Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗөвлөл-ийн дарга Г.Батсайхантай ярилцлаа.
-Хан-Уул дүүрэгт суррон, цахилгаан дугуйтай холбоотой осол, гэмтэл бусад дүүрэгтэй харьцуулахад 2-3 дахин, түүнээс ч өндөр байна. Энэ талаар та хэр мэдээлэлтэй байна вэ?
-Дүүргийн ИТХ-ын дарга дүүргийнхээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг ахалдаг. Сүүлийн жилүүдэд цахилгаан дугуйтай холбоотой осол гэмтэл, зөрчил манай дүүрэг дээр олон гарч байгаа нь үнэн. Ялангуяа, дүүргийн зүүн талын хэсэг 11,15,17,18 зэрэг хороодод амьжиргааны түвшнийг дагаад хүүхэд, залуусын дунд сурроны хэрэглээ өндөр байна. Өнгөрсөн дөрвөн жилд нийслэлд суррон болон мотоциклээр зорчиж яваад 5500 гаруй хүн бэртсэн. Үүнээс 1000 гаруй нь хүүхэд. Хамгийн харамсалтай нь сүүлийн дөрвөн жилд жил бүр нэг хүүхэд энэ төрлийн ослоос болж нас барсан байна.
-Шийдвэрлэх гарцыг хэрхэн харж байна вэ?
-Шийдвэрлэх гарцыг хоёр байдлаар харж байна. Юуны өмнө хууль эрхзүйн орчныг бий болгох шаардлагатай. Үүнд насны хязгаар тавьж, тодорхой сургалтад хамруулах асуудлыг тусгах нь зөв. Замын хөдөлгөөний дүрмдээ зохицуулалтаа суулгаж өгөх хэрэгтэй. Олон улсын туршлагыг харахаар, Казахстанд сурроныг зөвхөн насанд хүрсэн хүн унахыг зөвшөөрдөг болсон. Америк, Швейцар, Англи зэрэг оронд сурроны дээд хурдыг 20-24 км байхаар тогтоож хөдөлгөөнд оруулж байна.
Хоёрдугаарт, асран хамгаалагчийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдэдээ тавих хараа хяналтаа чангатгаж, эрсдэлийг зөвөөр таниулан ойлгуулах байдал чухал. Юм болгоныг хуулиар бүрэн зохицуулна гэж байхгүй. Иргэний ухамсар чухал. Мэдээж төрийн зүгээс сонирхлын бүлгээр нь хуваасан талбай байгуулж, тэнд очиж чөлөөт цагаа өнгөрүүлэх, хоббигоо хөгжүүлэх боломжуудыг нээж өгөхийн төлөө төлөвлөж, үе шаттай хөрөнгө оруулалт хийхээр ажиллаж байна. Дахин хэлэхэд, олон нийтийн эрх ашгийг хүндлэх соёл, хүмүүжил, дадал хамгийн чухал. Сурроны ослоор дахиж нэг ч хүүхэд эндэх ёсгүй.
Чанга дуу чимээ гарган давхилдах залуус нийтийн эрх ашгийг хүндэтгэж, соёлжих хэрэгтэй
-Дуу чимээний бохирдол гэх ойлголт хүчтэй яригдаж байна. Хэт чанга дуу чимээтэй мото, спорт машин хүмүүсийн ая тухыг их алдагдуулдаг шүү дээ?
-Таны хөндөж асуусан сэдэв маш чухал. Ерөөсөө их хотод амьдарч байгаа иргэн таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана. Уг дүрэмд захирагдах ёстой гэдгийг хаана хаанаа ойлгох хэрэгтэй. Хотын дуу чимээний стандарт бий. Түүнийг мөрдөж ажиллуулахын төлөө холбогдох байгууллагууд хяналт шалгалт хийж, нөөц бололцоогоо дайчлаад ажиллаж байна. Гэхдээ тэр болгоныг хянах боломж хомс. Уг нь олон улсад дуу чимээний бохирдлыг хянах, хариуцлага тооцох арга механизм боловсронгуй болсон. Жишээ нь Франц улсын Парис хотод дуу чимээг хянаж, стандарт зөрчсөн бол бичлэг хийж торгууль илгээх системийг замуудад суурилуулсан байдаг. Гэтэл манайд одоогоор энэ болгоныг хийх боломж, хөрөнгө мөнгө юу билээ. Тиймээс өнөөгийн түвшинд илүү хувь хүний ухамсар чухал.
-Мото, спорт машин унаж байгаа зарим залуусын хувьд хүчтэй хаазалж, хурд хэтрүүлж давхиж байж кайф авдаг. Зориулалтын зам талбай дутагдалтай учир ийм үйлдэл гаргаж байна уу?
-Ийм байдлыг зориулалтын зам талбай дутагдалтай гэх шалтгаар өмгөөлж болохгүй. Сонирхлоороо нэгдээд байгуулчихсан зам талбай, тодорхой нөхцөл боломж нь бий. Ийм тусгай зориулалтын зам талбай, газарт очиж хоббигоо хөгжүүлж, давхилдах нь тухайн хүний эрх. Түүнээс биш хүмүүс унтаж амарч байхад стандарт бус яндан зоочхоод мотогоо хаазлаад байж болохгүй. Хөдөлгөөнд оролцоход мотоцикл, спорт машины яндан нь хотын дуу чимээний стандартад нийцэж байх ёстой. Стандарт давсан чанга дуу чимээ гарган давхилдах залуус нийтийн эрх ашгийг хүндэтгэж, соёлжих хэрэгтэй. Цаашид тусгай зориулалтын зам талбайг нэмэгдүүлэх, шинээр бий болгох ажлыг үе шаттай хийх ёстой.