Урлагаар вирустсэн Д.Эрдэнэбулган кино урлагт шинэ давалгаа үүсгэнэ

Монголын кино урлаг өдгөө хөгжлийнхөө шинэ шатанд явна. Долоо хоног тутам шинэ кино нээлтээ хийх болсон энэ үед кино урлагт хэдийнэ цус сэлбэлт хийгдэж, шинэ давалгаа үүссэнийг харж болно. 21 дүгээр зууны кино урлагийн гал тогоонд чадвараа үнэлүүлэхээр залуу уран бүтээлчид хэдийнэ тэсрэлт хийгээд эхэлжээ. Тэдний нэг нь МУСТА Ш.Доржсүрэнгийн хүү Д.Эрдэнэбулган гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Түүний хувьд урлагийн гэр бүлийн залгамж халаа болж өөрийн гэсэн продакшн байгуулаад хоёр дахь дэлгэцийн бүтээлээ үзэгчдэд хүргэхээр нээлтийн товоо зарлачихаад байгаа юм. Анх "Дурлал сүйтгэгч" инээдмийн уран сайхны киногоо үзэгчдэд хүргэж байсан Д.Эрдэнэбулган энэ удаа "Нэг өдрийн дайсан" хэмээх мелодрама төрлийн киногоо үзэгчдэд хүргэнэ. Урлагийн гэр бүлд төрж өссөн учраас аав, ээж нь түүний уран бүтээлд гол чиглүүлэгч байх нь дамжиггүй. Гэсэн хэдий ч залуу хүний хувьд бүхий л зүйлд өөрөө гар бие оролцож байгааг жүжигчин Зулаа онцолж байна лээ. Тиймдээ ч кино урлагт шинэ давалгаа үүсгэж, өөрийн гэсэн орон зайг бий болгож байгаа биз ээ. Ээжийнхээ хэлдгээр урлагаар вирустсэн Д.Эрдэнэбулганы хэр киночин бэ гэдгийг үзэгчид энэ сарын 26-наас бүх кино театраар гарах "Нэг өдрийн дайсан" киноноос дахин нэг тольдох нь ээ.


Нийтэлсэн: 2016-08-24 10:45:00
Видео мэдээ