Хотын шинэ орлогчоор Д.Баярсайхан, Г.Төмөрбаатар, Д.Амарбаясгалан, Ц.Сандаг-Очир нарын нэрс тодорчээ

Өнөөдөр НИТХ-ын анхдугаар хуралдаан болно. Энэ удаагийн хурлаар НИТХ-ын сонгуулийн дүн, бүрэн эрхийг зөвшөөрөх тухай, хурлын дарга, тэргүүлэгчдийг сонгох тухай, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн гэнэ. 2016 оны НИТХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж засгийн эрхийг барихаар болсон МАН-ынхан улстөрийн томилгооны асуудлаа аль хэдийнэ эхэлж, Удирдах зөвлөлийн хурлаараа УИХ-ын гишүүн асан Су.Батболдыг хотын захирагчид томилохоор шийдвэрлэж, НИТХ-ын даргаар нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйг дэвшүүлэх тохироог хийгээд байгаа. Үүнээс гадна өмнөх Засаг даргын орлогч нарын орон тоог хумиж 4 орлогч даргатай байна гэх зэрэг бүтцийн асуудлыг ярилцаад ч амжжээ. Хотын шинэ орлогч нарын томилгооны асуудалд МАН нэлээд буйртай үзэж ажлын туршлага, насны эрэмбэ зэргийг нь харгалзан үзэж долоо хэмжиж найм огтолно гэдгийг үлгэрээр үзэж тарж буй сурагтай. Тэдгээр орлогч нарын нэрсийг тандвал СХД-ийн ИТХ-ын дарга асан Д.Баярсайхан, СБД-ийн Засаг дарга асан Г.Төмөрбаатар, НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан, Багануур дүүргийн Засаг дарга асан Ц.Сандаг-Очир нарын нэрсийг тодруулаад байгаа аж. Өөрөөр хэлбэл хотын амьдралыг сайн мэддэг, дүүрэг удирдаж байсан, ажлын туршлага зэргийг нь харгалзан тэдгээр эрхмүүдийн нэрсийг тодруулаад байгаа бололтой. Учир нь НИТХ-д сонгогдсон 34 төлөөлөгчийн дийлэнх шинэ залуу улстөрд орж буй хүмүүс тул туршлагын хувьд шинэхэн Засаг даргад нөмөр нөөлөг муутай. Тиймээс ажлын туршлагатай хүмүүсээр багаа бүрдүүлэхээр шийдсэн нь энэ ажээ.   

 

 


Нийтэлсэн: 2016-07-04 02:14:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ