Image description
Орос улсын “ТНТ” телевиз жил бүр орон орны далдыг харагч, зөнбилэгч, бөө зэрэг гоц авьяастнуудын дунд “Зөн билгийн тулаан” зохион байгуулдаг. Энэ жилийн тулааны зураг авалт 8 сарын 23-наас эхэлсэн ба тус телевизээр 9 сарын 25-наас цацаж байгаа. Ялагч 12 сарын 25-нд тодорч тэргүүн шагнал “Болор гар”-ын эзэн болно. Сонирхуулахад, энэ жилийн шилдэг 12 зөнбилэгчийн дунд манай Монголын Зайран Буянтогтохын Эрдэнэсант багтсан билээ. Түүнийг танилцуулах шаардлагагүй, бид бүгд мэднэ. 9 үе дамжсан удамт бөө, Монголын тэмцээний ялагч, программчин мэргэжилтэй. Зайран Эрдэнэсант 4 жилийн өмнө зөнтэй зүүдэлжээ. Тэр өөрийгөө Оросын "Зөнбилгийн тулаан"-д оролцож финалд үлдсэн байхыг  зүүдэндээ харсан аж. Ийнхүү бүх зүйл түүний зүүдэлсний дагуу биелж зайран Эрдэнэсант дэлхийн орон орны гоц хүмүүстэй өрсөлдөн шилдэг 5-ын нэг болж чадав. Бахархмаар сайхан амжилт. Харамсалтай нь, 12 сарын 4-ний өдөр тэр хар дугтуй авч тэмцээнээ орхилоо. Энэ ялагдалд түүний орчуулагч тодорхой үүрэг гүйцэтгэсэн гэж санагдсаныг нуух юун. Зайрангийн хэлсэн бүхнийг орчуулахгүй, орхигдуулж байсныг бүр оросууд ч хэлж шүүмжилж байгааг доорх бичлэгээс үзээрэй (сүүлийн тэмцээний бичлэг youtube-д ороогүй тул өмнөхийг нь тавив). Зайран Буянтогтохын Эрдэнэсанттай цуг шилдэг 5-д үлдсэн зөнбилэгчид бол Максим Левин, Ольга Якубович, Владислав Череватый, Линда Хевард-Миллс, Ингээд үлдсэн 4 зөнбилэгчийг танилцуулъя: 
Шидтэн Максим Левин: ОХУ-ын Санкт-Петербург хотын шидтэн Максим Левин далдыг хардаг төдийгүй хүмүүсийн ирээдүйг өөрчилж чаддаг. Тэрбээр төрийн албаны Академи төгссөн, каратэгийн хар бүстэй. Мужийн захиргаанд ажиллаж байхад түүнд ээлж дараалан хачирхалтай, ер бусын үйл явдлууд тохиож 5 удаа үхэх шахсан аж. Үүний дараа Левин танил зөнбилэгч дээр очиж өвөг дээдсийнхээ замаар замнах ёстойг ухаарсан гэдэг. 
Ольга Якубович: Дандаа хар хувцас өмсч хар хүүхэлдэй тэвэрч явдаг энэ бүсгүй бол Орос дахь Марангоний хүрээлэнд ажилладаг (дэлхийн шилдэг fashion сургуулийн нэг). Ольга 2 дээд боловсролтой, бас Миланд "Fashion Styling" төгссөн.. Тэр хайрын ид шидээр дагнадаг ба бүсгүй хүн бүрд ид шидийн чадвар бий гэж үздэг. Ольга хүүхэд байхдаа шөнө бүр хүүхэлдэй нь амь орж байгааг харж анх зэрэгцээ ертөнцтэй холбоо тогтоожээ. Тэр тэмцээн дээр хүүхэлдэйнээсээ салдаггүй, түүгээр дамжуулан далд ертөнцөөс мэдээлэл авдаг. 
Влад Череватый бол Украинаас салан тусгаарлахаа зарласан Луганскаас гаралтай. Энгийн амьдралд тэр жирийн нөхөр, эцэг, харин нөгөө амьдралдаа чөтгөрийн зарц, хар номтон. Влад нэг удаа архичин аавдаа зодуулаад амиа хорлохоор шийджээ. Гэтэл энэ үед чөтгөртэй учирч төлөөс амлан шидэт чадвартай болсон гэнэ. 
Линда Хевард-Миллс: Оросын Москва хотод амьдардаг, ВГИК төгссөн. Линда өөрийн гоц чадвараа хүлээн зөвшөөрөхгүй, удаан татгалзаж байжээ. Тэр үүнийг эцгээсээ өвлөж авсан ч өөрийгөө онцгой гэж үздэггүй. “Хүн бүр төрөхдөө ижил нөхцөл байдалд байдаг. Гоц чадвар бол үүнийг хүлээн  авахаа зөвшөөрч хөгжүүлсний үр дүн. Аливаа хүн өөрийн ирээдүйг бие даан бүтээж болно” гэж Линда хэлдэг. 
Түүвэрлэж орчуулав, #МЦогзолмаа