Image description
Японы Токио хотод 16 дахь удаагийн зуны Паралимпийн наадам эхэллээ. 8 сарын 24-нд эхэлсэн энэ наадам 9 сарын 5 хүртэл үргэлжилнэ. “Бид жигүүртэй” гэж нэрлэсэн нээлтийн ёслолын ажиллагаа явагдсан цэнгэлдэх хүрээлэн 68 мянган хүнийг багтаах хүчин чадалтай ч 1 ч үзэгчгүй, яг өмнөх 7-сарын нээлт шиг. Тэгээд ч Токиод Онц байдал зарласан хэвээр байгаа билээ. Цар тахлын улмаас зөвхөн Паралимпийн зарим тамирчин, дэлхийн орнуудын төлөөлөгчид гээд 3400 хүн нээлтэд оролцлоо.
Энэ удаагийн Паралимпид нийт 4400 тамирчин оролцож спортын 22 төрлөөр өрсөлдөх юм. 16-р Паралимпийн наадамд бадминтон ба тэквондо гэсэн 2 төрлийг шинээр нэмж, далбаат уралдаан болон 7х7 хөлбөмбөгийг хөтөлбөрөөс хасчээ. Цар тахлын улмаас арлын Самоа, Кирибати, Тонга ба Вануату орнуудын тамирчид Токиогийн Паралимпид оролцож чадсангүй. Мөн Афганистаны тамирчид ирээгүй. “Афганистан улсын өнөөгийн нөхцөл байдал маш хүнд байна. Бүх онгоцны буудал хаагдсан учраас тус орны тамирчид болон Паралимпийн үндэсний хороо энэ удаа Токиод ирж чадсангүй. Тэд аюулгүй байдалд байгаа гэж найдна” хэмээн Паралимпийн олон улсын хорооны төлөөлөгч Крейг Спенс мэдэгдлээ.
Токио бол Паралимпийн наадмыг 2 дахь удаагаа зохион байгуулсан анхны хот боллоо. Япон 1964 онд эхний Паралимпийг явуулсан, чухам тэр үеэс ийм нэршилтэй болсон юм байна. Тухайн үед Паралимпид дэлхийн 375 тамирчин 9 төрлөөр өрсөлдөж байлаа.