ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН НЭГТГЭЛИЙН АЖИЛТНУУД ҮҮССЭН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

Өнгөрсөн хугацаанд ЗТН-ийн үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд тэргүүлэгчдийнхээ хурал болон тайлант хурлаа нэг ч удаа хийж чаддаггүй байсан. Таван ч ҮЭ-ийн байгууллага өөр өөрийн эрх ашгаа хамгаалж маргааны түвшинд асуудлыг олон нийт болоод дээд байгууллагадаа буруу ташаа мэдээлэл өгдөг байсан байна. Үүнээс болж ажилчдын эрх ашиг хөндөгдөж, тэдний дунд үл ойлголцол их бий болж эхэлсэн. Тиймээс үүсээд асуудлыг шийдвэрлэх зорилгоор бүх ажилчдынхаа төлөөлийг оролцуулаад өнгөрсөн сарын 27-ны өдөр Эв нэгдэл Үйлдвэрчний эвлэлийн хороог хуралдуулж Ц.Ариунбаатарыг даргаар нь сонгосон байна. Уг хуралдаанаар Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 1590 ажилтнаас 1274  ажилтан буюу нийт ажилтнуудын 92 хувь нь гишүүнээр элсэж батламжаа гардан авсан бөгөөд бүтэц бүрэлдэхүүний хувьд 28 тэргүүлэгч, хяналтын хорооны 11 гишүүнийг баталжээ.
Ингээд ажилтнуудынхаа үг хэлэх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хангах, эрх ашгийг нь хамгаалах зорилгоор байгуулагдсан Эв нэгдэл үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчид 04 сарын 26-ны өдөр хуралдаж нэгтгэлийн захиргаатай Хамтын гэрээг Монгол улсын Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хууль, Үйлдвэрчний эвлэлийн тухай хуулиудыг иш үндэс болгон байгуулсан байна.
Ийнхүү Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажилтнууд хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалж чадах ҮЭ-ээрээ дамжуулан дээд шатны байгууллагатайгаа хамтын гэрээ хэлэлцээр байгуулж, хөнгөлөлт тусламж дэмжлэгийг авах боломжийг бүрдүүлсэн хууль ёсны байгууллагатай болж чадлаа. Дашрамд дуулгахад тус үйлдвэрчний эвлэлийн байгууллага хамт олны эв нэгдлийг хангаж үйлдвэрчний эвлэлийн дүрмийг сахиж, хамтын гэрээний заалтыг улирал, жилээр тайлагнаж гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж, хамтран ажиллахаа илэрхийлж, гишүүнчлэлээ баталгаажуулсан бөгөөд нийтийн тээврийн салбарт тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэхийн тулд цаашид нэгдэж ажиллахаар болсон байна.


 


Нийтэлсэн: 2017-05-12 19:40:00
Видео мэдээ