Гуурсан хоолойн хурц үрэвсэл буюу бронхит гэж юу вэ?

 

 

Гуурсан хоолойн хурц үрэвсэл буюу бронхит гэж юу вэ?


Амьсгалын замын өвчин элбэгшиж байгаагийн дотор хурц бронхит гэсэн оношоор бага насны хүүхдүүд ихээр оношлогдох болсон. Бронхит гэж сонссон боловч нарийн учрыг нь мэддэг хүн ховор шүү дээ.

Бидний бэлтгэсэн материалыг уншаад бронхит өвчний талаар ойлголттой болно гэдэгт итгэлтэй байна.

Гуурсан хоолойн нимгэн салст бүрхүүл нь хурцаар үрэвсэхийг гуурсан хоолойн хурц үрэвсэл буюу хурц бронхит гэдэг. Ихэнх тохиолдолд энэ өвчин бүрэн эдгэрдэг. Гэхдээ архаг хэлбэрт шилжих нь ч түгээмэл. Байнга ханиад хүрдэг хүмүүсийн гуурсан хоолой үрэвссэн байдаг учраас энэхүү үрэвсэл нь даамжирсаар архаг бронхит болсон байдаг. Заримдаа орчны таагүй нөхцөл, тухайлбал тамхи татах, агаарын хэт тоосжилт ихтэй газар, эсвэл агаарын бүтэц дэх химийн хортой бодисын хэмжээ хэтэрсэн агаарын бохирдолтой газарт амьдрах зэргээс шалтгаалж гуурсан хоолойн салст үрэвсэж архаг хэлбэртээ орсон байдаг. Хурц бронхитын үед гуурсан хоолойн салст бүрхүүл үрэвсдэг бол архаг бронхитын үед гуурсан хоолойн хана нарийсч, хөндийн хэмжээг тэлж, улмаар уушгины тэлэгдэлт буюу гуурсан хоолойн багтраа өвчин үүсэх суурь тавигдсан байдаг.

Илрэх шинж тэмдэг

Архаг бронхиттой хүний гол зовиур нь ханиалга байдаг бөгөөд ялангуяа өглөөгүүр ихээр ханиадаг. Ханиах үед цэр нь заримдаа хялбархан, заримдаа ихээхэн хүндрэлтэйгээр ховхрох бөгөөд гарч буй цэрний хэмжээ харилцан адилгүй байна. Мөн өнгө нь ногоон болон хар ногоон өнгөтэй, зарим үед өтгөн бөгөөд ар араасаа зууралдан арай гэж том хэсгээр ховхорч гардаг. Өвчин хүндэрсний шинж тэмдэг нь эхний үед биеийн хүчний ажил хийхэд амьсгаадах хэлбэрээр эхэлж дараа нь жирийн үед ч амьсгааддаг болж илэрнэ. Зарим үед өвчин хүндэрч, зарим үед эдгэрч сайжирч байгаа мэтээр үргэлжилсээр, бүрэн гүйцэт эдгэхгүй байна. Архаг бронхит яваандаа уушгины архаг үрэвсэл буюу пневмония болно. Энэ нь уушгины хана зузаарч (пневмосклероз), гөлгөр байдал нь алдагдсантай (эмфизема) холбоотой.

 

Бронхиттой хүнд ямар хүндрэл учрах вэ?

Бусад архаг өвчнүүдийн нэгэн адил архаг бронхитыг эмчлэхэд хүндрэлтэй. Өвчин хурцадсан үед эмч антибиотик болон нянгийн эсрэг эмээр эмчилгээ хийдэг. Гэхдээ бронхитын хурц хэлбэрийн үед хэрэглэдэг эмүүдийг хэрэглэхгүй, харин бусад эмчилгээ нь адилхан явагдана. Бронхит хурц хэлбэрт шилжээгүй үедээ гуурсан хоолой агшсанаас үүдэн амьсгалахын тулд хүч их гаргах болсон мэт санагдаж илэрдэг. Өөрөөр хэлбэл, агаар уушгинд орохдоо хүндрэлтэй болсон байдаг. Ингэснээр зүрхний баруун ховдолд хэт их ачаалал ирж, уушгинд цус өгдөг артерийг дарсан байдаг. Гуурсан хоолой агшиснаар булчин татах (спазм) тохиолдол гарна. Зүрхний ажиллагааг сайжруулж, гуурсан хоолойн спазмыг бууруулахад ямар эм бэлдмэл хэрэглэхийг эмч зөвлөнө. Зүрхний баруун ховдлын үйл ажиллагаа суларч, үүргээ бүрэн гүйцэтгэж чадахгүй болсонтой холбоотойгоор биеийн хүчний идэвхитэй ажиллагааг хязгаарлана. Давсны хэрэглээг бууруулж өдөрт 3-4 гр хүртэл багасгана. Амьсгалын дасгал хийнэ. Харин чийрэгжүүлэх дасгал хийхдээ болгоомжтой хандах нь зүйтэй. Ялангуяа огцом халуун, хүйтэн нөхцөлд сольж шилжиж болохгүй. Биеэ усаар арчих болон усаар цохиулахдаа дулаан өрөө тасалгаанд уг тасалгааны дулаанаас доошгүй хэмтэй ус ашиглана.

Архаг бронхитоос урьдчилан сэргийлэх арга

Архаг бронхитоос сэргийлэхийн тулд ханиад хүрэхгүй байх, хүрсэн тохиолдолд бүрэн төгс эмчлэх, тамхинаас татгалзах, хүний эрүүл мэндэд хортой агаарын орчноос зайлсхийх, шаардлагатай тохиолдолд тоосжилт ихтэй орчинд маск зүүх зэрэг арга хэмжээ авна. Өвчин хүндэрч байгаа нөхцөлд эмчийн заавар зөвлөгөөг чанд баримтлан, хэвтрийн болон гэрийн дэглэм сахих хэрэгтэй бөгөөд энэ нь төрөл бүрийн эм хэрэглэснээс ч илүү үр дүнтэй.


Нийтэлсэн: 2014-04-12 19:06:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ