Бөөр яагаад өвчилдөг вэ?

 

Бөөр ямар үүрэгтэй эрхтэн бэ?

Бөөр бол хүний амин чухал хос эрхтэн юм. Биеийн жингийн 0.3%-тай тэнцэх ба 1 минутанд 1.2 литр цусыг шүүдэг. Өөрөөр хэлбэл бодисын солилцооны явц дахь бүх хортой бодисуудыг шээсээр дамжуулж шүүж гаргадаг ба хэрэгтэй зүйлүүд нь цусандаа орж байдаг.


Өвчлөх шалтгаан юу вэ?

Сүүлийн үед бөөрний үрэвсэлт өвчний тархах хувь ихсэх хандлагатай байна. Энэ нь дараах шалтгаантай:
1. Цаг агаарын эрс тэс уур амьсгал
2. Хүмүүсийн эрүүл ахуйн дадал
3. Хоол хүнсний эрүүл ахуйн байдал зэргээс болдог байна.
Чанар муудсан, баталгаагүй хүнсний зүйл хэрэглэснээс эдгээр өвчин ихсэх хандлагатай байна. Ялангуяа 35-45 насны хүмүүст архаг үрэвсэл илүү өндөр илэрч, эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 3 дахин илүүтэйгээр бөөрний архаг үрэвслээр өвчилж байна.


Бөөрний өвчин яаж илэрдэг вэ?

* Зовиур шаналгаа буюу нуруу бөөрөөр хөших
* Бөөр өвдөх, хурц үрэвслийн үед халуурах
* Шээсэнд өөрчлөлт орох. Үнэртэй болон бага гарах гэх мэт.
* Мөн шээсний шинжилгээгээр өөрчлөлтүүд нь тодорхой гардаг.

Бөөрний үрэвсэл

Ямар нэг хэмжээгээр бөөрөнд халдвар ордог. Цусаар дамжин орж болох ба ойролцоох эд эрхтэнээс халдвар хаягдаж болно. Өгсөх замаар буюу ялангуяа эмэгтэй хүмүүст эрүүл ахуйн дадал заншилтай холбоотой.
Тухайлбал: цистит, савны архаг үрэвсэл гэх мэтээс болж бөөр үрэвсэх нь бий.


Бөөрний даралт
Бөөр өөрөө артерийн даралтыг зохицуулж байдаг эрхтэн юм. Даралт ямар нэг хэмжээгээр тогтвортой байгаа нөхцөлд бөөр эрүүл байх боломжтой. Артерийн даралтын хэвийн үйл ажиллагаа алдагдсанаас бөөрний даралт ихэсдэг. Үүнээс гадна бөөрний даралт ихсэх олон шалтгаан бий. Тухайлбал:
* Бөөрний үрэвсэл нь түүний судсыг гэмтээвэл даралт ихсэнэ.
* Бөөрний өөрийнх нь судас нарийсах тохиолдол бас бий.
Нэгэнт бөөрний даралттай гэж оношлогдсон бол заавал эмчлүүлэх хэрэгтэй. Даралтыг аль болох хэвийн түвшинд тогтоон барих нь чухал. Бөөрний өндөр даралттай олон жил явбал тархи, бөөрний судас хатуурна, зүрх томорч бүх биенд өөрчлөлт орсноор эцэст нь зүрх эсвэл бөөрний дутагдалд орох, тархины цусан хангамжийн алдагдалд орж цус харвах зэрэг хүндрэл гардаг. Мөн бөөрний аливаа өвчний үед нүд, зовхи хавагнана. Хүний хөвсгөр холбогч эд их байрладаг газар хаван хуримтлагдана. Нүүр ам, хөл хавдаад байвал эмчид үзүүлж, шинжилгээ өгөх
хэрэгтэй.


Бөөрний дутагдал
Хурц болон архаг дутагдал гэсэн хоёр янзаар илэрдэг. Хурц дутагдал нь гэмтлийн хордлогод орох, ослын улмаас бөөрөө гэмтээх, цус алдах гэх мэт тохиолдолд илэрдэг. Архаг дутагдал гэдэг нь бөөрний олон өвчний үед гардаг хүндрэл юм. Бөөрний түүдгэнцэрийн архаг үрэвсэл, чихрийн шижин гэх мэт өвчний үед олон дахин сэдрэх эсвэл дутуу эмчлүүлж явсаар бөөр хатингаршин үйл ажиллагаа нь алдагдан, бөөрний шүүх болон хоргүйжүүлэх чадвар нь алдагдсанаас дутагдалд ордог. Бөөр болон элэг нь хүний биеийн лаборатори юм. Шүүх ажиллагаа алдагдсанаар шээс нь цусанд нэвтэрч, архаг хордлогод орсноор бөөрний дутагдалд ордог.

Бүрэн эмчлэгдэх боломж бий юу?

Нэгэнт архагшсан үрэвсэл бол бас хэцүү, хамгийн гол нь тэр үрэвсэл:
-Ямар нянгаар үүсгэгдсэн байна?
-Ямар төрлийн антибиотик таарах вэ? гэх мэтийг нарийн тодорхойлоод оноосон эмчилгээг хийх хэрэгтэй. Мөн бөөрний архаг үрэвслийн үед дархлааг сайжруулах эмчилгээг эрчимтэй хийх нь чухал.


Хөдөлгөөн ихэдсэний улмаас бөөр өвдөх үү?
Физиологийн тодорхой ачааллын улмаас буюу тухайлбал тамирчдын хувьд хөдөлгөөн хэт ихэдсэнээс шээсний өнгө хувирах, бага зэрэг цустай гарах гэх мэт үзүүлэлтүүд байдаг. Үүнээс гадна байнгын зогсоо ажил хийснээс нэгж хугацаанд бөөрөөр эргэлдэх цусны хэмжээ багасаж, бөөрөнд ямар нэг хэмжээгээр нөлөөлөл үзүүлдэг. Өндөр өсгийтэй гутал байнга өмсдөг бол бөөр сунах аюултай. Бөөр нь хэвлийн гадна талын хананд байрладаг, хэвлийн булчингийн хонхорт тогтсон, гадна талаараа өөхлөг хөдөлгөөнтэй эрхтэн шүү дээ. Үсэрч харайхад ямар нэг хэмжээгээр дээш доош болдог эрхтэн юм. Жирэмсэн үед умайг дээш нь өргөх гэх мэт нөлөөтэй байдаг.


Рашаан сувилал бөөрөнд хэр сайн эмчилгээ болох вэ?
Рашаан сувилалын гол үйлчилгээ нь дархлааг сайжруулах юм. Бөөрний архаг үрэвсэлтэй, хавагнадаг өвчтэй хүмүүст элсэн сувилал их сайн. Учир нь халуун элсэнд хучсанаар хаван буурч, цусан хангамж сайжирдаг. Бөөр муутай хүнд адууны мах өгч болно. Бөөрний ямар нэгэн өвчин, архаг үрэвслүүдийн үед хүний дархлаа буурдаг. Үүнийг сайжруулахын тулд адууны махыг тодорхой тунгаар идэх болон, рашаан сувилал гэх мэтийн эмчилгээ байж болохыг үгүйсгэхгүй. Тэрнээс биш тэдгээрийг хэрэглэсэнээр бvрэн эмчлэгдэнэ гэсэн юм байхгvй.


Эмчилгээ
Бөөрний архаг үрэвсэл болон энэ төрлийн өвчин ихсэж байгаа өнөө үед дараах шаардлагуудыг биелүүлж байх хэрэгтэй.
Үүнд:
1. Оносон шинжилгээ, эмчилгээ хийлгэж байх.
2. Биеийн эсэргүүцэл сайжруулах эмчилгээ хийлгэх.
3. Хоол унд эрүүл чанартай байх, хоолны дэглэм сайн барих
4. Хувцаслалтын зохицол, улиралдаа зохицуулж хувцаслах
5. Хөдөлгөөний зөв зохицол маш чухал болно.


Шүд өвдвөл бөөр ч бас өвчилдөг
Хоолой өвдвөл бөөрөнд маш хүчтэй нөлөөлнө. Ялангуяа хоолой идээлэх, шүд хорхойтох нь бөөрөнд маш их нөлөөлдөг. Учир нь халдвар цусаар дамжин бөөрөнд очиж суугаад, үрэвсэх шалтгаан болж өгдөг. Бөөр өвдөх нь бусад бүх эрхтэнд буюу тархинд гэдэс ходоодонд, заримдаа яс сийрэгжихэд хүртэл нөлөөлдөг. Бөөр өвдсөнөөр эрэгтэй хүнд дааврын булчирхайд нөлөөлдөг бол, эмэгтэй хүнд саванд нөлөөлдөг. Ялангуяа бөөрний үрэвсэлээ бүрэн эмчлүүлэхгүй бол бүх хортой бодис нь биеэр тарах магадлалтай, хар үгээр хэлэх юм бол шээс цус хоёр хамт эргэлдэнэ гэсэн үг юм. Клиникийн 3-р эмнэлгийн бөөр, дотоод шүүрлийн булчирхайн тасагт 2006 оны байдлаар хэвтэж эмчлүүлсэн 400 хүний өвчлөлтийн бүтцэд хийсэн судалгаагаар бөөрний архаг үрэвсэл 80.4%, бөөрний түүдгэнцэрийн архаг үрэвсэл 10.4%, бөөрний даралт 9.2% тус тус эзэлж байгаа ажээ.
Жилд 800-900 орчим хүн хэвтэж эмчлүүлдэг тус тасгийн хэвтэн эмчлүүлэгчдийн дотор бөөр, шээсний замын өвчтөн нийт эмчлүүлэгчдийн 14%-ийг эзэлж байна. Мөн бөөр шээсний замын тогтолцооны өвчлөлүүд дотроос бөөрний үрэвсэлт өвчин 56% эзэлж байна. Эдгээр өвчлөлүүдийн улмаас нас барж байгаа хүмүүсийн тоо 10000 хүн тутамд 1.7 байна. Үүнээс гадна бөөрний архаг үрэвсэлд 16-29 насны залуус илүү өртөмтгий байгаа бөгөөд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 2.6 дахин илүү өвчилж байна. Мөн бөөртэй холбоотой өвчлөлийн насны байдал 20-44 байгаа нь судалгааны явцад илэрчээ.


Нийтэлсэн: 2013-09-27 19:31:00
Видео мэдээ