ЖИЛД 10 САЯ ТОНН НҮҮРС БАЯЖУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ҮЙЛДВЭР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК Стратегийн ач холбогдол бүхий томоохон 10 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Эдгээр төслийн нэг болох Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг 2022 онд эхлүүлж төслийн эхний шат болох жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад орууллаа.
Нүүрс баяжуулах үйлдвэрийн нээлтийн ёслолд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга У.Бямбасүрэн, “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал болон бусад албаны хүмүүс, зочид, төлөөлөгчид, уурхайчид оролцлоо.
Нүүрс баяжуулах үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор “Эрдэнэс Тавантолгой” ХК жилд дунджаар 24 орчим сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж, 1.9 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олж, улс болон орон нутгийн төсөвт татвар, төлбөр хэлбэрээр нийт 185.8 сая ам.долларыг төвлөрүүлэх юм.
Мөн төсөл хэрэгжсэнээр улс орны болон бүс нутгийн нийгэм эдийн засгийн өсөлтийг дэмжиж 472-928 шууд ажлын байрыг шинээр бий болгож, экологийн сөрөг нөлөөллийг бууруулан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Төслийн Ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Норинко Дади” түншлэл “Дади Инженеринг Девелопмент Групп” компаниуд оролцож УУХҮЯ, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн инженерүүд хяналт тавьж ажиллалаа.