“Аllergy med” эмнэлгийн арьс, гоо заслын их эмч: Ч.Сарангэрэл

 

 

Аllergy med эмнэлгийн арьс, гоо заслын их эмч: Ч.Сарангэрэл

 

2 жилийн туршид 6 сар тутамд 1 удаа ботокс хийлгэвэл үрчлээгээ 1 см багасгаж чадна

 

Манай урилгыг хүлээж авсан таньд баярлалаа. Зуны улиралтай зэрэгцээд арьсны элдэв төрлийн харшлууд нэмэгдэж, арьс түлэгдэж улайх, харлаж сайртах зэрэг асуудлууд үүсч эхэлдэг. Тиймээс зуны улиралд арьсаа хэрхэн хамгаалж, арчлах вэ?

Нарны идэвхжилтэй холбоотой, улирлын чанартай хэд хэдэн арьсны өвчнүүд байдаг. Тухайлбал нарны экзем, нарны маажуур, нарны чонон хөрвөс, улаан чонон яр гэх мэт. Эдгээр нь нарны хэт ягаан туяа хүний арьсанд хэт мэдрэгшил үүсгэж эмгэг болгодогтой холбоотой.

Нарны шалтгаант арьсны өвчинд нөлөөлөх 2 хүчин зүйл байдаг. 1-рт, наранд хэт мэдрэг болгодог зарим төрлийн эмийн бодисууд байдаг. Жишээ нь: уналт таталтын эсрэг эмүүд,  зарим антибиотикууд. 2-рт, бодисын солилцооны өөрчлөлтийн эмгэгүүд, удамшлын өвчнүүд гэх мэт. Нарны гэрэлд хүний арьс борлодог нь тэнд меланины исэлдэлт явагдаж хоёрдогчоор арьсанд меланины хуримтлал бий болдог. Зарим хүмүүс наранд хэт борлож байхад зарим нь бараг боролдоггүй. Үүнд дээр дурьдсан хүчин зүйлүүд нөлөөлөхийн зэрэгцээ төрөлхийн нөсөөжилтийн меланоцит  эсийн хуримтлалтай холбоотой. Зуны улиралд арьсаа наранд түлэгдэж, борлохоос сэргийлэхийн тулд та нарнаас хамгаалах тосыг өдөр бүр 2-3 цаг тутамд түрхэх ба бусад нарнаас хамгаалах хэрэгслэл болох малгай, нүдний шил зүүх хэрэгтэй. Их нартай өдөр удаан хугацаагаар машин барих, ил задгай салхинд явахдаа арьсаа зөв хамгаалах хэрэгтэй.

 

Нарны харшилтай хүмүүс хэзээ, яаж, хаана эмчлүүлэх вэ?

Нарны харшилтай хүмүүс нарны идэвхжил ихсэхээс өмнө жил бүрийн 3-р сард угтуулах эмчилгээнд орох нь илүү зохимжтой. Энэ эмчилгээ нь нарны гэрэлд мэдрэгшлийг багасгах, дархлаа сайжруулах, меланины исэлдэлтийг арьсны гадна талын давхарга болох өнгөн хөрсөнд багасгах зорилготой юм. Нэгэнт сэдэрсэн тохиолдолд шалтгааны эсрэг болон шинж тэмдгийн эмчилгээг хийнэ.

Энэ чиглэлээр “Allergy med” эмнэлэг олон улсын стандартын шаардлага хангасан оношилгоо, эмчилгээг хийж байна.

Сүүлийн жилүүдэд ургамлын тоосны харшилтай гэх хүмүүс их байна. Үүнээс яаж урьдчилан сэргийлэх вэ? Яаж эмчлэх вэ?

Ургамлын тоос нь тухайн ургамлынхаа тоосоо хүртээх хугацаанд салхиар дамжин агаарт тархаж амьсгалын замаар хүний эрүүл мэндийг хохироож байдаг нийгмийн чанартай харшлын өвчин юм.Ер нь ийм төрлийн харшилтай хүмүүс өвчилсөн хойноо биш өвчин сэдрэхээс нь өмнө угтуулах эмчилгээг хийлгэх шаардлагатай. Гэхдээ нэгэнт өвдсөн тохиолдолд мэргэжлийн эмч, эмнэлэгт хандах хэрэгтэй. Удаан хугацаанд эмчилэхгүй явахын бол бусад олон төрлийн юманд харшилтай болдог.Бид энэ чиглэлээр тусгай эмчилгээний стандарт боловсруулж эмчилгээ, оношилгоог хийж, мэргэжлийн түвшинд зөвлөгөө өгч байна.

Элдэв харшил нар салхинаас гадна батга гэдэг зүйл олон хүнийг зовоодог асуудал. Зун цагт хүн бүр сайхан харагдахыг хүсдэг. Тэгвэл батгыг хурдан түргэн, үр дүнтэй эмчлэх арга юу байна вэ?

Батга бол тосны булчирхайн өвчин юм. Шилжилтийн наснаас эхлэн бэлгийн дааврын идэвхжил нэмэгдэж тосны булчирхайн үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Тосны булчирхайн үйл ажиллагаа идэвхижсэнээрээ шар үсний нүхэнд тосон бөглөө үүсч, тэнд бактери үржиж идээлж, үрэвсэж батгашилт бий болдог. Иймээс энэ нь гоо сайхны салонуудад хийгддэг шахах, маск тавих зэргээр эдгэрдэг зүйл биш.      Ихэнх охид, залуучууд үүнийг ойлгоогүйгээс эмнэлэгт хандах гэхээсээ илүү гоо сайхны салонуудад хандаж буруу үйлчилгээ хийлгэснээсээ болж улам хүндэрдэг.

Аливаа өвчнийг эмчлэхдээ шалтгааныг нь зөв олж түүнд чиглэсэн эмчилгээг хийх нь чухал. Иймээс мэргэжлийн арьс гоо заслын эмчид хандаж эмчилгээ хийлгэх шаардлагатай. Эмчилгээг хурдан түргэн гэхээсээ илүү, уг өвчний эмчилгээний стандартыг зөв баримтлах нь чухал. Тухайлбал, хэзээ ямар эмчилгээ хийх вэ, хэдийд батгыг цэвэрлэж эмчлэх вэ гэдэг нь хүртэл өөрөө стандарттай байдаг. Манайхны нэг том алдаа байдаг. Эмчилгээг маш хурдан хийж үр дүнг нь харах гээд байдаг. Гэтэл арьсны архаг өвчнүүд олон дахилттай байх тул 2-3 сар, заримдаа 2-3 жил ч уудаг эмнүүд байдаг. Үүнийг ойлгоогүйгээс үргэлжлүүлэн эмээ уухгүй тасалдаг, алдаг оног уудаг. Энэ нь өвчнийг эдгээхэд саад болдог. Ер нь өвчтөн, эмч хоёр аль аль нь хичээж байж эмчилгээ үр дүнтэй болдог.

 

Танай эмнэлэг батгыг ямар аргаар эмчилж байна. Шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ юу байна вэ?

Манай эмнэлэгт батгыг хөнгөн, дунд, хүндийн зэргээс нь хамаарч олон улсын стандарт эмчилгээг хийж байна. Батганы эсрэг эмчилгээ хийсний дараа нөхөн сэргээх эмчилгээг хийдэг. Энэ нь батганы сорвижилтыг арилгах, нүхтрэлтийг багасгах ач холбогдолтой. Энэ эмчилгээг лазерын аппарат болон эмийн бодисын тусламжтайгаар хийхийн зэрэгцээ үйлчлүүлэгчид чиглэсэн олон талын зөвлөгөөг манай эмнэлэг өгч байна.

 

Нялх балчир хүүхэдтэй олон эцэг эхчүүд хүүхдийн диатез гэж ямар хэцүү зүйл болохыг мэднэ. Ер нь диатезийн шалтгаан нөхцөл юу юм бэ? Эмчилгээний ямар үр дүнтэй арга байна вэ? 

Эхийн хэвлийгээс хүүхэд төрсөн цагаас эхлэн арьсыг нь зөв арчилах хэрэгтэй. Хүүхэд эхийн хэвлийд байхдаа тосон бүрхүүл, усан бүрхүүлд байдаг. Гэтэл эхийн хэвлийгээс гармагц хуурай, гадаад орчинд гарч элдэв гадны цочролуудтай тулгардаг. Энэ үед нь арьсыг зөв арчлаагүйгээс хүүхдийн экзем болох эх суурь нь тавигддаг. Мөн түүнчлэн хүүхдийн экзем үүсэхэд жирэмслэлтийн үеийн эхийн хооллолт, сэтгэл санааны байдал, удамшлын хүчин зүйлүүд нөлөөлдөг. Иймд эцэг эхчүүд хүүхдийг нярай үед нь өдөр бүр зөөлрүүлсөн усанд оруулж, нярай хүүхдийн арьсанд тохирсон чийгшүүлэх тосыг байнга хэрэглэж байх ёстой. Нэгэнт хүүхэд экземтэй болсон тохиолдолд 6 нас хүртэл нь зөв арчилж, тохирсон эмчилгээг хийх юм бол бүрэн эдгэрэх магадлалтай. Уг өвчний үе шатаас нь хамааран  эмчилгээ хийгддэг тул та шаардлагатай гэж үзвэл манай эмнэлэгт ирж зөвлөгөө аваарай.

Ер нь сүүлийн үед арьсны ямар өвчин нэмэгдэх хандлагатай байна вэ?

Сүүлийн үед харшлын гаралтай арьсны өвчнүүд нэмэгдэх хандлагатай байна. Жишээлбэл: 1-рт нь эмийн зөв бус хэрэглээнээс үүдэлтэй эмийн гаж нөлөөний хүндрэлээс үүссэн хордлого харшлын дерматитууд,

2-рт нь буруу зуршлаас үүдэлтэй харшлын гаралтай эмгэгүүд. Тухайлбал: архины  эсрэг эмчилгээ хийлгэсний дараа дахин архи хэрэглэснээс үүсэх хордлого харшлын дерматит өвчин. 3-рт нь хэт мэдрэгшилт үүсгэх шинж чанартай хүнсний бүтээгдэхүүнийг огцом, гэнэт их хэмжээгээр хэрэглэснээс үүсэх хордлого харшлын дерматит өвчин. Ер нь орчин үед хүмүүс өдөр тутмын ахуй хэрэглээ болон хоол хүнсэндээ химийн бүтээгдэхүүн орсон зүйлийг их хэрэглэх болсон нь арьс, харшлын өвчин нэмэгдэх бодит шалтгаан болж байна. Нөгөөтэйгүүр агаарын бохирдол, орчны бохирдол, тоосжилт зэрэг нь нөлөөлөх хүчин зүйл юм.

Хэрвээ иргэн танд арьсан дээр ямар нэгэн тууралт, загатналт мэдрэгдсэн тохиолдолд мэргэжлийн арьсны эмчид хандах нь зүйтэй.

 

Гоо сайхны үйлчилгээ өнөөдөр маш өргөн хүрээтэй хийгддэг болж. Эмэгтэйчүүд зөвхөн арьсаа цэвэрлүүлж илүүлэх биш элдэв төрлийн мэс ажилбар, гоо сайхны үйлчилгээ хийлгэх хир зохимжтой вэ? Бусдаас ямар давуу үйлчилгээ танайд байна вэ?

Хүн бүр нийгмийн хөгжлийг дагаад гоо сайхандаа илүү анхаардаг болсон. Гэхдээ зарим тохиолдолд  дэндүү их анхаарч өөртөө эмгэг авчирах тал ч ажиглагдаад байна. Ер нь гоо заслын үйлчилгээг сургаар биш, мэргэжлийн байгууллагад нь хандах нь чухал л даа. Наад зах нь  халдвар хамгаалал гэж маш том асуудал байна. Гоё сайхан болно гэж бодож явтал өөр төрлийн халдварууд  авчихвал үүнээс илүү эрсдэлийг өөртөө авчирна гэсэн үг. Иймд арьсны бүрэн бүтэн байдлыг алдуулах гоо заслын үйлчилгээг хийлгэхийг хүсвэл Э.М.Я-саа тусгай зөвшөөрлөө авсан эрх бүхий байгуулгуудад хандах нь зөв болов уу.

Манай эмнэлэг эмчилгээний гоо засал гэдгээрээ өвчин эмгэгээс үүсэлтэй хүний гоо зүйг алдагдуулсан тэр л эмгэгийг эмчлэх тал дээр түлхүү анхаарч ажиллаж байна. Үүнд: судасны гаралтай улаан мэнгэнүүд, толбонууд, бүх төрлийн нөсөөжилтийн эмгэгүүд, өвчилөлийн дараах хамар болон хацрын судасны өргөсөлт, батганы сорви арилгах, нүхтрэлтийг багасгах, үү ургацаг авах, мэс засалгүйгээр аппаратуудын тусламжтайгаар  эмгэгийг засах, үрчлээ, хатингаршилтыг эмчилэх гэх мэт олон төрлийн үйчилгээг үзүүлж байна.

 

Ботокс тариа хийлгэх нь хүний биед ямар нэг сөрөг нөлөөтэй юу. Хэдэн наснаас үүнийг хийлгэх тохиромжтой вэ.

Үрчлээ арилгах ботокс тариа нь Clostridum botulinum бактераас гаргаж авсан вакцин юм. Энэ нь тодорхой хэсэг булчинд бага хэмжээгээр тарихад булчинг сулруулах үйлчилгээ үзүүлдэг. Иймээс үрчлээ атираа үүсгээд байгаа тодорхой хэсэг бүлэг булчинд тарьж үрчлээ атирааг арилгадаг. Ботоксын энэ үйлчилгээ хувь хүний онцлогоос хамаарч 5- 6 сар үргэлжилдэг. 6 сар тутамд ботокс тариаг 2 жилийн турш хийлгэхэд үрчлээ 1 см-р багасдаг гэсэн эрдэмтдийн судалгаа бий.

Ботокс тариаг үрчлээ дөнгөж үүсч байгаа үеэс эхлэн хийлгэх нь илүү тохиромжтой гэж үздэг. Энэ нь үрчлээ цааш гүнзгий үүсэхээс сэргийлж чаддаг.

Ботокс тариа нь харьцангуй аюулгүй гэж гоо сайханы судалгаанд тэмдэглэгдсэн байдаг. Гаж нөлөө ховор илэрдэг. Гэхдээ гаж нөлөө нь тариа хийх техник болон хувь хүний булчингийн онцлог, өмнө нь тэр хэсэг булчин гэмтэж байсан зэргээс хамаарч зовхи унжих байдлаар илэрдэг ба уг тарианы үйлдэл гарахад унжсан зовхи буцаад хэвэндээ ордог.

 

Allergy med эмнэлэг арьс, харшил, эмчилгээний гоо заслаар дагнаж Монгол улсад нээгдэж байгаа энэ чиглэлийн хамгийн том хувийн эмнэлэг болж байна. Танай эмнэлгийн үйлчилгээний онцлог юу вэ? Ямар шинэ үйлчилгээг хүмүүст санал болгож байна вэ?

Тиймээ. Манай эмнэлэг нь Монгол улсад төдийгүй Ази тивдээ арьс харшлын чиглэлээр томд тооцогдох төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг гэдгээрээ онцлог бөгөөд үүгээрээ бид бахархаж байгаа юм.  Бид энэ чиглэлийн дагнасан эмнэлэг байгуулж улсын эмнэлгийн ачааллыг хуваалцах, төр хувийн хэвшлийн байгууллагын түншлэлийг бий болгож арьс харшлын өвчтэй, гоо сайхны хувьд асуудалтай иргэддээ дэлхийн стандарт эмчилгээг хийж бага ч гэсэн тэднийг өвчин эмгэгээс нь илааршуулж эмчилэх, оношилох зорилготой юм.

Манай эмнэлгийн үйл ажиллагааны онцлог бол оношилгооны лабораторийн тоног төхөөрөмж нь 100% автоматчилагдсан. Оношилгоо сайн бол эмчилгээ сайн үр дүнтэй байх болно гэсэн зарчимыг баримталж Европын өндөр хөгжилтэй Франц, Итали, Щвейцар, Герман  зэрэг орнуудад үйлдвэрлэсэн аппарат тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан.

Манай Allergy med эмнэлгийн  бас нэг онцлог нь Монгол эмч нар, залуу эмч нар өөрсдийнхээ юу сурч мэдсэнээ ард түмэндээ зориулж байгаа юм. Нөгөө талаасаа арьсны өвчин гэдэг нь биеэ даасан эмгэг байхаас гадна бусад эрхтэн тогтолцооны өвчнүүдийн үед хоёрдогчоор илэрдэг тул олон талын зөвлөх эмч нарыг гэрээгээр ажиллуулж байна. Иймд уг өвчний шалтгааныг нь тогтоож эмчилж хавсарсан эмчилгээг хийж байгаа нь үйлчлүүлэгчидийн талархалыг хүлээж байна. Эмчилгээний гоо заслын тасагт Итали, Солонгос улсад үйлдвэрлэсэн хамгийн сүүлийн үеийн лазерын аппаратууд, арьс булчин чангалах аппарат, биоаюулгүй PRP эмчилгээ, үрчлээ арилгах тариа, алжаал тайлах саун, усан массаж, маникюр, педикюр зэрэг үйлчилгээг явуулж байна. Бүх төрлийн хумсны эмгэг, хумсны буруу ургалтыг эмчилэх аппаратыг БНГУ- с оруулж ирсэн. Мөн түүнчилэн гоо сайхан гэдэг нь охид бүсгүйчүүдийн асуудал биш бас эрчүүд маань ч гоо сайхан байх хэрэгтэй гэдэг зарчимыг баримталж эрчүүдийн гоо заслын үйлчилгээг тусгайлан үзүүлж байна. Ажил ихтэй амралт багатай иргэддээ зориулж  баасан, бямба, ням гаригын алжаал тайлах багцын үйлчилгээг үзүүлж байна. Цаашид иргэддээ зориулсан эрдэмтдийн сэдэвчилсэн цуврал сургалт, лекцүүдийг зохион байгуулах, үс шилжүүлэн суулгах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж бэлтгэл ажлуудыг  ханган ажиллаж байна.

 

Ярилцсанд баярлалаа.

АLLERGY MED эмнэлэг: Төмөр замын арктай шар байрнуудын дунд  Наран супермаркетын чанх ард.  Холбоо барих утас 70005353, 99061946

 

"Эрүүл амьдрах жор" сэтгүүл

 


Нийтэлсэн: 2014-08-27 17:55:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ