БЗД-ИЙН ЗАСАГ ДАРГА Д.ПҮРЭВДАВАА ТӨРИЙН МӨНГӨӨР ХАЛААСАА ТҮНТИЙЛГЭХ НЬ ШУДАРГА ЯВДАЛ УУ

 

 

 

БЗД-ИЙН ЗАСАГ  ДАРГА Д.ПҮРЭВДАВАА ТӨРИЙН МӨНГӨӨР ХАЛААСАА ТҮНТИЙЛГЭХ НЬ ШУДАРГА ЯВДАЛ УУ

 

 

БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Буянжаргалтай ярилцлаа


-Сүүлийн үед БЗД-ийн Ардчилсан намынхан нэлээн бужигнаантай байгаа сурагтай. Нэг намынхан тэр тусмаа эрх мэдлийг ард түмэн та бүхэнд итгэж найдаж хүлээлгэчихээд байгаа энэ цаг мөчид эв эеийг сахих хэрэгтэй биш гэж үү?

-АН дотроо бужигнаж л байдаг.  Энэ бол асуудал биш. Ардчилал үнэний төлөө тэд бужигнаж байх ёстой. Намын нэрийг бодож  бусармаг зүйлийг дардаг байдалд цэг тавих ёстой. Өнөөдөр нийгэмд баахан авлигачид, хулгайчид яригдаад л байна. Эзэнгүй хулгайч авилгачдын тухай ярьдаг биш, харсан тийм нөхөдтэй хариуцлага тооцдог байх нь чухал гэдэг байр сууринаас би хандаж байгаа. Ийм хүний нэг бол  харамсалтай нь БЗД-ийн АН-ын дарга буюу манай намын дарга, тодруулбал БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваа юм. Та бүхний татварын мөнгөөр хууль зөрчиж намаа санхүүжүүлж байна. Үүнийг л намаа бодохгүйгээр хэлэх ёстой цаг болжээ. Учир нь би Монгол улсын иргэн болохоос Ардчилсан намын иргэн биш. Миний итгэл үнэмшил бол ардчилал шударга ёс. Харин сонголт маань АН.  

-БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдавааг төрийн мөнгөөр өөрийгөө санхүүжүүлээд байна гэлээ. Үүнийг ямар үндэслэл нотолгоогоор хэлээд байгаа юм бэ?

- 2012 оны Орон нутгийн сонгуулиар АН олонхи болж, эрх мэдлээ авсан. Ингээд 2013 оны хавар анхны АН-ын бүлгийн хурал болж, асуудал хэлэлцэх биш нэг л асуудал яригдсан. Хэлэлцсэн биш шүү. Хурал дээр БЗД-ийн Засаг дарга АН-ын бүлгийн Төлөөлөгчидийн урамшууллыг намд хандивлан авах шийдвэр гаргасан. 2013 онд  улирал тутамд Төлөөлөгч бүрт 2,5 сая төгрөг урамшууллын мөнгө төсөвлөгдсөн байсан. “ Ямар шалтгаанаар ингэж мөнгө хурааж байгаа юм бэ" гэж асуусан. Д.Пүрэвдаваа аймшиггүйгээр "2012 оны нөхөн сонгуулиар АН-д санал өгсөн хүн болгоныг 10,000 төгрөгөөр шагнана гэдэг амлалт өгсөн байгаа. Үүнийг тооцоод үзэхэд 310 сая төгрөг боллоо. Тийм учраас энэ мөнгийг авна"  гэсэн.  Бид Ардчилсан шударга ёсыг дээдэлж, ард түмнийхээ төлөө л ажиллана гэж гарсан болохоос биш эрх мэдэл авсныхаа маргааш татвар төлөгчдийн мөнгөөр намаа санхүүжүүлнэ гэж гарч ирээгүй гэж хэлснээр бидний зөрчил эхэлсэн.

-Сонгуулийн хуулиар мөнгөн амлалт амалж болохгүй гэж  хориглосон байдаг заалтыг АН зөрчсөн хэрэг үү?

-Энэ бол төрийг хууль бусаар авах гэмт хэрэг буюу Үндсэн хуулийг  зөрчиж байгаа хэрэг. Олон жил сонгууль тойрсон будилаан тасрахгүй байна. Миний чин хүсэл  энэ балиар сонгуулийн асуудал нь дуусаасай, цэгцрээсэй. Эцсийн эцэст АН ялахдаа биш, ард түмэн ялаасай. Сонгууль нь хуулийнхаа дагуу цэвэр ариун шударга явагдаад ард түмэн л ялаасай гэж бодож явдаг. Түүнээс  АН ямарч аргаар  хамаагүй ялж байх ёстой гэдэг уриаг дэмжиж чадахгүй. АН-ын гишүүн миний хувьд Шударга ёс нийгэмд тогтоосой. Ардчилал гэж яриад хүсээд байгаа ардчилсан ёс нь энэ нийгэмд тогтоосой гэж хүсч явдаг.

-Тэрхүү урамшууллын мөнгийг та бүхний зөвшөөрөлгүйгээр намдаа авчихсан хэрэг үү?

-Тэгсэн. Гэхдээ энэ асуудалд би их хүлээцтэй хандсан. Учир нь  Д.Пүрэвдаваа залуу хүн. Би хүнийг жоохон алдаа гаргангуут очоод дэгээдээд унагаах хүн биш. Тийм болохоор Д.Пүрэвдаваад албан ёсоор шаардлага тавьсан. Татвар төлөгчдийн мөнгө чи ямар хууль эрх зүйн үндэслэлээр биднээс хурааж авч байгаа тайлангаа тавь гэж Б.Цэвэлбазар бид хоёр  Д.Пүрэвдаваад албан тоот явуулсан.  “ Та нарт тайлан тавих шаардлагагүй " гэсэн хариу өгсөн. Ингэсэнээр  Б.Цэвэлбазар бид  хоёр АТГ-т хандахад хүрсэн.

-Шалтгаан нь?

- 2013 оны I, II улирлын урамшууллын мөнгийг намд шууд хураагаад авчихсан. Бид үүнийг эсэргүүцсэн учраас  2013 оны III IV,  2014 оны I II улирлын мөнгийг бидний данс руу шилжүүлдэг болсон. Мөнгө дансанд ороод ирсний маргааш нь БЗД-ийн АН-ын ХЭГ-ын дарга Ш.Ганчимэг утасдаж Урамшууллын мөнгөө  намдаа хандивла гэж шаарддаг байсан. Өнөөдөр Улс төрийн намын тухай хуулийн 18.1-д хүн итгэл үнэмшлээрээ намдаа хандив өргөж болно гэж хуульчилсан байна. Ёстой биш шүү. Мөн хуулийн 18.2-д аж ахуйн нэгж бол 10 сая хүртэлх төгрөг, хувь хүн бол нэг сая хүртэл гэж маш тодорхой заасан байгаа. 1 сая төгрөгнөөс давж болохгүй гэсэн үг шүү. Гэтэл бүр хачирхалтай явдал гарлаа. 2014 оны зун төсвийн тодотголоо батлах ИТХ хуралдлаа. Хурал эхлэхээс цагийн өмнө  заншил ёсоор АН-ын бүлгийн хурал хуралдлаа. Бүлгийн хурал дээр БЗД-ийн АН-ын хэрэг эрхлэх газрын дарга, Төлөөлөгч Ш.Ганчимэг  "тодорхой хэмжээний төлөөлөгчид урамшууллын мөнгөний талаар асуудал гаргаад байгаа учраас энэ мөнгийг төсвийн тодотголоор оруулж хасна" гэж хэлсэн.

-Тэгээд?

-Хэрвээ чи сайн дураараа намдаа  хандивлахгүй  бол  урамшууллыг чинь олонхийн саналаар гэж хасаж чадна гэдгийг харууллаа. Үүнийгээ  олон нийтэд  болохоор  “ БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгчид урамшууллаасаа татгалзлаа" гэж зарласан . Хачирхалтайн тэр татгалзсан мөнгөө Төрд нь буцаагаад өгөх байтал тэгсэнгүй. Урамшууллаасаа татгалзсан гээд байгаа хүмүүс маань Иргэний танхим нэрийн дор хөөрхөн "пи ар" хийж байна.  БЗД-ийн хороо бүрт Иргэний танхим байгуулах нэрийн дор бүтээн байгуулалт хийгээд эхэллээ. Нэг тэрбум 200 сая төгрөгөөр бүтээн байгуулт хийх юм байх. Бүтээн байгуулалтаар  цэвэрхэн хэл амгүй мөнгө олох арга ухаанаа олчихсон байгаа хэрэг л дээ. 100 сая төгрөгний ажил хийсэн бол 30 сая төгрөгийн ашигтай ажиллаж л таарна. Тийм боломжийг олгосон даргадаа баярласанаа илэрхийлж 10 сая төгрөг буцааж барих нь байдаг л асуудал биз дээ.  Нөгөөтэйгүүр дүүргийн ИТХ бол орон нутгийн парламент. Ард иргэдийнхээ эрх, эрх ашгийг хамгаалах үүднээс хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллаж ёстой. Гэтэл БЗД-ийн ИТХ маань иргэний танхим байгуулах гээд мужаан болчихсон явж байна. Татвар төлөгчдийн мөнгөөр өөрсдийгөө цэвэр рекламдаж байна. Нэг иргэний танхим нээлт, туузыг дарга нар л хайчилдаг шүү дээ 

-АТГ-т асуудлаа тавилаа гэсэн шүү дээ. Тэр юу болов?

-АТГ-т өнгөрсөн оны долдугаар сард хандсан. Ингээд АТГ-ын мөрдөн байцаагч, комиссар П.Алтанцоож гэдэг хүнээс сар хагасын дараа албан тоот ирсэн. Албан тоотод "...танай хэргийг авч үзээд Эрүүгийн Хэргийн 166, 166.2-т зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх тул харъяаллын дагуу дүүргийн нэгдүгээр прокурорт шилжүүллээ" гэсэн хариу ирсэн. Тэгэхэд нь би энэ хуулийн зүйл заалтыг сайн мэдэхгүйн улмаас ямар ч байсан гэмт хэрэг гэж үзсэн байна. Асуудлыг хэлэлцэх нь гээд бодчихгүй юу. Гэтэл тэр бичгээс хойш таг чиг. Үгүй ядаж л гомдол гаргасан юм чинь мэдүүлэг авах байх гэж бодож байлаа. Гэтэл ямар ч сураг  байдаггүй. Тэгэхээр нь өнгөрсөн оны 11 дүгээр сарын эхээр Д.Дорлигжав прокурор дээр асуудлаа тавиад орсон. Учир байдлаа хэллээ. Тэгсэн Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав гуай "чи намдаа өгч байгаа хандивдаа  яагаад унжаад байдаг хүн бэ" гэж асуудаг байгаа. Тэгэхээр нь асуудлыг эхнээс нь тайлбарлах хэрэг гарна биз дээ. Намд төрөөс албан ёсоор намын суудлын мөнгө өгдөг. БЗД-ийн ИТХ-ын АН-ын бүлэгт 2013, 2014 онуудад олгогдсон мөнгөний дэлгэрэнгүй хуулга  нь энэ байна. Жишээ нь би намдаа жилд 500,000 төгрөг авчирдаг. 32 төлөөгчийн 16 сая төгрөг. Төрөөс намд олгож буй Намын суудлын мөнгө. Харин Төлөөлөгчийн урамшууллын мөнгө бол надад ирж буй миний ажлын цалин гэж ялгааг нь гаргаж өгсөн.

-Хоёр өөр мөнгөний асуудал яриад байгаагаа ялгаж салгаж тайлбарлаж өгсөн гэсэн үг үү. Төрөөс өгсөн намын суудлын мөнгийг авдаг мөртлөө дээрээс нь нэмж ИТХ-ын Төлөөлөгчийн урамшууллын мөнгийг нь бас авсан хэрэг үү?

-Яг тийм. Тэгээд Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав "...ингэж болохгүй ээ. Чиний хэрэг чинь их удсан байна. Хаачихсан байх магадлал өндөр. Хэргийг сэргээсэн прокурор цагдаа дээр нь очоод асуу" гэсэн. Хэрэг аль хэдийн хаагдаж , тогтоолыг нь олж авлаа. АТГ-аас зөвхөн татвараас зайлсхийсэн гэх зүйл анги тогтоосны  дагуу тогтоолоо үндэслэж  гаргасан байх. Төлөөлөгчийн урамшууллын мөнгөнөөс 10 хувийг нь ХАОАТ-т хураалгасан байсан. Тэгэхээр татвараас зайлсхийхээгүй нь тогтоогдоно. Эндээс би АТГ-т ажиллаж байгаа нэг мөрдөн байцаагчийн буруутай үйл ажиллагаанаас асуудал хаагдсан байна гэж ойлгосон.  Харамсалтай нь яг тэр үеэр Дорлигжав прокурор Хууль зүйн сайд болж ажлаасаа гарч, Дорлигжав прокурорт гаргасан миний өргөдлийн хариуд  Улсын Ерөнхий прокурорын туслах Мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсийн дарга прокурор Е.Сагсайгаас хэргийг хэрэгсэхгүй болгосоныг баталсан тогтоол  ирүүлсэн.

-Ингээд асуудал мухардалд орсон хэрэг үү? 

-Бид Захиргааны хэргийн шүүхэд хандлаа. Захиргааны хэргийн анхан шатны хорь дугаар шүүх хэргийг 14 хоног хянаж үзээд авч хэлэлцэхээр болсон.  БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваа шүүхэд гаргасан тайлбартаа, дүүргийн төлөөлөгчдийн хурлын АН-ын бүлгийн төлөөлөгчдийн урамшууллын мөнгийг  намд хандивлах тухай асуудал нь намын дүрмээр зохицуулагдах намын дотоод асуудал бөгөөд АН-ын даргын байр сууриас асуудалд хандсан болно гэсэн. Тийм учраас энэ хэргийг Захиргааны хэргийн акт биш гэж үзэх ёстой гэсэн байсан.

-Танай намын дүрэмд Пүрэвдаваа даргын тайлбарласнаар тийм асуудал байдаг хэрэг үү?

-Байхгүй. Тийм учраас энэ тайлбарын дагуу Нийслэлийн АН-ын Дотоод Хяналтын  салбар хороонд хандаж бичиг явууллаа. Д.Пүрэвдаваа шүүхэд ийм тайлбар гаргаж байна. Тэгвэл АН-ын дотоод дүрэмд улс төрийн намуудын тухай хуулийн заалтыг зөрчиж мөнгө дээрэмдэж авах дүрмийн заалт байна уу. Тийм зүйл заалт байвал тэрмийгээ өгөөч гэсэн. БЗД-ийн ЗДТГ-ын Эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Гантулгын өгсөн ИТХ-ын төлөөлөгчдийн 2013 оны урамшууллын мөнгөний дэлгэрэнгүй хуулга энэ байна./үзүүлэв.Сурв/ 2013 оны эхний хагас жилийн 182 сая 500 төгрөгийг Төрийн сангаас ИТХ-д няраваар ажиллаж байсан хүүхний хувийн дансанд мөнгийг шилжүүлж, тэндээс бөөнөөр нь авчихсан. Мөнгийг бөөнөөр бэлнээр нь авахын тулд эд нар хувь хүний дансыг  ашигласан байна. Энд дурдагдаж  буй нярав энэ хэрэгт ямарч хамааралгүй хүн гэдгийг хэлэх хэрэгтэй.

-Үүнийг та яаж мэдсэн юм бэ?

-Энэ тухай нярав болон АН-ын бүлгийн дарга Энхтөр шүүхэд гэрчийн мэдүүлэг гаргасан байгаа.Төлөөлөгчдийн урамшууллын мөнгийг та бэлнээр нь авсан уу гэсэн асуултанд Энхтөр : "...2013 оны 5 дугаар сард хурлын ажлын албанаас төлөөлөгчдийн урамшууллын мөнгийг ирж ав гэж утсаар ярьсан. Тэр дагуу очиж бэлнээр нь авсан. Нэг төлөөлөгчийн 4,5 сая төгрөг. Нийт 139 сая 500 мянган төгрөгийг намын нягтланд бэлнээр нь хүлээлгэж өгсөн" гэж гэрчийн мэдүүлэгтээ хэлсэн байсан. Мөн Нярав  "...би тухайн үед өөрийн ажлын хажуугаар түр хугацаанд ИТХ-ын няравын ажлыг давхар хариуцаж байсны дагуу мөнгийг хүлээж авсан. Намын бүлгийн дарга Энхтөр, ИТХ-ын дарга Батхүү нарийн бичгийн дарга Мэндсайхан болон миний бие байлцан уг мөнгийг бэлнээр хүлээлгэж өгсөн. Энэ бүхнээс мөнгийг намд хурааж авсан нь тодорхой байгаа биз.

-Энэ бүхнээс тэгээд юу харагдаж байна гэх гээд байна вэ?

-Төлөөлөгч бүрээс хүлээж аваагүй, луйврын аргаар мөнгийг бөөнөөр бэлнээр нь гаргуулж авсан.  Дээрэмдээд авчихсан гэж би үзэж байгаа. Өмгөөлөгчгүйн дээр бас хуульч мэргэжилтэй биш учраас шүүх дээр гаргасан нэхэмжлэлээ хамгаалахын тулд хэлж байгаа үг үсгээ бүгдийг нь цаасан дээр буулгаж шүүх хурал дээр шүүгчдээ өргөн барилаа. Гэвч шүүгч маань Улс төрийн намын хууль , Төсвийн тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний тухай хуулиудыг хэрэглэхгүйгээр, өөрийн үзэмжээр  “ Намын бүлэг олонхиороо асуудлыг шийдсэн байна. Тийм учраас Пүрэвдаваагийн урамшууллын мөнгийг хурааж авдаг нь зөв, чиний буруу " гэсэн шийдвэр гаргалаа. “ Цөөнх нь олонхийн саналыг  хүлээн зөвшөөрөх “  энэ ардчилалын зарчмыг манай шүүгч их буруугаар ойлгодог юм байна. Учир нь олонхийн саналаар асуудал шийдэж болох боловч, олонхийн гаргасан тэр шийдвэр нь хуулийн хүрээнд гарч байх ёстойг шүүгч маань мэддэггүй юм байна. Шүүгч олонхийн шийдвэр хуулиас хүчтэй гэж үзлээ. Хууль эрх мэдэлтэй мөнгөтэй хүнд үйлчилдэгийг өөрийн биеэр амсаж мэдрэв.

-Та харамссан уу?

-Би харамсаж байна. Хуулийн байгууллага хууль давж луйвар хийх боломжийг олгодог юм байна. Тэгэхээр энэ бүхэнд Пүрэвдаваа бас буруутай биш. БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваа чадаж байна. Чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг үг бий биз дээ. Хуулийн байгууллага нь дээрэмдээд ав гээд хүлээн зөвшөөрчихлөө. Хүн эрх мэдлээ хуулиар хамгаалуулж яаж хэтэрүүлж  болдогийг харуулаад байна л даа.

-Бид татвараа төрдөө шударгаар төлчихлөө гээд бодоод сууж байхад энэ мэтийн хүмүүс албан тушаалаа ашиглаад байна гэхээр даанч харамсалтай шүү?

 -Хайран төсвийн мөнгө, хайран татвар төлөгчдийн мөнгө гэх асуудал хожуухан бас гараад ирлээ.  2014 оны 12 дугаар сард БЗД-ийн ИТХ дүүргийнхээ тамгын газрын бүх хэлтсийг хүлээн авч, ажлын тайланг нь сонслоо. Тэгтэл энэ үеэр Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төв гэх хэлтэс тайлангаа тавилаа. Тайлан бол тэр чигээрээ дандаа гадаад дотоодын айлчлалын мэдээлэл, бараг л  Гадаад хэргийн Яам аятай юм байсан.

-Яг яах гэж гадаад руу томилолтоор явсан байх вэ?

-Гадаадаас хөрөнгө оруулалт олж, бүтээн байгуулалт хийх юм гэнэ. Баахан тэнэцгээсэн юм байх. Хамгийн инээдтэй нь Шриланк улсад болсон  НҮБ-ын агаарын чанар, тогтвортой тээврийн хэрэгслийн асуудлын Ази номхон далайн бүсийн чуулга уулзалтад дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа  “ УБ хотод тогтвортой тээврийн бодлогыг хэрэгжүүлж буй байдал “ сэдвээр 10 хуудас илтгэл тавьжээ.  Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын газрын даргаас "Танай жилийн төсөв хэд вэ" гэж би асуухад "150 сая төгрөг" гэлээ. Та бүхэн сонирхоод үзээрэй. Шилэн дансны хуулийн дагуу БЗД-ийн ИТХ-ын болон Засаг даргын Тамгын Газрын сүүлийн гурван жилийн гадаад зардлыг сонирхоод нэг хараарай. Тус бүрдээ гадаад томилолтын зардал нь 100 саяас даваад явчихсан. Гэтэл дахиад тусад нь ингэж зардал гаргаж гадаад айлчлал хийсэн байдаг. Тэгээд  би Д.Пүрэвдаваад хандаж  " Чи бол зүгээр л дүүргийн Засаг дарга. НҮБ-ын хуралд  оролцож  үг хэлэх шаардлага огт байхгүй. Монгол улс бодлогын яамтай. Хөрөнгө оруулалт хариуцсан  Сангийн яамтай. Гадаад харилцаагаа бэхжүүлдэг Гадаад харилцааны яамтай. Зам тээврийн яамтай гэдгийг сануулж хэлсэн.

-Ажлынхаа чиг үүргийг мэдэхгүй нөхөр юм болов уу?

-Төсвийн хуульд  дүүрэг өөрийн төсвөөр хийх ажлыг хуульчилан баталж өгсөн байдаг. Төсвийн хуулийн 58.3-т дүүрэг өөрийн хөрөнгөөр дараах чиг үүргийг бие даан хэрэгжүүлнэ. Үүнд дүүргийн удирдлагыг хэрэгжүүлэх, дүүргийн засаг даргын шийдвэрээр олгодог нийгмийн халамж асрамжийн үйлчилгээг үзүүлэх, зохион байгуулах дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн аж ахуйн үйлчилгээ, нийтийн ариун цэвэр гудамж талбайн гэрэлтүүлэг цэвэрлэгээ хог хаягдлын зайлуулалт, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, дүүргийн нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах дүүргийн доторх нийтийн эзэмшлийн гэрэлтүүлгийн урсгал засвар арчилгааг хийх, дүүргийн тохижилт, мод ургамал цэцэрлэгжүүлэлт явган зам амралт болон хүүхдийн тоглоомын талбайг тохижуулна гэж байгаа. Тэгээд хуульд заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлнэ гээд заачихсан байгаа гээд маш тодорхой байгаа биз дээ. БЗД-ийн Гэр хороололд гэрэлгүй харанхуй  гудамжнууд, ус бороонд зам нь эвдэрч хүн битий хэл нохойч явах боломжгүй газрууд зөндөө байна.

-Захиргааны хэргийн шүүхэд ялагдчихлаа. Ингээд та Пүрэвдаваа гэдэг хүнд хорсоод алхам үйлдэл бүрийг нь хянаад байдаг юм биш биз дээ?

-Би ялагдсандаа гомдоогүй. Хамгийн гол нь Захиргааны хэргийн шүүх процессын үйл ажиллагааг мөрдөөгүйд бас харамсаж байна. Тогтоол уншсан тэр мөчөөс эхлэн тогтоол хүчин төгөлдөр болж Тогтоолыг 7 хоногийн дотор цаасан дээр буулгаад, шүүгч гарын үсэг зурж баталгаажуулж ,14 хоногийн дараа хариуцагч нэхэмжлэгч нарт өгөх , хэрвээ тэд ирж авахгүй бол гэрийн хаягаар хүргэх гээд хуультай юм байна. Гэтэл би шүүхийн шийдвэрийг хүлээж  маргааш маргааш гэсээр 30 хонолоо. Шүүгч хуулиа мөрдөж ажиллаж байх ёстой хүний нэг. Шүүгч хүн өдөр бүхэн цаг минут дутамд хууль хэрэглэж ажилладаг учраас өөрийнхөө үүргийг маш сайн мэдэж биелүүлдэг байх ёстой гэж ойлгож байна. Нөгөө нэг асуудал нь Шүүх шийдвэрээ хугацаанд нь өгөөгүйн миний давж заалдах эрхэнд энэ шүүгч халдаж байна гэж би үзэж байна. Тиймээс би Улсын дээд шүүхийн зөвлөлийн ёс зүйн хороонд Адъяасүрэн шүүгчийн энэ асуудлаар гомдол гаргана. Би мөн УИХ-ын Өргөдөл гомдлын хороонд хандсан. Та бүхний баталсан хуулиуд чинь амьдрал дээр харамсалтай нь хэрэглэгддэггүй юм байна. Тийм учраас та нарын энэ баталсан хуулийг чинь аваад хэрэглээд асуудлыг шийддэг тийм хуулийн байгууллага Монгол улсад байвал олж өгч туслаач. Би асуудлаа шийдүүлэхийг хүсч байна гэсэн. Санхүүгийн үйл ажиллагаанд нь дүгнэлт гаргуулахын тулд Монгол улсын Үндэсний аудитор Зангад гуайд өргөдлөө гаргасан. БЗД-ийн Татварын хэлтсийнхний өөрсдийгөө 1тэрбум 134 сая төгрөгөөр шагнасныг АТГ-д шалгуулна.

-Таныг ингээд намынхаа гишүүнийг шүүмжлээд байхаар бусад чинь юу гэж байх юм бэ?

-Буяа чи ямар муухай юм бэ гэж манай намын нэг нөхөр хэлсэн шүү. Хар л даа, Д.Пүрэвдаваа хоёр хороонд маш сайхан, Монгол улсад ч байхгүй цэцэрлэг барьсан. Чи ингэж юм хийж байгаа хүнийг яаж эсэргүүцэж чадаж байна гэсэн. Тэгэхэд ганц л үг хэлсэн. Наадах чинь өөрөө хууль зөрчсөн асуудал. Учир нь иргэд татварын мөнгөний зарцуулалтад хяналт тавьдаг, иргэдийг нийгмийн амьдралд идэвхитэй оролцдог болгохын тулд орон нутгийг хөгжүүлэх сан гэж байгуулсан. Тэр сангийн мөнгө дүүргийн хороо бүхэнд хувиарлагдаж очих ёстой. Жишээ нь Хорооны гудамжны гэрэл унтарчихвал хороон дарга мөнгөтэй учраас тэр гэрлийг засуулчихна. Ийм зүйлд зарцуул гэж зориулсан мөнгөөр Д.Пүрэвдаваа  хууль  зөрчиж цэцэрлэг барьж байна. БЗД-ийн засаг дарга Д.Пүрэвдаваад цэцэрлэг барих ямар ч эрх байхгүй. Энэ чинь төсвийн хууль зөрчиж, чиний эрхийг зөрчиж байж, цаашлаад татвар төлөгчдийн мөнгөөр буюу төрийн мөнгөөр өөрийгөө рекламдаж байгаа хэлбэр. Д.Пүрэвдаваа нийгмийн сэтгэл зүй дээр үнэхээр чадварлаг тоглож байна.Цэцэрлэг байхгүй гэсэн газарт төсвийн хууль зөрчөөд л цэцэрлэг  барьж өгөөд, тууз хайчлаад л явна. Ингэж болохгүй биз дээ.

-Эрх мэдлээ л ашиглаж байгаагийн хэлбэр юм биш үү?

-Тийм ээ. Бид асуудлыг тавиагүй бол өнөөдөр Д.Пүрэвдаваа 2014, 2015, 2016 оны Иргэдийн төлөөлөгчдийн мөнгийг намд хандив нэрээр хураан авах л байсан. Тэр олсон мөнгөөрөө аль эсвэл их хуралд дэвших байсан уу, бүү мэд. Өнөөдрийн байдлаар 139 сая 500 мянган төгрөгөөр юу хийснээ харуулахгүй байна шүү дээ. Надад хардах эрх бий. Ямар ч байсан ийм их хэмжээний мөнгийг дураараа зарцуулах гэж байсныг нь хэл ам хийснээр хаалт хийж чадсан гэдэгтээ баярлаж байна. Нөгөө талаар иргэд нь өөрсдөө хяналттай байх юм бол энэ нийгэм чинь хяналттай байх болно. Энэ нийгмийн иргэн хэн ч бай асуудлыг гаргаж тавих хэрэгтэй. УИХ асуудалд яаж хандахыг хүлээнэ. АТГ ямар хариу өгөхийг харъя. АН нь дүрэмтэй юм бол дүрмийн хүрээнд яаж шийдэхийг харъя. Монгол Улсын Үндэсний аудитор юу гэхийг нь харъя. Цөмөөрөө харцгаая. Төрийн байгууллага нь энэ асуудалд яаж хандаж хүлээж авах нь вэ гэдэг хүлээлт надад үлдлээ.

-Хариулт нь тодорхой юм биш үү?

-Яг энэ асуудлыг хөөцөлдөөд явж байхдаа 2 хүнд их баярласан. Хуулиар бол дүүргийн Засаг даргын асуудлаар эхлээд Нийслэлийн Захирагчид хандана. Тэнд гарсан асуудлыг давж шүүхэд хандах ёстой юм байна. Үүний дагуу Э.Бат-Үүл дарга хандсан ба хууль шүүхийн байгууллагаараа шийдүүл гэсэн хариу авсан. Манай АН-ын удирдлагууд шудрага алхам хийж байгаагийн намайг баярлуулсан. Намын нэрээр албан тушаалд хүрч хулгай хийгчдийг хаацайлахгүй гэж олон нийтэд өгсөн мессэж гэж ойлгож байгаа юм. Мөн улсын Ерөнхий Прокурор Дорлигжав гуай ч мөн хуулийн дагуу асуудалд хандаж байсан нь үнэхээр сайшаалтай.Энэ бүхнийг онцлон хэлэх ёстой.

-Саяхан л БЗД-ийн ИТХ-ын урамшууллаасаа татгалзлаа гэж хэвлэлээр яригдаад байсан шүү дээ. Эх оронч шийдвэр байлаа гэж олон хүн хүлээж авсан. Гэтэл бодит байдал дээрээ шал өөр сонсогдоод байх юм?

-Тийм ээ. Жишээ нь Төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай ЗГ-ын  2014 оны 134-р тогтоол гарсныг та бүхэн санаж байгаа байх. Үнэхээр  сүүлийн 10 жилд төсвийн нийт зардал ойролцоогоор 10 дахин нэмэгдэж 6,1 их наяд төгрөгт хүрсэн. Энэ аймшигтай өгүүлбэр байгаа биз. Бид 2012 онд орон нутгийн сонгуульд ялаад эрх мэдэлтэй боллоо. Тэр үед манай ИТХ-д 5-6 хүн ажиллаж байсан. 90 гаруй сая төгрөг төсөвтэй байсан. Харин одоо бол 330 сая төгрөг болжээ. Зардал маш их нэмэгдсэн. Хүмүүс дарга болонгуут баахан орон тоо нэмчихдэг. Би тэгж л харж байна. Ах дүү найз нөхөд ч юм уу ойр тойрныхноо цалинжуулаад 147 дугаар тогтоолыг зөрчөөд эхэлсэн. Засаг нь төсвөө хэмнэх гээд байна шүү дээ. Гэтэл БЗД-ийн зардлыг 2013 оныг 2015 онтой харьцуулаад үзье л дээ. 2013 онд ИТХ-ын үндсэн цалин 114 сая төгрөг байсан бол одоо 336 сая боллоо. Тээвэр шатахуун 11 сая байсан бол одоо 17,8 сая, дотоод томилолт 336 мянган төгрөг байсан бол одоо 25,2 сая төгрөг, гадаад томилолт нь 23,6 сая байсан  бол 2015 онд 96,1 сая болсон. Ном хэвлэлд 1,3 саяыг зарцуулж байснаа 30 саяд хүргэсэн. Шагнал урамшуулалд 2012 онд 408 мянга,  2015 онд  86 сая төгрөг зарцуулна. Маш  харамсалтай байгаа биз.

Нөгөө талаар БЗД-ийн ИТХ урамшууллаас татгалзлаа гэдэг шийдвэр гаргалаа. Ингэж шийдвэр гаргасан нь өөрийнхөө эрх мэдлээс давсан асуудал шийдээд байгааг харуулаад байгаа юм. Яагаад гэвэл энэ урамшууллын асуудлыг НИТХ-ын төлөөлөгчид шийддэг. Дүүрэг нийслэлээс ирсэн төсвийг ёслоод батлах ёстой хүмүүс. Гэтэл өөрсдийнхөө эрх мэдлээс давсан шийдвэр гаргачихсан.

-Ер нь ингэхэд та яагаад өөрийгөө урамшуулах гэж зүтгээд байгаа юм бэ?

-Нэг жишээ хэлье. Петровис компани Модны Цайз зах хоёр зэрэгцэж оршдог. Хэрвээ энд гал гарвал аймшигтай том эрсдэл гарна. Хариуцлагыг нь хэн хүлээх гэж. Хууль зөрчсөн ноцтой асуудал. Энэ асуудлыг жишээ нь Иргэдийн Төлөөлөгчдийн хурал хэлэлцэж, сонгогч буюу ард олныхоо аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс энэ хуулийн зөрчлийг арилгах бую үйл ажиллагааг нь таслан зогсоох шийдвэр гаргаж байх ёстой. Энэ асуудлаас гадна би төлөөлөгч болоод хамгийн түрүүн Ургах наран хорооллын бохирын асуудлыг шийдүүлэх явсан. Олон ч асуудлыг шийдүүлэхийн төлөө ажиллсан. Та яагаад урамшуулал авах гээд зүтгээд байгаа юм бэ гэж асуух ч ёстой. Ажил хийвэл ам тосдоно гэдэг үг байдаг биз дээ. Маш их цаг хугацаа энерги зарцуулж байж Төлөөлөгчийнхөө үүргээ гүйцэтгэх гэж зүтгэж байгаа.Энэ хөдөлмөр минь үнэлэгдэх ёстой. Үүний дагуу төрөөс бидэнд урамшуулал олгож байгаа.Харин энэ ажлын цалинг маань нөхдүүд намдаа хууль бусаар авчихаад байна. Хүсвэл та миний хийсэн бүх ажлын тайлантай танилцаж нийтлэж болно.

-Эцсийн бүлэгт таныг ингэж эсэргүүцэж олон нийтийн анхаарлыг хандуулаад намынхаа нэр хүндийг унагаад байгаад дургүйцэх хүн байгаа л байх. Магадгүй ирэх сонгуулиар намын итгэл хүлээлгэх үү гээд асуудал үүсвэл яах вэ гэж танд бодогдож байсан уу?

- ИТХ бол хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьж  байх үүрэгтэй гэж би ойлгодог. Тиймээс би өөрийнхөө эрхийг хамгаалж чадахгүй юм бол надад итгэл өгч сонгосон тэр хүмүүсийн эрхийг хамгаалж чадахгүй шүү дээ. Тийм учраас би зөрчигдсөн эрхээ хамгаалахын төлөө тэмцэж явна. Нөгөөтэйгүүр АН асуудлыг нээлттэй ярьдаг. Тэгснийх төлөө гишүүд маань хавчиж, илүү үздэггүй. Өнөөдөр энэ асуудлыг нийгэмд уудалж тавиад эхэлхээр манай намын маш олон гишүүд ярьж, зоригжуулж байна. Яагаад гэвэл намын анхан шатанд ийм асуудал тавигддаггүй байлаа. Чи тавьж, гаргаж чадаж байгаа нь ардчиллын төлөө л явах ёстой зарчмаасаа ухраагүй чинь мундаг байна. Айж эмээх зүйлгүй шүү гэсэн.

-Ярилцсанд баярлалаа. 

 

 Ийнхүү БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн ээлжит нэгэн булхайг дэлгэлээ. Дараагийн ээлжинд түүний төсвийн мөнгө хэрхэн үрэн таран хийдэг тухай баримтыг олон нийтэд манай сайт цувралаар хүргэх болно. 

 

massnews.mn

 

 


Нийтэлсэн: 2015-06-11 14:47:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ