---ОХУ-ын тоймч Ольга Самофаловагийн нийтлэлээс товчлон хүргэв---
Хятад яагаад Оросын байгалийн хийн шинэ хоолой барихыг зөвшөөрөхгүй байгаа вэ? Шинэ хийн хоолойгоор байгалийн хий нийлүүлэх гэрээнд “Газпром” корпораци ба Хятад 2 одоо хүртэл гарын үсгээ зурахгүй байгаа нь хачирхалтай. Хятадууд энэ талаар огт дуугарахгүй, амандаа ус балгасан мэт. Харин “Газпром”-н тэргүүн Алексей Миллер болохоор хэлэлцээр явагдаж байгаа гэдэг.
Гэтэл энэ хийн хоолой газар нутаг дээгүүр нь дамжин өнгөрөх Монгол Улс сая албан ёсоор “Хийн хоолойн төслийн тухай хэлэлцээр удааширч сунжирч байна” гэж мэдэгдсэн.
Уг нь “Сибирийн хүч 2” хийн хоолойн барилгын ажил 2024 онд эхэлнэ гэж өмнө нь зарласан. Гэвч үүний тулд эхлээд арилжаа наймааны Гэрээгээ байгуулж гарын үсэг зурах ёстой, ийм гэрээгүй хэн ч юу ч барихгүй.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын орлогч Алексей Громов “Энэ оны эхний хагаст л лав Гэрээнд гарын үсэг зурахгүй шинжтэй” гэж мэдэгдлээ. “Үнэ ханшин дээр Талууд тохиролцож чадахгүй байна. Хятадууд болохоор удаан хүлээх тусам Газпром-ын ажил хэрэг муудаж улмаар Орос буулт хийнэ гэж үзэж байна” хэмээн Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлын сангийн тэргүүлэгч шинжээч Игорь Юшков мэдэгдлээ.
“Сила Сибири 2" хийн хоолойг Хятад чухалчилж үзэхгүй байх хэдэн шалтгаан бий. “Сибирийн хүч 2 хийн хоолойн маршрут нь Төв Азиас Хятадад хий нийлүүлдэг маршруттай бараг давхацдаг, шинэ нутгуудад биш Шанхай л хүрнэ. Өөрөөр хэлбэл, Оросын хий бусад орны хийтэй өрсөлдөх юм. ОХУ өрсөлдөөнд ялъя гэвэл байгалийн хийгээ инээдтэй үнээр зарах болно. Гэвч тэгж болохгүй ээ, бид Хятадад хий нийлүүлэхээ нэмэгдүүлэх нь чухал боловч гол нь төсөвт ашигтай байх ёстой шүү дээ... Хятад хил дээрээ Төв Азиас хий худалдаж авахаас гадна Турменистан зэрэг орны хий олборлох төсөлд оролцдог. Тэр бүү хэл хийн хоолойн систем нь Хятадаас зээлсэн мөнгөөр баригдсан. Ийм учраас Хятад зээлийн хүүгийнхээ оронд Төв Азийн орнуудаас хий авдаг юм. Харин бид зөвхөн хий зарах-худалдаж авах гэрээ хийдэг” гэж Алексей Громов тайлбарлав.
Сонирхуулахад, Хятад улс Төв Азиас 1000м3 хийг 350-370 доллараар худалдаж авдаг. Харин Орос улс “Сибирийн хүч” хоолойн хийг 1000м3-г нь 300 доллараар Хятадад зардаг.
Тэгээд ч “Сибирийн хүч 2” төслийг хэрэгжүүлэхийн тулд Хятад өөрийн нутгийн дэд бүтцэд их мөнгө хаях шаардлагатай болно, бас 2030 оноос л орж ирэх энэ хийг ашиглах урт хугацааны эрэлт байх ёстой гэдгийг хятадууд ойлгож байгаа.
Гэхдээ улстөрийн үйл явдлуудаас болж “Газпром”, Хятад хоёр шинэ хийн хоолойн гэрээ байгуулах ажлаа хурдасгаж магадгүй. Ойрхи Дорнодын зөрчил хурцдаж Улаан тэнгисээр усан онгоцууд зорчих асуудалтай болж байгаа. Хэрэв Хятад ба АНУ-ын “худалдааны дайн” гаарвал америкчуудын Хятадад нийлүүлэх шингэрүүлсэн хий тасалдаж болзошгүй. Хамгийн гол нь Оросоос хоолойгоор нийлүүлэх хий иймэрхүү эрсдэлд өртөхгүй. ОХУ-ын тогтвортой, хямд үнэ болон улстөрийн найдвартай байдал, аюулгүй осолгүй байдал нь тооцоотой Хятадыг “за” гэж хэлүүлж чадах байх....
#МЦогзолмаа орчуулав.
ОХУ: Монголоор дамжих хийн хоолойг Хятад "хойш татдаг"
2024-2-02
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.