ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин эх орондоо Азербайжаны тэргүүн Ильхам Алиевыг хүлээн авч Байгаль-Амарын магистрал төмөр замыг (БАМ) хөгжүүлэх болон бусад төслийг авч хэлэлцжээ. Тэд мөн БАМ-ын ахмадуудтай уулзаж төрийн одон медаль гардууллаа. БАМ бол ЗХУ-ын хамгийн сүүлийн аварга том бүтээн байгуулалт, энэ жил тус төслийн 50 жилийн ой тохиож байна. 1974 оноос эхэлж Зөвлөлт орны өнцөг булан бүрээс залуус БАМ-д илгээлтээр очиж ажилласан билээ.
Орос, Азербайжан хоёр хамтарч “Умард –Өмнө” олон улсын тээврийн гудам байгуулахаар болжээ. Ерөнхийлөгч Владимир Путин “БАМ бол дэлхийн хамгийн том төмөр замын нэг. Энэ бол ирээдүйн зам. БАМ маань XXI зууны даяаршсан логистикийг тодорхойлж буйг бид өнөөдөр харж байна... Сибирь, Алс Дорнодыг эзэмших, хөгжүүлэхээс гадна Номхон далайн чиглэлд ачаа тээврээ тэлэх асар их боломжийг манай орон олж авсан....“Умард –Өмнө” тээврийн гудам маань ирээдүйд Умардын далайн замыг Персийн булантай холбох юм.... БАМ-ын нэвтрүүлэх чадвар жилд 36 сая тонн давжээ, 4324 км урт, 4200 гүүртэй, 13 хонгилтой... Чухам БАМ-ын бүтээн байгуулалтын ачаар Орос орон дорно руу эргэлээ" хэмээн мэдэгдэв.
Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев “Манай нутаг дээрх төмөр зам Орос-Азербайжаны хилийг Азербайжан-Ираны хилтэй холбодог. Гэвч ачаа тээврийн эрэлт хэрэгцээ улам нэмэгдсээр байгаа тул бид энэ төмөр зам дээр шинэ хэсгүүдийг барих шаардлага үүслээ. Бид ачаа тээврийн эргэлтийг эрс нэмэгдүүлж Умардаас Энэтхэгийн далай хүрсэн тээврийн онцгой замтай болно” хэмээжээ.
Путин “Энэ шинэ гудмыг барьж хөгжүүлэх асуудлыг сонирхсон бүх улс орныг хамтарч шинэ төсөлд оролцохыг урьж байна. Умард –Өмнө тээврийн гудам маань олон улсын хамтын ажиллагааны үлгэр жишээ болох ёстой. Шинэ логистик маршрутыг бүрдүүлэх тухай энд яригдаж байна” гэж хэллээ.
"Азербайжаны өнөөгийн Ерөнхийлөгч Ильхамын эцэг Гейдар Алиев энэ Маш төвөгтэй, үлэмж том төслийн удирдагчаар ажилласан. Улстөрийн товчооны гишүүн, ЗХУ-ын Сайд нарын зөвлөлийн тэргүүлэгчийн орлогч Гейдар Алиев БАМ-ын объектуудаар хэдэн мянган км аялж долоо хоногоор галт тэргэнд амьдарч байжээ. Энэ төмөр замын магистралийн ихэнх хэсэг мөнх цэвдэгтэй нутгаар тавигдсан.... ЗХУ задарсны дараа БАМ-ын төсөл зогсонги байдалд орж, “хаа ч хүргэдэггүй зам” гэж нэрлэх болжээ. Харин одоо БАМ өндөр ачаалалтай ажиллахын зэрэгцээ улам бүр өргөжин тэлж байна. Оросууд түүнчлэн Оросын Транссибирийн магистрал төмөр замыг сайжруулан шинэчилж эхэлжээ.... БАМ ба Транссибирийн төмөр зам нийлж Дорны төмөр замын полигон үүсгэдэг. Өнөөдөр энд их ажил “буцалж” байна. Төмөр замын магистраль эхнээсээ дуустал 2 чиглэлийнх болж олон хонгил байгуулахаар төлөвлөжээ. Зөвхөн энэ жил гэхэд Дорны полигон дээр 33 мянган барилгачид ажиллана” хэмээн ОХУ-ын ХМХ бичжээ.
Оросын Засгийн газрын Шадар сайд Марат Хуснуллин “БАМ-ын 3-р шат дуусахаар бид 270 сая тонн ачаа бараа тээвэрлэдэг болно. 2023 оны дүнгээр бид 173 сая тонныг зөөвөрлөсөн. Аварга том, өргөн цар хүрээтэй ажил явагдаж байна” хэмээжээ.
Илгээлтийн эздийн нэг Виктор Иванович Аксенов “Эрхүү муж, Буриадад төмөр зам тавихад ажилласан. БАМ-ын түүх бол манай гэр бүлийн түүх. “Би Оддын хотхонд хуримласан. Харин Магистральд охин минь мэндэлж, Северобайкальскт хүү, Нижнеангарск хотод дараачийн хүү төрсөн юм” гэж ярилаа.
#МЦогзолмаа орчуулав.
ОХУ, Азербайжан 2 хамтарч асар том төслийг хэрэгжүүлнэ
2024-4-23
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.