Орос гүрэн 2024 оны 2 сарын 1-нээс Эхийн капитал болон 40 гаруй төрлийн тэтгэмж халамж, нөхөн олговроо нэмлээ. Эрх баригчид энэ үеэр өнгөрсөн жилийн инфляцийг тооцож 7,4% индексжүүлжээ. Ерөнхий сайд Михаил Мишустин “Энэ арга хэмжээнд 20 сая хүн хамрагдана. Ерөнхийлөгчийн өнгөрсөн жил баталсан Холбооны төсөвт тусгасны дагуу ард иргэдийнхээ өмнө хүлээсэн нийгмийн үүргээ ЗГ бүрэн хэмжээгээр гүйцэтгэлээ” хэмээн мэдэгджээ.
Анхны хүүхдэд олгох Эхийн капитал 2 сарын 1-нээс 630,4 мянган рубль хүрсэн ба 2 дахь хүүхдээ төрүүлсэн тохиолдолд 833 рубль олгоно. Оросын хуулиар Эхийн капиталыг бэлэн мөнгөөр олгодоггүй, зөвхөн хэдэн зорилгоор зарцуулахыг зөвшөөрдөг. Жишээ: Орон сууцны нөхцлөө сайжруулах (ипотек, байшин барих), Эхийн тэтгэврийн хуримтлал, хүүхдүүддээ боловсрол олгох, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгэмд дасан зохицоход нэн шаардлагатай бараа ба үйлчилгээ авах... Түүнээс гадна Амьжиргааны түвшнээс доогуур орлоготой эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ 3 нас хүртэл энэ Эхийн капиталаас сар бүр тэтгэмж авч болно. 1-ээс дээш хүүхэдтэй айл өрх ийм хэлбэрийн дэмжлэгийг хүүхэд тус бүрд гэж авна. Тэтгэмжийн хэмжээ дунджаар 15 мянган рубль.
Эхийн капиталын зэрэгцээ шинээр төрсөн хүүхдэд олгох 1 удаагийн тэтгэмжийн хэмжээ нэмэгдэж 24,6 мянган рубль болжээ. Энэ тэтгэмжийг орлогын түвшин, хүүхдийн тооноос үл хамааран Оросын бүх гэр бүлд олгодог юм байна.
Жирэмсэн эхчүүдэд (180 хоног) олгодог нэг удаагийн тэтгэмж 39 мянган рубль болж нэмэгджээ. Хүүхдийг 1,5 нас хүртэл нь асрах, сар тутмын тэтгэмжийн мөнгө 9,2 -18,5 мянган рубль, дээд хэмжээ нь 49,1 мянган рубль. Цэргийн албан хаагчийн хүүхдэд олгох сар тутмын тэтгэмж 16,7 мянган рубль болов. Хүүхэд өргөж авахад олгох 1 удаагийн тэтгэмж 24,6 мянган рубль, хэрэв Хөгжлийн бэрхшээлтэй бол 188 мянган рубль.
Түүнчлэн ОХУ-д Цалингийн доод хэмжээ 18,5% өсч 19242 мянган рубль болжээ...
#МЦогзолмаа орчуулав.
ОХУ: Эхийн капитал зэрэг 40 төрлийн тэтгэмж халамжаа 7,4% нэмэв
2024-2-01
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.