АН-ынхан С.Баярцогтод хариуцлага тооцож чадах уу


АН-ынхан С.Баярцогтод хариуцлага
тооцож чадах уу

Ардчилсан намын удирдлагуудад хандаж, тус намд саналаа өгсөөр ирсэн Монгол Улсын иргэн Т.Бат-Эрдэнэ шаардлага гаргажээ. Тэрбээр АН-ын гишүүн С.Баярцогтод намаас нь хариуцлага тооцох ёстой тухай дурьдсан байгаа юм. Түүний бичсэнээр “Ардчилсан намын Үндсэн дүрмийн 1.2-т “Ардчилсан нам нь Монгол Улсын язгуур эрх ашгийг дээдлэн улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх...улс төрийн байгууллага мөн” гэж заасан байдаг. Гэтэл Ардчилсан намын итгэлийг хүлээж төрийн өндөр албан тушаалд ажиллаж байгаа Ардчилсан намын гишүүн С.Баярцогт нь гадаад улсад нууц данс нээхдээ Монгол Улсыг “Хятадын Монгол” гэж мэдүүлж, гарын үсгээ зурсан нь Ардчилсан намын үндсэн дүрмийн 1.2-ыг шууд зөрчиж байна” гэж үзэж буй аж.

Иймд АН-ын удирдлагуудад ийнхүү ханджээ. АН-д олон жилийн турш саналаа өгч, дэмжиж ирсэн хүний хувьд АН-ын нэр хүндийг доош нь татаад байгаа ийм гишүүддээ хариуцлага тооцох ёстой гэдгийг сануулж буй нь энэ юм. С.Баярцогтод АН-ынхан дараах байдлаар хариуцлага тооцох гэжээ. Тодруулбал, АН-ын Үндсэн дүрмийн 1.2 дахь заалтыг зөрчиж, улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийн эсрэг үйлдэл хийсэн С.Баярцогтод Үндсэн дүрмийн дагуу шийтгэл ногдуулах. Мөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй мартсан гэх 1 сая ам.долларын эх үүсвэрийг АН-ын зүгээс өөрийн намын гишүүн С.Баярцогтоос албан ёсоор гаргуулах. Энэ байдлаар түүнд АН-ын удирдлагууд хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаа аж.

Харин АН-ын удирдлагууд түүнд хариуцлага тооцож чадах уу? эргэлзээтэй байна. Учир нь ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын асуудал өмнө нь зөндөө л гарч байсан. Тэр бүгдэд АН ямар ч хариу өгдөггүй байснаас нь харахад тэр шүү дээ. Харин тэр өөрөө УИХ-ын дэд даргын суудлаасаа буугаад л өнгөрч байсныг санаж байгаа байх. Энэ жинхэнэ утгаараа хариуцлага болж чадах уу. Тухайн үед хариуцлага хүлээж байна хэмээн бууж байсан ч, өнөөдөр тэр ЗГХЭГ-ын дарга. Бас л албан тушаал хашиж байгаа. Намынх нь зарим нөхөд ээлж дараалан түүнд хариуцлага тооцохыг шахсаар байна. Гэвч С.Баярцогт гэдэг хүн албан тушаалтайгаа байсаар л байна. Тэр Монгол Улсын хуулийг зөрчиж хөрөнгө орлогоо мэдүүлээгүй хүн шүү дээ. Тэгтэл энэ бүгдэд АН анхаарч байна уу, аль эсвэл тоохгүй явна уу.       

М.Төр


Нийтэлсэн: 2016-03-25 15:27:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ