Image description
Английн “Ньюкасл” клубыг Саудын Арабын Хөрөнгө оруулалтын сан худалдан авсан. Тэгвэл шинэ эзэд клубтэйгээ танилцсны дараагаар шинэ дасгалжуулагч хайж эхэлсэн байна.
Одоогоор багийг 60 настай Стив Брюс удирдаж, Премьер лигийн 19 буюу дороосоо хоёр дахь байрт яваа нь эздийн сэтгэлд нийцэхгүй байгаа нь тодорхой. Өнгөрсөн амралтын өдөр шинэ эздийн нүдний өмнө Брюсийн баг талбайдаа “Тоттенхэм”-д 2:3-аар хожигдож, байдал улам хүндэрсэн. 
Тэгвэл дасгалжуулагчаар урьж ажиллуулах магадлал өндөртэй гурван мэргэжилтний нэрийг клубын эзэд тогтсон гэж The Times мэдээллээ. Үүнд, Бельгийн шигшээг удирдаж буй Роберто Мартинес, Шотландын “Глазго Рэйнжерс”-ийн жолоог атгаж буй Стивен Жеррард, Испанийн “Вильярреал”-д ажиллаж байгаа Унаи Эмери нар багтжээ.
Хэвлэлүүд Жозе Моуриньог урьж магадгүй хэмээн таамагласан ч “Би Ньюкасл хоттой онцгой сайхан харилцаатай нь үнэн. Гэхдээ одоогоор “Рома”-гийн ажилдаа л анхаарч байна” хэмээн португал мэргэжилтэн мэдэгдсэн юм. 
Моуриньо олон жилийн өмнө Сэр Бобби Робсоны туслахаар ажиллаж байсан намтартай. Сэр Бобби Робсон бол Английн “Ньюкасл”-ын түүхэнд мөнхөрсөн алдартай дасгалжуулагч билээ.