МОНГОЛ УЛСЫН 3.4 САЯ ИРГЭНД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НОГДОЛ АШИГ ОЛГОНО
Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2024.01.31/хуралдаанаар 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн иргэдэд 1,072 хувьцаа эзэмшүүлэх шийдвэрийг гаргалаа. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 73% орчим хувийг Эрдэнэс Монгол нэгдэл, 26.94% орчим хувийг Монгол Улсын 3.4 сая иргэн, 0.06%-ийг үндэсний 487 аж ахуйн нэгж эзэмшихээр боллоо.
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2022 онд 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Үүнээс 351 тэрбум орчим төгрөгийг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилна. Нэг хувьцаанд 108.7 төгрөгөөр тооцож ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлнэ.
Тэтгэврийн, халамжийн, НӨАТ-ийн буцаан олголтын, хүүхдийн мөнгө авдаг зэрэг төрд байгаа мэдээллийг ашиглан тухайн иргэний дансанд ногдол ашгийн мөнгийг шилжүүлнэ.
2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс хойш төрсөн 893 мянга орчим хувьцаа эзэмшигчдэд хүүхдийн мөнгөний дансаар шилжүүлэхээр зохицуулав.