ТӨВ АЙМГИЙН ЗАСАГ НОЁН Ж.БАТЖАРГАЛ ТӨРИЙН АЛБААР ТҮРИЙВЧЭЭ ТҮНТИЙЛГЭЖ СУУНА

 Чоно борооноор, муу эр дүйвээнээр гэдэгчлэн дээдэс ноёд нь суудлаа олохгүй толхилцож байх зуур зарим нэгэн Засаг дарга нар ёстой дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байгаа бололтой. Тэдгээрийн нэг нь Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал өөрийн эрх хэмжээг хэтрүүлэн ашиглаж орон нутагтаа хуулийг гууль болгох ажлыг тунчиг чадамгай хийж байгаа гэнэ шүү. Хамгийн наад захын жишээ л гэхэд Төв аймгийн Засаг дарга Жигжидийн Батжаргал нь Угтаалцайдам сумын Засаг дарга Нэргүйн Гантулга болон тус сумын ИТХ-ын дарга Рээлхүмбийн Батбаяр нар хуйвалдан Угтаалцайдам, Цээл, Заамар сумдын нутгийн залгаа тариалангийн болон хадлангийн гол бүс нутаг болох Ятуут орчмын алтны үндсэн орд бүхий газар нутгийг зохион байгуулалалттайгаар сумын тусгай хэрэгцээнд авсан тогтоолыг 2017 оны 8 дугаар сард ихэнх төрийн албан хаагчид амардаг цаг үетэй давхцуулан хуурамчаар батлан болор чулууны кварцын илэрц бүхий орд газар нэрээр хуурамч мэдээлэл тарааж, бичил уурхай хэмээн нэрийдлээр томоохон хэмжээний хүчин чадал бүхий уурхай ажиллуулж байгаа. Хууль зөрчсөн энэ үйлдэлдээ тэд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай нэгэн компаниас 1,5 сая ам доллар авч завшсан бөгөөд болорын кварц бүхий чулуугаа БНХАУ руу шууд гаргаж боловсруулна хэмээн тохиролцож бичил уурхай нэрээр алтны үндсэн орд бүхий  газар дээр хууль бус шийдвэр гаргацгаасан гэсэн эх сурвалжийн мэдээ бий.

Ингэхдээ тус газар “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай” хуулийн 14 дүгээр  зүйлийн 4 дэх заалтын дагуу сумын Засаг дарга, ИТХ-аас шаардагдах саналыг Н.Гантулга, Р.Батбаяр нар хуйвалдан сумынхаа ИТХ-ын төлөөлөгчдөд мэдэгдэлгүй гаргасан бол, аймгийн Засаг даргаас гаргах шийдвэрийг Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал  аймгийнхаа ИТХ-ын дарга Ц.Энхбатыг зөвшөөрөхгүй байсаар атал дур мэдэн бие даасан шийдвэр гаргаж өөрөө хууль зөрчжээ.
Энэ асуудалд Угтаалцайдам сумын нутгийн ард иргэд эсэргүүцэл илэрхийлж эхлэхэд  сумын Засаг дарга Н.Гантулгын хууль зөрчсөн буруутай үйлдлээс болсон байна хэмээн аймгийн Засаг дарга Ж.Батжаргал 9 дүгээр сарын 4-нд ажлаас нь чөлөөлж хариуцлага завшуулсан бөгөөд харин оронд нь нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн нийлбэрийн дүн чанар өөрчлөгдөхгүйн адил бас нэгэн хамтрагч болох сумын ИТХ-ын даргаар ажиллаж байсан Рээлхүмбийн Батбаярыг хэдхэн хоногийн өмнө Угтаалцайдам сумын Засаг даргаар томилж батламжилсан мэдээ байна.
Р.Батбаярыг сумын Засаг даргаар томилуулахаар нэрийг аймгийн Засаг даргад өргөн мэдүүлэхэд АТГ-аас ашиг сонирхлын зөрчилгүй  хэмээн дүгнэлт гаргаж өгсөн байна. Угтаа бол нэг үйлдлээр хамтран хууль зөрчсөн үйлдэл хийсэн албан тушаалтнууд ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг нь хэн ч харсан илт байна. Тодруулбал тэд 10 жилийн нэг ангийн хүүхдүүд бөгөөд өнгөрсөн орон нутгийн сонгуулийн дараа бас биенээ сумын Засаг дарга, ИТХ-ын дарга болгох ажлыг гардан зохион байгуулсан халаас нэгтэй нөхдүүд.Түүгээр ч зогсохгүй үе улиран Төв аймгийн удирдлагаар ажилласан Ж.Батжаргал нь хуулиас давсан эрх мэдэл, төрийн албыг төрөл садан,найз нөхдийн холбоо мэт болгож түрийвчээ түнтийлгэж байгаа нь орон нутгийн иргэдийн бухимдлыг төрүүлээд эхэллээ. Ямартай ч одоогийн байдлаар илэрхий болсон энэ үйлдэл нь аймаг сумдын эрх бүхий албан тушаалтнууд хоорондоо үгсэн тохирч хууль зөрчсөн үйлдэл хийдгийг харуулаад байгаа юм биш үү. 

 


Нийтэлсэн: 2017-10-14 15:00:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ