"COMEX" Нью-Йоркийн барааны бирж дээр 2024 оны 7 сарын 17-ны лхагва гарагт алтны үнэ дахин өсч түүхэнд байгаагүй өндөр түвшин буюу 1 унци нь 2488 доллар хүрлээ. “Дэлхийн геополитикийн нөхцөл байдал тодорхойгүй, мөн доллар суларсны улмаас алтны үнэ 2 өдөр дараалан өсч дараалан рекорд тогтоов. Санхүүгийн зах зээлийн оролцогчид ийм байдлаар АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Дональд Трампын амь насанд халдах оролдлогод хариу үйлдэл үзүүлэв. Улстөрийн эрсдэл ихэссэнтэй холбоотойгоор ямарваа цочрол донсолгоонд бэлэн байхын тулд хөрөнгө оруулагчид одоо алтыг идэвхтэй худалдан авч байна. Түүнээс гадна олон улсын зах зээл дээр cүүлийн 4 сарын турш доллар суларсан, цаашид ч улам ханш нь суларна гэж хүлээж буй, иймээс дэлхий даяар алтны эрэлт нэмэгджээ” гэж шинжээчид ярилаа.
Алтыг ялангуяа улс орнуудын Төвбанк идэвхтэй худалдан авч нөөцөлж байна. Дэлхийн олон орны Төвбанк сүүлийн үед үнэт металлаар баталгаажсан фиат мөнгөөс татгалзаж чөлөөлсөн мөнгөөрөө алт авч байгаа аж.
“Трампын амь насанд халдсан явдал үнэндээ алтны үнэ өсөх триггер болсон. Улстөрийн эрсдэл нэмэгдэж хөрөнгө оруулагчдын ихэнх нь мөнгөө алт болгон хувиргаж эхэлжээ... Алт бол хамгаалалтын актив, түүнийг бас айдсын валют гэж нэрлэдэг. Яагаад гэвэл улстөр донслох бүрд энэ үнэт металл улам их үнэд ордог... АНУ-ын Холбооны нөөцийн сан намар хүүгээ бууруулах байх... Гэвч үүний дараа доллар улам суларч алтны үнэ өсөх магадлалтай. 1 унци алт бүр 2600-2700 доллар болж мэднэ” гэж ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуулийн доцент Сергей Суверов мэдэгдлээ.
Дэлхийн алтны зөвлөл (WGC) “Улс орнуудын Төвбанк 2021 онд 450 тонн алт авсан бол 2022 онд 2 дахин их буюу 1082 тонныг худалдаж авчээ. Энэ бол ажиглалтын түүхэнд гараагүй дээд үзүүлэлт. Тэд 2023 онд 1037 тонн алт худалдаж авсан, гэхдээ энэ нь өмнөх 10 жилтэй харьцуулахад бараг 2 дахин их үзүүлэлт юм” хэмээжээ.
2024 онд хамгийн их алт худалдан авсан орнуудыг нэрлэвэл: Турк, Хятад, Энэтхэг, Польш, Казахстан, Сингапур, Чех, Оман, Киргиз, Орос. Харин Олон улсын валютын сан “Дэлхийн Төвбанкууд нөөцөндөө байгаа доллараа аажмаар багасгаж байна” гэж мэдэгдэв.
“Ирэх 5 жилд дэлхийн алтан валютын нөөцөнд эзлэх долларын хувь хэмжээ 40-48% эсвэл бүр бага болж буурна гэж манай гарагийн Төвбанкуудын гуравны нэг нь хүлээж байна. Харин Европт энэ үзүүлэлт бүр 10-15% болох шинжтэй. Харьцуулахад, дэлхийн нөөцөд хадгалагдах алтны хэмжээ 17-25% хүрнэ, эсвэл бүр ихэснэ” гэж тоймчид таамаглажээ.
#МЦогзолмаа орчуулав.
Алтны үнэ түүхэн дээд амжилт тогтоов
2024-7-18
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.