Image description

Дэлхий дахинаа жил бүрийн 10 дугаар сарын 10-ны өдрийг дэлхийн Сэтгэцийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд дэлхий даяар Шинэ коронавируст халдварын цар тахлын үед сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг тэмдэглэх гэж байна. Иймд ДЭМБ-аас “Сэтгэцийн эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” уриаг дэвшүүлжээ.

Цар тахлын үед вирусын халдварыг удаашруулахын тулд хөл хорио тогтоож байгаа нь бидний өдөр тутмын амьдралд тодорхой өөрчлөлтүүдийг бий болгож, тодорхойгүй нөхцөл байдалд санаа зовох, эргэлзэх, мэдрэмтгий болох, сандарч тэвдэх, айх түгших, уурлаж бухимдах зэрэг олон олон бэрхшээлүүд тулгарч байна.

ДЭМБ-ын мэдээлснээр Дэлхий нийтэд ойролцоогоор нэг тэрбум хүн сэтгэцийн эмгэгтэй амьдарч байгаа ба Номхон далайн баруун эргийн бүсийн хөгжингүй орнуудад мэдрэл сэтгэц, зан үйлийн эмгэг хүн амын 27%-д, хөгжиж буй орнуудад 15%-д оношлогдсон байна.

Манай улсын хэмжээнд хөдөлмөрийн чадвараа алдсан нийт хүмүүсийн дотор сэтгэцийн эмгэгтэй хүмүүс 15%-ийг эзэлдэг.

1984-1992 онд хийсэн судалгаатай харьцуулахад 2013 онд хийгдсэн “Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаа”-гаар стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин ихэссэн байсан.

Дэлхийд жил бүр 3 сая хүн архины хортой хэрэглээнээс үүдэлтэй эмгэгээр хорвоог орхиж байгаа нь 1 минут тутамд 6 хүн нас барж байна гэсэн үг.

Архины шалтгаант нас баралтын 4 хүн тутмын 3 нь эрэгтэйчүүд эзэлж байна. Мөн дэлхийд жил бүр 800000 хүн амиа хорлож нас бардаг бөгөөд 20 сая хүн амиа хорлох оролдлого хийдэг. Энэ нь 40 секунд тутамд нэг хүн амиа хорлон нас барж, 20 секунд тутамд 1 хүн амиа хорлох оролдлого хийдэг. Амиа хорлолт нь залуучуудын, тэр дундаа 15-29 насныхны нас баралтын тэргүүлэх шалтгааны 2 дугаар байранд орж буйг анхааруулсаар байна.

Иймд нийт хүн амын сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үйл ажиллагааг идэвхжүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд илүүтэй анхаарах, сэтгэцийн эрүүл мэндэд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм.Сэтгэцийн эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулах гэдэгт зөвхөн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үзүүлж буй төрийн болон төрийн бус байгууллагат хөрөнгө мөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлэх төдий зүйлээр хязгаарлагдахгүй.

Харин иргэн хүн бүр өөрийнхөө сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, стресс тайлах зөв арга техникт суралцах, уур бухимдлаа зөв тайлах, бусадтай зөв боловсон харилцах, бусдын дэмжлэгийг авах, сэтгэцийн эмч, сэтгэл зүйчид хандахаас санаа зовохгүй байх, сэтгэл зүйн тусламж хэрэгтэй хэн нэгэнд туслах, бусдыг сэтгэл зүйн онцлог байдлаар нь хүлээн зөвшөөрөх чадваруудыг эзэмших нь сэтгэцийн эрүүл мэнддээ оруулж буй хөрөнгө оруулалт юм.