Хятадын Шинжаан-Уйгарын автономт районы Аксу тойргийн Уши хошуунд 1 сарын 23-нд 7,1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай тус орны Сейсмологийн сүлжээний төв мэдээллээ. Үүний дараа 5,3 хүртэл магнитудын хүчтэй цуврал газар хөдлөлт болжээ. Орон сууцны 2 байшин бас малын жүчээ нурж, Хятадын зарим нутагт тог цахилгаан тасарсан байна. Мөн Аксу болон бусад хотын олон иргэн орон гэрээ орхин явсан тухай ХМХ мэдээлэв.
1 сарын 23-нд Хятадад дахин нэг газар хөдлөлт болсон, 5,7 магнитудын хүчтэй. “Даваа гарагийн өглөө 6 цагийн орчим Чжаотун тойргийн Ляншуй тосгонд хөрсний гулгаа, нуранги болж 47 хүн сураггүй алга болсон гэж бүртгэгдлээ. Одоогийн байдлаар Юньнань мужид 7 хүн нурангинд дарагдаж нас барсан нь тогтоогдсон, мөн 40 хүн олдоогүй. Энд 795 аврагч, 1 дрон болон экскаватор, ачигч, машин гээд 120 техниктэй ажиллаж байгаа аж. 213 оршин суугчийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж 100 гаруй майхан, 400 хөнжил, 200 дулаан хүрэм, ослын гэрэлтүүлэг бүхий 14 цогц төхөөрөмж тараасан” гэж “Синьхуа” агентлаг мэдээлэв.
Түүнчлэн Киргизийн Бишкек, Казахстаны Алма-Ата, Узбекистанд газар хөдөлжээ. Алма-Атад 4 магнитудын хүчтэй газар хөдөлж дараа нь 10 гаруй афтершок бүртгэгдсэн. Энэ үеэр 8 хүн бэртэж гэмтжээ. Тэдний 3 нь 2 ба 3 давхрын цонхоор үсэрсэн аж. Сургууль, коллежийн хичээлийг цуцалжээ. Газар хөдлөлтийн улмаас Казахстан руу нисч явсан 4 онгоц хугацаандаа Алма-Атад бууж чадсангүй.
Киргизийн нийслэлээс 400км зайтай нутагт 6,7 магнитудын хүчтэй газар хөдөлж Бишкект 4-5 балл мэдрэгдсэн. Түүнчлэн тус орны Иссык-Кульск, Нарынск, Чуйск мужид газар хөдөлсөн, ялангуяа Жети-Огузск, Аксыйск, Тюпск дүүрэгт их хүчтэй мэдрэгдэв. Гарз хохирлын талаарх мэдээлэл алга.
Узбекистаны Ташкентад 3 баллын хүчтэй газар хөдөлсөн, харин Андижанск, Ферганск, Наманганск мужуудад 3-4 балл байв. Газар хөдлөлтийн голомт нь нийслэлээс 862 км зайд бүртгэгдлээ.
#МЦогзолмаа орчуулав.
Дэлхийн хэдэн оронд газар хөдөлжээ
2024-1-23
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.