Үнээний сүү төмөр дутлын гүнзгий цус багадалтанд хүргэдэг

 

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв-ийн Хүүхдийн эмнэлгийн Цусны эмгэг судлалын тасгийн эмч Л.Тамир:


Үнээний сүү төмөр дутлын гүнзгий цус багадалтанд хүргэдэг

 

Сүүлийн үед хүүхдүүдийн дунд цусны өвчин тэр дундаа цус багадалт, төмөр дутлын цус багадалтын өвчлөл ихсэж байгаатай холбогдуулан ЭХЭМҮТөвийн Хүүхдийн эмнэлгийн Цусны эмгэг судлалын тасгийн эмч Л.Тамиртай уулзаж ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе.

Баярлалаа та бүхэнд өдрийн мэнд хүргэе.
-Хүмүүс цусны өвч­нийг аюултай өвчин гэж ярьдаг ч  яг ямар өвчин болохыг тэр бүр мэддэггүй? Энгийн үед хамраас цус гарч байдаг. Энэ нь цусны өвчин мөн үү?

-Зөвхөн хамраас цус гарснаар цусны эмгэг байна гэж ойлгож болохгүй. Хамраас цус гарах маш олон шалтгаан байдаг. Нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, шинжилгээ өгснөөр онош бүрэн батлагдах ёстой.  Цусны өвчин гэдэг нь ерөнхий ойлголт. Дотроо их олон эмгэгийг агуулдаг. Жишээ нь  эцэг эхчүүд төдийлөн анхаардаггүй цус багадалт өвчин, тэр дундаа төмөр дутлын цус багадалтын өвчлөл хүүхдийн дунд элбэг тохиолддог. Энэ талаар дэлгэрэнгүй ярья.

-Энэ өвчнөөр өвчилсөн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ? Хүүхдээ өвчилснийг яаж мэдэх вэ?

Эхний шинж тэмдэг нь хүүхэд ядарамтгай, идэвхи багатай, тайван бус, цочромтгой болно. Энэ үеэс хоолонд дургүй болж ахлах насны хүүхдийн толгой өвдөх, эргэх, зүрхээр хатгах, чих шуугих, нүд бүрэлзлээ гэх зовиур хэлнэ. Мөн нэг шинж нь хүүхэд үнс, шороо, цаас идэх эмгэг дуршилтай болно.

Түүнээс гадна арьс салтын талаас мэдэгдэхүйц өөрлөлт гарна. Үүнд: цонхийж цайх-ялангуяа гарын алга,зовхи, чихний дэлбээ, үс хумс өнгөө алдаж амархан хугарамтгай болж, амны завьж цуурах шинжүүд илэрнэ

Мөн өтгөн тогтворгүй болж үе үе гүйлгэж заримдаа өтгөн хатна.

Түүнчлэн хүүхэд дархлаа султай болж, амьсгалын замын болон гэдэсний халдвараар олон дахин өвчлөнө. Хэрвээ таны хүүхдэд эдгээр шинж тэмдэг ажиглагдсан бол цусны дэлгэрэнгүй шинжилгээ, биохимийн шинжилгээ өгөх хэрэгтэй. учир нь оношийг батлах,  үгүйсгэх  мөн бусад эмгэгээс ялган оношлох шаардлагатай байдаг.   

-Уг өвчинг үүсэхэд нөлөөлдөг гол шалтгаан, хүчин зүйлүүд бий юу?

Байгаа. Үндсэн гурван том шалтгаан бий.

1-рт

- төмрийн нөөц багатай төрөх

-дутуу, жин багатай төрөх:

Ээж нь жирэмсэн үедээ цус багадалттай байх, хангалттай хэмжээний амин дэм, төмөр хэрэглээгүй, мөн жил дарааллан ойрхон төрөх нь төмрийн нөөц багатай төрөхөд нөлөөлнө.

2-рт

- Хоол тэжээлээр авах төмөр, амин дэм, уураг дутагдах:

Хүүхдээ хөхөөр хооллохгүй, тэжээвэр байлгах нь Хамгийн том шалтгаан. Манай эцэг эхчүүдийн дунд хүүхдэд хөхний сүү орлуулагч өгөх нь илүү сайн гэх буруу ташаа ойлглот маш их байдаг. Мөн хүүхдээ үнээний сүү, үйлдвэрийн савтай сүүгээр тэжээж байгаа эцэг эхчүүд их байгаа. Эдгээр нь төмөр дутлын гүнзгий цус багадалтанд хүргэдэг гэдгийг тэр бүр мэддэггүй, үхрийн сүү кальци ихтэй хүүхдэд сайн гэж ойлгодог нь маш буруу. Хоногт 0,5 литрээс илүү үхрийн сүү хэрэглэх нь төмөр дутлын цус багадалтанд хүргэдэг.  Хүүхдээ  6 сар хүртэл дан эхийн сүүгээр хооллох хэрэгтэй. Ингэснээр хүүхэд эрүүл чийрэг бойжно, Дархлаа тогтолцоо нь сайн хөгжинө, эх үрийн хобоо бэхжинэ, хүүхдийн амны хөндийн үйл ажиллагаа сайжирна, амьсгалын болон гэдэс дотрын элдэв халдварт өртөх эрсдэл үлэмж хэмжээгээр буурна. 

Мөн удаан хугацаагаар дан ургамалаар хооллох нь уг өвчнийг үүсгэх тал байдаг.

Хүүхдээ нэмэгдэл хоолонд хожуу оруулахдаа анхаарах хэрэгтэй. Хүүхэд 5-6 сартайдаа нэмэлт хоолонд ороход бэлэн болсон байдаг. Хэрвээ хүүхэд харшилтай бол бүтэн 6 сар хүргэж байж нэмэлт хоолонд оруулах нь зүйтэй.

3-рт

Биеэс төмөр ихээр алдагдах, төмрийн хэрэгцээ ихсэх:

Цочмог, архаг халдварт өвчнүүдийн үед, ялангуяа гэдэсний халдварын үед болон архаг гэдэс ходоодны эмгэгүүдийн үед хоол унднаас биед төмөр шингэх нь багасна.

Ил, далд цус алдалтын үед:

Хүүхдийн өсөлтийн ид үед, өсвөр насанд төмрийн хэрэглээ эрс нэмэгддэг энэ үед төмөр ихээр агуулсан хоол хүнс түлхүү хэрэглэх хэрэгтэй.

-Удамших уу?

Цус багадалт дотроо маш олон хэлбэртэй, энэ удаагийн ярьж байгаа төмөр дутлын цус багадалт нь удамшихгүй. Гэхдээ нэг гэр бүлд хэд хэдэн гишүүн цус багадалттай байж болдог. Энэ нь бидний идэж байгаа хоол хүнс, амьдралын хэвшилтэй холбоотой болохоос удамшиж байгаа хэрэг биш юм.

-Хүнсний бүтээгдэхүүнүүд чанартай чанаргүйгээс гадна зарим нь өвчин үүсгэх шалтгаан болж байдаг. Тэгэхээр хоол хүнс, орчноос шалтгаалж өвчлөх тохиолдол байдаг уу?
Төмөр дутлын цус багадалт үүсэхэд хамгийн чухал зүйл нь хоол хүнс байдаг.
-Цус багадалтаас  яаж урьдчилан сэргийлэх вэ?

Төмөр дутлын цус багадалтаас сэргийлэх боломжтой

·       Жирэмсэн эмэгтэйчүүд чанар сайтай хоолоор хооллож, жимс ногоо, амин дэм хэрэглэх

·       Жирэмсний сүүлийн саруудад болон хөхүүл үедээ төмрийн бэлдмэл хэрэглэх

·       Хүүхдийг хөхөөр өсгөх, нэмэлт хоолонд хэт эрт, хэт оройтуулж оруулахгүй, цагт нь оруулах

·       Хүүхдийг үхрийн сүү, үйлдвэрийн савласан дан сүүгээр хооллоххгүй байх

·       Олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх

·       Хүүхдийг агаар салхинд гаргах , нар ус агаараар чийрэгжүүлэх

-Ямар эмчилгээ хийдэг юм бэ?

·       1-рт цус багадалт үүсгэсэн шалтгаан, нөлөөлсөн хүчин зүйлийг олж илрүүлэх хэрэгтэй.

·       хүүхдийг идэвхитэй дэглэмд байлгаж, чийрэгжүүлэх хэрэгтэй. Эрүүл агаарт хангалттай хугацаанд байлгах.

·       Төмрөөр баялаг хоол хүнс хэрэглэх. Үүнд: үхрийн хэл, хатаасан нохойн хошуу, үхрийн элэг, үхрийн бөөр, вандуй, өндөгний шар. Мөн төмрийн шимэгдэлтийг бууруулдаг хоол хүнс байдгыг санах хэрэгтэй. Үүнд: үр тариа, төрөл бүрийн цай, баяслаг орно. Төмрийн шимэгдэлтийг сайжруулдаг хоол хүнсэнд: жимсний шүүс,фруктоз.

·       Дан ганц хоолоор нөхөх боломж бага тул төмрийн бэлдмэл хэрэглэх шаардлагатай. Төмрийн бэлдмэлийг ууж хэрэглэх нь хамгийн зөв арга. төмрийн бэлдмэлийн сонголт, уух тун, эмчилгээний үргэлжлэх хугацаа, хяналт зэргийг эмчлэгч эмч нь шийдэх тул заавал эмчтэйгээ зөвлөх хэрэгтэй. Төмөр илүүдэх нь элэг гэмтэх зэрэг аюултай тул дур мэдэн, эмийн санчийн зөвөлгөөгөөр хэрэглэхийг хориглоно. Төмрийн бэлдмэл хэрэглэж байгаа үедээ жимсний шүүс, витамин С-ээр даруулж уувал шимэгдэлт нь нэмэгддэг сайн талтай. Зарим эцэг эхчүүд хүүхдийн шинжилгээ хэвийн болмогц дур мэдэн эмчилгээгээ зогсоодог. Энэ нь эргээд цус багадалтыг даамжруулдаг. Бүтэн гурван сар ууж байж нөөц бүрэн хангагддагийг анхаарах хэрэгтэй.

-Цус багадалт бүрэн эмчлэгддэг үү?

-Зөв оношлож, эмчилвэл бүрэн эмчлэгдэх боломжтой

-Эцэст нь эцэг эхчүүдэдээ юуг анхааруулж хэлэх вэ?
-Аливаа нэг өвчин эмгэгийн үед заавал эмчид үзүүлж байж эмчилгээ, эмийн сонголтоо хийж байгаарай. Ам дамжсан яриа, сайн гэсэн болгоныг шууд хүүхэд дээрээ битгий туршиж байгаарай. Аливаа зүйлийн тун ихэдвэл хор л болно. Гол нь хүүхдээ хөхний сүүгээр өсгө, нар ус агаараар чийрэгжүүлэхийг анхааруулж байна.

-Ярилцсанд баярлалаа.

 

 


Нийтэлсэн: 2014-08-06 16:38:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ