Image description
Америк улсын Пенсильваний их сургуулийн эрдэмтэд өөр хэдэн байгууллагатай хамтарч коронавирүсийн халдварын тархалтыг бууруулах бохь бүтээжээ. “Шүлсэнд коронавирүс өсч олширдог. Халдвар авсан хүн ханиаж найтаах, эсвэл ярьж байхад зарим вирүс гадагшилж бусад хүмүүст хүрч халдварлуулах магадлалтай. Харин манай бохины тусламжтай шүлсэн дэх вирүсийг саармагжуулах боломжтой. Энэ бол ковидын өвчлөлийг буруулах олон аргын нэг” гэж ковидын бохь бүтээх санаачилгыг гаргасан эрдэмтдийн нэг Генри Дэниелл тайлбарлав. Технологийн үндэс нь “ACE2” уураг бөгөөд халдвар авсан хүнд өвчтөнийг энэ бодисоор тарьсны дараа биед нэвтэрсэн вирүсүүд багасч байгааг бусад мэргэжилтний судалгаа харуулжээ. Хүний бие дэх ACE2 рецепторууд түүнчлэн коронавирүсийн спайк уургийг холбодог аж. Дэниелл болон бусад эрдэмтэн лабораторийн нөхцөлд “ACE2” -г ургуулж дараа нь холболт хөнгөвчилдөг өөр бодистой нийлүүлжээ. Энэ 2 бодисон дээр суурилан бүтээсэн зажилдаг бохь бол “АСЕ2” рецепторыг блоклох буюу спайк уургийг шууд холбож улмаар коронавирүсийг саармагжуулах чадвартай гэж эрдэмтэд тайлбарлалаа. Коронавирүстэй өвчтөнүүд дээр туршилт хийж үзэхэд ковидын бохь нь вирүсийн РНК түвшнийг бууруулж бараг илрэхгүй болгосон аж. Одоо судлаачид шинэ бохины клиник туршилт хийх зөвшөөрөл авахаар өргөдлөө өгчээ.