Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх салбар зөвлөлөөс санаачлан "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн зорчигчийн галт тэрэг, "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын орон нутгийн тээвэр, МИАТ ТӨХК-ийн нислэгээр үйлчлүүлэхдээ тарифын хөнгөлөлт үзүүлэхээр боллоо. Нийгмийн хариуцлагын хүрээнд өнөөдрөөс /2023.02.09/ эхлэн хэрэгжүүлж байгаа шийдвэрийн талаар Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд болон холбогдох хүмүүс танилцууллаа.
Тодруулбал, МИАТ ТӨХК хөгжлийн бэрхшээлтэй иргэд эмчилгээнд явж байгаа тохиолдолд 50-90 хувийн хөнгөлөлт үзүүлэх, энгийн зорчиж байгаа тохиолдолд 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргалаа. Мөн "Хүннү Эйр" компани 15 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр болсон.
"Улаанбаатар төмөр зам" ХНН хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиход тасалбараас 60 хувийн хөнгөлөлт, түүнийг харгалзаж яваа хүнд 40 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр болж байна.
"Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ нь 21 аймаг, 116 орчим сумд үйлчилгээ хүргэхээс гадна олон улсын чиглэлэд үйлчилгээ үзүүлдэг. Энэ чиглэлд хөгжлийн бэрхшээлтэй иргэн жилд нэг удаа, нэг чиглэлд үнэ төлбөргүй зорчих шийдвэрийг гаргаад байна.
Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэд ТББ-ын тэргүүн Д.Баатаржав “Зам,тээврийн хөгжлийн яам өмнө нь тэргэнцэртэй иргэдэд зориулсан такси үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуульд тохижуулалт хийх, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан авто замын ухаалаг гарцыг ашиглалтад оруулсан зэрэг олон ажлыг санаачлан, хэрэгжүүлдэг. Өнөөдрийн энэхүү шийдвэр нь ч мөн ялгаагүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд маш том дэмжлэг болж байгаа тул талархмаар байна” хэмээн хэллээ.