүүхэн хэсэгт ч хүрэхгүй. Энэтхэгийн зах зээл дээр л гэхэд зөвхөн IT чиглэлээр сард хорин тэрбум доллар орж ирж байна. Манайд ч бас IT-гийн хүчирхэг армиуд бий. Зуун мянган залуу программ бичиг л дээ. Тэдний арван мянга нь амжилт олно. Тэд бүтээгдэхүүнээ гадны зах зээлд нийлүүлээд эхэлбэл сард арван тэрбум доллар юу ч биш шүү дээ. Энэ бол эргэн төлөх өр болохгүй, шууд Монголын зах зээлд орж ирж байгаа мөнгө. Өөрөөр хэлбэл, бид оюун санаагаа өргөн далайцтай ашиглаж чадвал Чингис хааны үеийнх шиг дэлхийг оюун санаагаараа эзэлж чадна аа. Гол нь бид газрын доорх зүйлд биш оюун санааны баялагтаа л итгэх хэрэгтэй.


Эх сурвалж: “Өнөөдөр” сонин. 2016.05.03


Нийтэлсэн: 2016-05-03 11:22:00
Видео мэдээ