Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлитийн төрийн айлчлал өндөрлөв. Монгол, Лаос 2 хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурлаа. Үүнд:
“ЭРҮҮЛ МЭНД, АНАГААХ УХААНЫ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ, БНАЛАУ-ЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ ХООРОНДЫН САНАМЖ БИЧИГ”
Талууд өөрийн улсын эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэл, хэрэгцээ, шаардлагад тулгуурлан, эрүүл мэнд, анагаах ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ. Ялангуяа оношилгоо, эмчилгээний арга, технологи, мэс засал, яаралтай тусламжийн чиглэлээр мэдлэг, туршлагаа солилцоно.
“МОНГОЛ УЛСААС БНАЛАУ РУУ ҮХЭР, АДУУ, ХОНЬ, ЯМААНЫ МАХ ЭКСПОРТЛОХ, АМЬТНЫ ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИУН ЦЭВРИЙН ШААРДЛАГЫН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ, БНАЛАУ-ЫН ХӨДӨӨ АЖ АХУЙ, ОЙН ЯАМ ХООРОНДЫН ПРОТОКОЛ”
Монгол Улсаас БНАЛАУ-д экспортлох үхэр, адуу, хонь, ямааны махны “Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ”-ний загвар, нөхцөл, шаардлагаа харилцан тохиролцож баталгаажууллаа. Ингэснээр хоёр улсын мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлэхийн зэрэгцээ мах экспортлох боломж бүрдэж байна. Тус баримт бичгийг 2023 онд байгуулсан Мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, БНАЛАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах зорилгоор байгууллаа.
“ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ, БНАЛАУ-ЫН ДОТООД ХЭРГИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”
Төрийн албаны шинэтгэлийн чиглэлээр туршлага, мэдээлэл солилцох, сургалт зохион байгуулах, судалгаа хийх замаар хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
Эх сурвалж: president.mn