Чихрийн шижин өвчин

 


Чихрийн шижин өвчин


        Сүүлийн үед суурин амьдрал, соёл иргэншлийг дагаад чихрийн шижин өвчнөөр өвчлөгсдийн тоо эрс нэмэгдэж улам бүр залуужих болсон. Тиймд уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эртхэн оношлож эмчлүүлэхийг уншигчиддаа уриалж байна.

       Хүний хоол боловсруулах гол эрхтэн болох ходоодны ард, хэвлийн хөндийн ар хананд нойр булчирхай байрладаг. Нойр булчирхай нь бидний идэж буй хоол хүнсний глюкозыг бие организмын бүх л эд эсүүдэд шингэхэд тусалдаг даавар болох инсулиныг ялгаруулж байдаг.

Тэгвэл энэ инсулины бага зэргийн болон их хэмжээний дутагдлаас болж, хүний цусанд байх ёстой чихрийн хэмжээ эрс ихсэж, ингэснээр чихрийн шижин хэмээх бодисын солилцооны өвчинг үүсгэдэг.

Чихрийн шижинг илтгэх шинж тэмдэг

·         Их хэмжээтэй шээх

·         Байнга ам цангадаг болох

·         Хоол идсэн хэр нь л өлсөөд байх

·         Турах

·         Нүдний хараа муудах

·         Гар болон хөлийн хурууны үзүүр хэсгээр үе үе жирвэгнэж, мэдээгүй болох

·         Арьс мэдэгдэхүйц хуурайших

·         Биед үүссэн аливаа шарх удаан эдгэх

·         Идээт халдваруудад эмзэг өртөмтгий болох зэрэг шинжүүд илэрдэг юм.

Чихрийн шижин өвчний хэлбэрүүд

          Эхний хэв шинж нь инсулины дутагдлаас болж бүр хүүхэд үеэс эхлэн өвчилдөг. Энэ хэлбэр нь нийт өвчлөгсдийн 5 – 10 хувийг эзэлдэг гэсэн статистик тоо бий. Ийм хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүс нь өдөр тутам байнга инсулины тариа хийлгэж байх шаардлагатай байдаг юм.

         Дараагийн хэв шинж нь хүний бие организм хангалттай хэмжээний инсулин боловсруулж байгаа хэдий ч түүнийг үр дүнтэй ашиглаж чаддаггүйн улмаас чихрийн шижинтэй болох тохиолдол юм. Энэ нь нийт өвчлөгсдийн 90 гаруй хувийг эзэлдэг байна.

Энэ хэлбэрийн өвчнөөр ихэвчлэн 40-өөс дээш насны тарган, махлаг хүмүүс өвчилдөг бөгөөд хоолны хатуу дэглэм сахих, эмийн эмчилгээ зэргээр эмчилдэг. Харин хүндэрсэн тохиолдолд заавал инсулинээр эмчилнэ.

Жирэмсэн үеийн чихрийн шижин өвчин

      Жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд дааврын зохицуулалт алдагдсаны улмаас өвчилдөг. Энэ нь нийт өвчилсөн хүмүүсийн 2 – 5 хувийг эзэлдэг. Иймээс жирэмсэн үедээ цусан дахь сахарын хэмжээгээ байнга хянуулж тогтоолгож байх шаардлагатай байдаг.

      Мөн зарим нэг удамшлын чанартай өвчин, хоол тэжээлийн дутагдал доройтолд орох, мэс хагалгаа хийлгэх ториолдолд чихрийн шижин үүсэх эрсдэл бас бий. Гэхдээ энэ нь харьцангуй маш бага хувийг эзэлдэг.

Чихрийн шижин өвчний үед анхаарах зүйлс

1. Зөв, зохистой хооллох

        Юуны түрүүнд та хоол хүнсэндээ анхаарал тавих ёстой. Ингэхдээ, элсэн чихэр, зөгийн бал, чихэрлэг ундаа, амтат бялуу, элдэв төрлийн амттан зэрэг хүний биед богино хугацаанд шимэгдэж, нүүрс ус болдог хүнсний бүтээгдхүүнийг аль болох хэрэглэхгүй байх.

Мөн өдөр тутам идэж буй хоол хүнсний 40- 50 хувь нь ургамлын гаралтай тос байх шаардлагатай.

Өдөрт дөрвөөс таван удаа хооллож бай.

2. Тамхи татахгүй байх.

      Хэрвээ та байнга тамхи татах зуршилтай бол тамхинаас гарах арга хэмжээг нэн яаралтай аваарай.

3. Биеийн жингээ хянаж байх.

     Үүний тулд өдөр бүр жингээ хэмжиж, өөрт тохирсон хөдөлгөөн, дасгалыг хамгийн багадаа 10 - 20 минутын хугацаатай тогтмол хийх.

4. Стрессээс сэргийл.

Чихрийн шижин өвчний үед сэтгэл зүйн хямралаас аль болох зайлсхийж, стресс тайлах аргуудаас суралцах шаардлагатай.

5. Цусан дахь сахарын хэмжээгээ хяна.

Ингэхдээ гол нь цусан дахь сахарын хэмжээ хэт багасах, хэт ихсэхээс сэргийлж байнга шинжлүүлж байх.

6. Мөн урьдчилан сэргийлэх үзлэгт орохын зэрэгцээ өөрийн бие, гар хөлийн үзүүрийн арьсанд өөрчлөлт орж буй эсэх, идээт үрэвсэл байгаа эсэхийг шалгаж байгаарай. Мөн нүдний хараа, нүдний угаа мэргэжлийн эмчид тогтмол шалгуул.

Эмчийн хяналтад байх

Чихрийн шижин өвчний үед байнга эмчийн хяналтад байх шаардлагатай. Хяналтад орсоны давуу тал нь:

·         Чихрийн шижин яг мөн эсэхийг оношлоно.

·         Ямар хэлбэрийн чихрийн шижинтэйг тогтооно. Ингэснээр эмчилгээний оновчтой аргыг сонгох боломжтой болно.

·         Цусан дахь сахарын хэмжээгээ өөрөө хянаж сурна.

·         Өвчний хүндрэлээс сэргийлнэ.

·         Хэрэгцээтэй эм, бэлдмэл, тариандаа хөнгөлөлт эдэлдэг.

·         Шаардлагатай үед эмчийн зөвлөгөөний дагуу ажлаас чөлөөлөгдөж, хөдөлмөр зохицуулалт хийх боломж бүрдэнэ.

    Чихрийн шижин өвчнийг эрт оношлож чадаагүйн улмаас өвчин хүндэрч хараа муудах, хөлний шарх үүсэх, бөөрний дутагдалд орох, зүрхний шигдээс тусах, тархинд цус харвах эрсдэл их болдог тул эмчийн хяналтад эрт орох шаардлагатай юм шүү.

Чихрийн шижинтэй хүний хооллолт

    Амьтны гаралтай, өөх тосоор баялаг хоол идэж болохгүй. Малын өөх тос буюу ханасан өөх тосонд холестрин ихээр агуулагддаг учир хялгасан судасны ханыг хатууруулж, чихрийн шижингийн хожуу үеийн хүндрэлүүдийг үүсгэхэд нөлөөлдөг.

    Өөх тосоор баялаг хоолонд хиам, дотор мах, маргарин, самрын тос, гахайн мах, таван цулын шөл, утсан мах, боодог, лаазалсан мах, хонины мах, шарсан тахиа, давсалсан загас, загасны болон тахианы хальс орох учир хэрэглэж үл болно.

    Тосонд чанасан боорцог, өрөм, шар тос цагаан тос, цөрөм, айргийн тос, айраг, чихэрлэг бүх зүйлийг хориглоно. Бүх төрлийн чихэр, чихрэн бүтээгдэхүүн, жигнэмэг, гурилан боов, жимсний чанамал, хайлмаг, усан үзэм, бананыг хориглоно. Үүнд сүмс, жан, цуу, халуун ногоо орно. Хоолыг заавал шинээр бэлтгэж хэрэглэнэ. Хагас боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй. Давс бага хэрэглэнэ. Хоолыг усанд чанах юм уу ууранд чанаж хэрэглэвэл тохиромжтой.

                                                                                      Хэрэглэж болох хоол


        Ислэг ихтэй хоолыг өргөн хэрэглэнэ. Хоол хүнсний дотор агуулагдаж буй удаан боловсрогдох хэсэг буюу ургамлын ширхэгүүдийг ислэг гэнэ. Ийм төрлийн хоолонд хар гурил, хар талх, хивэг, хөц будаа, алим, лийр, өргөст хэмх, янз бүрийн байцаа, вандуй, лууван, хөх тарианы гурил, хөх тарианы талх ордог ажээ. Булчин махаар хийсэн хоолыг бас идэж болно. Сахар орлуулагчийг зөв хэрэглэнэ. Бидний хоолонд уураг, нүүрс ус, өөх тос янз бүрийн харьцаатай ордог бөгөөд цусны сахар зөвхөн нүүрс усны нөлөөгөөр ихэсдэг.

Гэвч энэ нь сахарыг хэвийн болгоход нүүрс усыг хоолноос бүрэн хасна гэсэн үг биш юм.

Харин ч эсрэгээрээ шүү. Чихрийн шижинтэй өвчтөнд зориулсан тусгай шоколад жигнэмэг, өрмөнцөр, жимсний чанамал байдаг. Эдгээр зүйлийг хэрэглэж занших хэрэгтэй.

                           Сохролт, бөөрний дутагдлаар нас барах зэргийн ихэнх шалтгаан нь чихрийн шижин байдаг

 


     Чихрийн шижин өвчин эрүүлийг хамгаалах салбарын анхаарлыг татсан гол асуудлын нэг болоод байна. Сүүлийн тавин жилд чихрийн шижингээр өвчлөгсдийн тоо дэлхий нийтэд маш хурдацтай өсч байна.

     Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар энэ өвчнөөр өвчлөгсдийн тоо аль эрт хагас тэрбумд хүрчээ. Дэлхийн улс орнуудад нийт өвчлөгсдийн тоо жил бүр 10-20 хувиар өсч байна. Чихрийн шижин өвчин маш эрт хөдөлмөрийн чадвар алдагдуулдаг, үхэл өндөртэй өвчии учир нийгмийн талаас их анхаарал шаарддаг.

     Сохролт, бөөрний дутагдлаар нас барах зэргийн ихэнх шалтгаан нь чихрийн шижин байдаг. Чихрийн шижингээр өвчлөгсөд зүрх судасны өвчинд өртөмтгий байдаг.
Доод мөчний тайруулах мэс засал хийлгэсэн хүмүүсийн 40 гаруй хувь нь энэ өвчнөөс шалтгаалсан байдаг. Сахар бууруулах идэвхтэй эмчилгээ нь зүрхний шигдээсээр өвчлөх өвчлөлийг 16 хүртэлх хувиар бууруулдгийг эрдэмтэд тогтоожээ. Чихрийн шижин өвчнийг эмчлэх үндсэн зорилго бол өвчтөнийг удаан хугацаанд хүндрэлгүй явуулах явдал. Гэхлээ анагаах ухаан хөгжиж чихрийн шижинг бүрэн төгс эмчлэх арга олно гэдэгт найдъя.

Эх сурвалж: "Эрүүл мэндийн жор сонин"

 


Нийтэлсэн: 2014-01-12 14:02:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ