”Барьцаа 007” нээлтээ хийлээ

МУАЖ Г.Мягмарнаран, МУГЖ Л.Баттулга/ Аглуу/, СТА Д.Баттөмөр / Банш Батаа/ нар гол дүрд нь тоглосон "Барьцаа 007" өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийлээ. Нэгэн үе тайзан дээр хамтран уран бүтээл туурвиж явсан хоёрыг дэлгэцэнд ч хамтарсан гэхээр их л инээдтэй хөнгөн кино байх гэж бодож байсныг нуух юун. Их хотын замын түгжрэлээс болоод хэдэн минут хоцорсоор "Гэгээнтэн" кино театрт очлоо. Дэлгэцэнд Аглуу, Батаа хоёр албаны машинаараа хүн шүргэсэн хэсэг гарах аж. Эндээс л мань хоёрын бүтэлгүйтэл эхэлж байгаа юм. Машинд шүргүүлсэн нөхөр таван сая төгрөг нэхэхэд Аглуу байрны ордероо өгөөд явуулчих аж. Долоо хоногийн дотор таван саяыг олж байрны ордероо авахыг хүссэн залуус нэгэн чинээлэг эрхмийн гэрээс хөөрөг хулгайлах гэсэн ч бүтэлгүйтнэ. Харин гурван хүүхэдтэй чинээлэг эрхэм хүүхдүүдээ ухааруулахаар мань хоёртой хамтарч нэгэн тоглоом тоглох юм. Өөрөөр хэлбэл бүтэлгүй хоёр барьцаалагч болж хувирна. Барьцаа амжилттай болсон эсэхийг уншигч та "Барьцаа 007" киноноос үзээрэй. Ямартай ч хөнгөн инээдмийн кино үзэхээр очсон би уярч, нээрээ л амьдралд ийм зүйл байдаг даа хэмээн бодоход хүрсэн шүү. Тэд киногоороо эцгийн хайр гэж юу болохыг үр хүүхдийн хүсэл юу байдгийг ч мөн харуулахыг зорьжээ. Хөнгөн гуниг, инээд, ухаарал дагуулсан "Барьцаа 007" танд таалагдана гэдэгт итгэж байна.


Нийтэлсэн: 2016-11-21 14:57:00
Видео мэдээ