Батгашилт хеликобактеритай биш гармонтой холбоотой

 

АӨСҮТ-ийн захирал, анагаах ухааны доктор А.Цогцэцэг:


Батгашилт хеликобактеритай биш гармонтой холбоотой


Хавартай зэрэгцээд арьс харшлын өвчин сэргэдэг. АӨСҮТ-ийн ачаалал хэр байна. Ямар өвчин зонхилж байна вэ?

Харшлын өвчин гэдэг бол нийлмэл ойлголт. Эрхтэн систем болгонд харшлын өвчин байдаг. Манайд арьсаар илэрдэг харшлын өвчин хамаарна. Арьсны өвчний дунд улирлын чанартай ихэсдэг өвчин байдаг. Ялангуяа хавар нарны идэвхижил нэмэгддэг учир нарны харшил ихсдэг. Мөн сүүлийн үед Улаанбаатар хот болон төвлөрсөн хот суурин газрын талхлагдсан газартай холбоотойгоор шарилж ургамлын тоосноос үүдэлтэй харшил ихсч байна. Эдгээр нь улирлын чанартай, тодорхой хугацаанд тухайн ургамлууд тоосоо гөвөх үеэс эхэлж хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж эрхтэн системийг гэмтээдэг. Сүүлийн үед улирал нь ч болж байна, ер нь хүн амын дунд энэ төрлийн өвчлөл нэмэгдэж байгаагаас үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэж байна. Тиймээс үүнтэй холбоотойгоор эмнэлгийнхээ үйл ажиллагааг харшлын кабинетүүдийн үзлэгийн цагийн хуваарь болон ажиллагсадын хүчин чадлыг нэмэх маркетинг хийж байна.

Харшлын өвчлөлийн шалтгаан нь юутай холбоотой вэ?

Харшил нь гадаад болон  дотоод шалтгаантай. Гадаад шалтгаанд нийгэмтэй холбоотой олон шалтгааныг нэрлэж болно. Тухайлбал хүн хоол хүнсэндээ химийн гаралтай бүтэгдэхүүн их хэрэглэх болсон. Үүнтэй холбоотойгоор харшлын гаралтай арьсны өвчнүүд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө их үзүүлж байна. Мөн байгаль орчин, хотжилттой холбоотой ургамлын гаралтай харшлын өвчнүүд нэмэгдэж байна. Энэ бүгд гадаад шалтгаанд орно. Харин дотоод шалтгаан нь ходоод гэдэсний болон дархлааны механизмтэй холбоотой үүсдэг.  ДЭМБ-ын судалгаагаар  21-р зуунд 3 хүний 1 нь харшлын өвчтэй  гэж тодорхойлсон байдаг. Энэ нь 1-рт хөгжил дэвшилтэй холбоотой, 2-рт ядуурал нийгмийн байдалтай холбон авч үздсэн дүгнэлт юм.  

Арьсны өвчлөл их нэмэгдэж байна. Олон төрөл ч гарч байна. Эдгээр дотроос арьсны ямар төрлийн өвчин зонхилж байна. Эдгэрэх боломж нь хэр байдаг вэ?

Тухайлбал чонон хярвас буюу уртикара гэж өвчин байна. Энэ нь харшлын гаралтай арьсны өвчнүүдийн бүлэгт багтдаг.   Өвчин үүсэх 2-3 шалтгаантай. 1-рт хоол хүнс. Ходоод гэдэсний замын үрэвсэлт өвчний үед хоёрдогчоор гарч ирдэг. 2-рт мэдрэлийн ядаргаа, мэдрэлийн системийн тайван бус байдал, сэтгэл санааны хямралтай холбоотой. Надад гардагдаа гээд бодоход л гарч байдаг. Тиймээс эхлээд энэ өвчний шалтгааныг тодруулах ёстой. Шалтгааны эсрэг эмчилгээ хийж байж өвчин төгс эмчлэгдэнэ. Энэ бол эмчлэгдэх өвчин. Гагцхүү эмч өвчтөн хоёр өвчнөө эдгээхийн тулд хамтарч зүтгэх ёстой. Өвчтөний зүгээс баримтлах олон дэглэм байдаг. Тэр дэглэмүүдийг баримтлахгүйгээр эмч эмчилгээ хийгээд эдгээх аргагүй байдаг. Харшлын гол онцлог нь сэдрээх хүчин зүйлийг арилгахгүй л бол өвчин байгаад байдаг. Яагаад гэвэл хүний бие махбодод эсрэг бие үүссэн байдаг учраас тэр юм. Тиймээс иргэд хоол унд амралт, арьс арчилгаандаа маш сайн анхаарах хэрэгтэй.

Диатез өвчтэй хүүхэд олон болж байна. Хүүхэд төрөхөөсөө л ийм өвчтэй төрж байна. Бараг эмчлэгдэхгүй байдал ч ажиглагдах юм?

Монголчууд үүнийг хөхний сүүний хордлого гэж ярьдаг. Энэ нь жирэмсэн эхийн хоол хүнс, жирэмсэн байхын эрүүл ахуй, сэтгэл санааны байдлаас шалтгаална.  Гэхдээ нярай хүүхдийн арьс онцлогтой байдаг. Эхийн хэвлийд ус болон тосон бүрхүүлд  хүүхэд амьдардаг. Гэтэл гараад ирэхээр орчин нь хуурай болдог. Тйимээс хамгийн гол нь хүүхдийг нярай үед нь арьс арчилгааг нь маш зөв хийх ёстой. Судалгаанаас харахад аав ээж 2 хоёулаа арьсны өвчтэй байгаа тохиолдолд хүүхэд диатизтай гарах магадлал 41-43 хувьтай байдаг. Тиймээс хүүхэд эхийн хэвлийгээс төрөх үеэс эхлээд л арьс арчилгааг нь маш сайн, зөв хийж байх ёстой. Тэгэхгүй бол эцэг эх нь хэрвээ арьсны өвчтэй бол хүүхдэд энэ нь үргэлжилж даамжраад өвчин болох эрсдэл энэ үед өндөр байдаг. Ээж аавынх нь аль нэг нь арьсны өвчтэй бол диатезтэй болох эрсдэл 20 орчим хувь. Хэрвээ арьс үрэвссэн бол тэр үед нь арьсны эмчид үзүүлээд зөвлөгөөгөө аваад эчилгээгээ хийлгээд явбал эдгэрэх өвчин.  Амьдралын мөчлөгийн 3 хүртэлх сард нь хүүхдийн арьсыг бүтцийн өөрчлөлтөд оруулахгүй байх хэрэгтэй. Учир нь арьс маш нарийн бүтэцтэй. Хэрвээ бүтцийн өөрчлөлтөд орчихвол тэр нь явсаар диатез болдог. Үүнийг эцэг эхчүүд мэддэггүй. Эдгэдэггүй өвчин гэж боддог. Ер нь бол хүүхдийн бага насны мөчлөгийн 3,6 хүртэлх насан дээр үүнийг бүрэн эмчлэх боломжтой байдаг. Гэхдээ фон буюу удамшлын шалтгаантай хүүхдүүдэд арай өөр. Эмчлэгдэх нь энгийн хүүхдээс арай удаан байдаг.

Арьсны хуурайшил нүүрээр гардаг цагаан, хар батганы асуудал амьдралд түгээмэл байдаг. Гэрийн нөхцөлд шахах гэх мэтээр улам хүндрүүлдэг. Эрүүл ахуйн талаас нь яаж арчлах вэ. Танай эмнэлэгт хэр ханддаг вэ?

Мэргэжлийн хувьд миний санаа зовдог асуудлын нэг нь энэ батгашилт өвчин. Батгашилтыг хүмүүс  зөв ойлгох ёстой. Хүмүүс батгашилтыг шилжилтийн насны онцлогоос үүдэн гарч байгаа физиологийн нэг үзэгдэл мэтээр ойлгодог. Энэ бол буруу. Яагаад батга нэг хүнд гарч байхад нөгөө хүнд гардаггүй юм. Энэ нь физиологийн онцлогтой холбоотой. Ялангуяа шилжилтийн насны үеийн гармоны ялагаралтай холбоотой. Хэдий хэмжээний бэлгийн гармон ялгаран төдий чинээгээр тослогийн булчирхайн үйл ажиллагааг идэвхижүүлдэг. Тослогийн булчирхай байрладаг тусгай цэгүүд байдаг. Дух, хамар уруулын гурвалжин, шанаа 2 хөхний хооронд буюу цээж, 2 далны хооронд. Энэ хэсгүүдэд физиологийн шаардлагаар цаанаасаа их хэмжээний тос  ялгараад ирэхээр  үйл ажиллагаа нь алдагдаад тосон бөглөрөл үүсдэг. Иргэд шар усны нүх ч гэж ярьдаг. Үүн дээр тосон бөглөө үүсчихдэг. Ингээд гаднаас микроб суугаад батгашилт үүсдэг. Гэтэл хүмүүс үүнийг өвчин гэхгүйгээр гоо сайханд очдог. Харин үүнийг гармоны зохицуулалт хийгээд засчих ёстой юм. Дэлхий нийтэд үүнийг 2 янзаар эмчилж байна. 1-рт гармоноос шалтгаалж байгаа учир тэр гармоныг нь идэвхижиж байгаа үед нь багасгаж тэнцвэржүүлдэг. Нөгөөдөх нь тослогийн булчирхайн үйл ажиллагааг дарангуйлж, тос их хэмжээгээр ялгарахгүй байх эмчилгээ хийдэг. Ингэснээр батгашилт эдгэрэх, багасах шинжтэй болдог. Гэтэл ихэнхи хүмүүс үндсэн шалтгааныг ойлгохгүй хеликобактер гэдэг юм уу демодекс гээд юм уу янз бүрийн төөрөгдөлд ороод янз бүрийн  шинжилгээ хийлгээд явж байдаг. Ер нь бол эрдэмтдийн зүгээр нэг судалгаа байдаг. Хеликобактеритэй хүмүүсийн тодорхой хувьд нь батгашилт байжээ гээд. Үүнээс болоод батгашилтыг эмчлэхийн тулд хеликобактерийг эмчилдэг гэдэг буруу ойлголт авчихсан. Яагаад хеликобактерийг эмчлэхээр батгашилт багасдаг вэ гэхээр дээр хэлсэнтэй ижил төстэй эмчилгээнүүд л явчихдаг.  Амокцилин, хабол, омофризол гээд комплекс эмчилгээ хийчихдэг. Тэгэнгүүт давхар батгашилтын үрэвслийн эсрэг эмчилгээ болоод явчихдаг. Демодекс, хеликобактери гэдэг нь ауто бактериуд хүний биед байж байдаг. Харин үүний байх хэмжээ хэтэрчихээр эмгэг үүсгээд байгаа юм.  Хэтрүүлдэг хүчин зүйл нь орчин. Гэтэл үүнийг эмч үйлчлүүлэгч 2-ын аль аль нь мэдэхгүй байх нь түгээмэл байна. Дам бие биенээсээ сураг сонсоод л эмчлүүлж байна гээд явчихдаг. Нэг хүн хеликобактериа эмчлүүлсэн чинь нүүр сайхан болчихлоо гээд л. Нөгөө нь дуурайгаад л, харин үлдсэн хэсэг нь эмчлээд л явчихдаг. Энэ бол маш буруу. Энд мэргэжлийн эмчийн зөвлөгөө маш их хэрэгтэй. Батга шахах хүртэл өөрөө стандарттай зүйл.

Иргэд батгаа эмчлүүлэхийн тулд эмчээс илүү гоо сайханчид ханддаг. Янз бүрийн эмчилгээ хийлгэдэг. Үр дүн ч харилцан адилгүй байх юм?

Би анх удаа  Эрүүл мэндийн хуулинд эмчилгээний гоо сайхан, гоёлын гоо сайхан гэж юу вэ гэдэг талаар саналыг оруулж байсан. Үүнийг хуулиар зааглаж өгсөн. Эмчилгээний гоо сайхны үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд тусгай зөвшөөрөлтэй болсон. Хүмүүс тусгай зөвшөөрөлд маш дургүй байдаг. Гэтэл бид хүний эрүүл мэндэд үйлчилж байна. Тусгай зөвшөөрөл байх тусам хариуцлага, хүний эрх сайн хангагдана. Тиймээс үүнийг хуульчилж өгсөн. Тусгай зөвшөөрөл байхгүй бол энэ төрлийн үйлчилгээ эмх замбараагүй болно гэж боддог. Яагаад өнөөдөр мэргэжлийн эмчээр 6, арьс гоо заслын эмчээр  2 жил сурч 8-9 жил сурч энэ чиглэлийн мэргэжилтэн болж байна. Энэ бол эрүүл мэндэд үйлчилэх хүн учраас тэр. 8-9 жил мэргэжлээр нь сурсан эмч хэдэн сарын курс төгссөн гоо сайханчтай тэнцэхгүй шүү дээ. Ер нь иргэд нүүрээр гарсан болгоныг гоо сайхан гэж боддог. Гэтэл энэ бол гоо сайхны дефект боловч  үүний цаана өвчин эмчилгээ байна. Энэ талаараа ялгаа заагтай байх ёстой. Энэ заагийг гаргахын тулд ЭМ-ийн хуулинд заалт оруулж, тусгай зөвшөөрөлтэй болгож, стандартыг гаргаж өгсөн. Энэ стандартад эмчилгээний гоо сайхан дээр ямар мэргэжилтэн, ямар байр, ямар үйлчилгээ хамаарагдахыг зааж өгсөн. Энэ стандарт хууль журмаараа явбал болох ёстой юм. Энэ хууль гарсны дараа мэргэжлийн хяналтын газартай хамтраад Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа гоо сайхны газруудад шалгалт хийсэн. Нэг хэсэг нь хаагдаж нэг хэсэг нь орчин стандартдаа нийцүүлж, нөгөө хэсэг нь мэргэжлийн хүмүүс ажиллуулах зэрэг дэвшил гарсан.

Биеийн шар үс гэдэг зүйлээсээ салахыг хүсдэг маш олон хүн байдаг. Үсийг лазераар ургалтыг нь зогсоодог ч болсон байна. Энэ нь эрүүл мэндэд хортой биш үү?

Хүний эрхтэн бүр эд эс болгон үүрэгтэй. Үс бол хамгаалах үүрэгтэй үс. Яагаад тэрийг авах гээд байдгийг ойлгодоггүй. Сайхан харагдах гэдэг залуусын нэг хүсэл л байх. Үүнийг авснаар өвчин үүсэхийг үгүйсгэхгүй. Учир нь үсийг хүчээр ургуулахгүй болгочихвол түүний гүйцэтгэх үүрэг байхгүй болно. Хүний эрүүд мэндэд үүнээс үүдэж өвчин үүсч болзошгүй. Эрхтэн болгон хүний биеийн нэг зүйлийг зохицуулж байдаг. Тиймээс би үүнийг битгий оролдоосой гэж бодож байна. Оросууд красота требует жертва гэдэг би энэ үгийг л хэлмээр байна.

Хаврын улиралд эрэгтэй эмэгтэйгүй арьсандаа анхаарч байна. Арьсаа хамгаалах, арьсны өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөхгүй юу?

Хавартай зэрэгцээд нарны туяаны идэвхижил ихэсдэг. Үүнээс нөсөөжил, бор толбо, үрчлээ гэх мэт гоо сайхны дефектүүд гарч ирж байдаг. Миний боддог нэг зүйл зөвхөн эмэгтэйчүүд бид ч биш эрчүүд ч залуугаасаа арьсандаа анхаарах хэрэгтэй. Үүний тулд гоо сайхны бүтээгдэхүүний зөв сонгож, зөв хэрэглэх ёстой. Эрэгтэй, эмэгтэй хүмүүст зориулсан гоо сайхны тусгай бүтээгдэхүүнүүд байна. Хүний арьс өөрөө тодорхой хэмжээний чийгшилтэй, тослогтой байдаг. Тйимээс эдгээр нь хэр алдагдсаныг мэргэжлийн эмчид үзүүлээд тэрэндээ тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглэх ёстой. Үр дүн нь ингэвэл илүү байна. Ер нь би эрчүүдийн гоо сайхны талаар цуврал лекц унших юмсан гэж боддог.  Үүн дээр ганцхан манай төв хүчин мөхөсдөж байна. Иргэд өөрийнхөө гоо сайханд анхаараад манайд хандвал бид зөвлөгөө тусламжаа дуртай өгнө. Ер нь иргэд үүнийг маш сайн анхаарах ёстой.

Таньд баярлалаа


Нийтэлсэн: 2014-08-06 16:19:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ