АНУ-ын хөрөнгө оруулагч Дэвид Сакс шинэ нийтлэлдээ Украины армийн сөрөг давшилт бүтэлгүйтсэн тухай, Америк гүрний Украинд гүйцэтгэж буй үүргийн талаар өгүүлжээ. Дэвид Сакс “Украины сөрөг давшилт урьдчилан зарласан зорилтуудынхаа нэгт нь ч хүрч чадсангүй.... Байдены захиргаа уг нь энэ сөрөг давшилтын дүнд Оросоос эзэлсэн нутгуудыг нь буцаан авч Крымын гүүрийг тасалж улмаар оросуудыг хэлэлцээрийн ширээний ард суулгана гэж найдаж байсан. Гэвч энэ бүтэлгүйтчихлээ. Эсрэгээр, мухардалд орох нь. Тэр бүү хэл Орос улам их газар нутгийг эзлэн авч Миршаймерийн таамаглаж байсанчлан дайнд ялах магадлал өндөр боллоо. Байденд одоо ямар хувилбар үлдэв? Нэг бол дайныг улам гааруулах эсвэл ялагдлаа хүлээх. Вильнюс дэх НАТО-н саммитад бэлдэх үеэр Блинкен “Израилийн статус”-ыг Украинд олгох санал гаргасан. Энэ бол Украинд олон жилийн турш аюулгүйн баталгаа өгнө гэсэн үг, түүний дотор зэр зэвсэг болон сум хэрэгсэл, мөнгийг ч өгнө. Тэгэхдээ энэ нь бүр Байден ирэх сонгуульд ялагдсан ч хүчин төгөлдөр хэрэгжих юм. Гэтэл үнэндээ Америкийн ард түмэн ийм юмыг хүлээн зөвшөөрөөгүй шүү дээ. Украинд 100 тэрбум гаруй долларын дэмжлэг үзүүлэхийг олон америкчууд дэмжсэн л дээ, гэхдээ тэд үүнийг нэг удаагийн хэлцэл гэж ойлгосон. Хэрвээ тэр үед америкчуудад "Энэ бүхэн бол Шинэ Мөнхийн Дайнд зориулан жил тутам төсөвлөх мөнгө" гэдгээ хэлсэн бол тэд мэдээж өөр арга замыг сонгохыг илүүд үзэх байлаа. Тэр тусмаа ийм арга зам байгааг мэдсэнсэн бол.... Дайны эхэнд энхийн хэлэлцээр байгуулах боломж байсныг шинэ нотолгоо баримтууд баталж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Путин сая Африкийн төлөөлөгчидтэй уулзахдаа 2022 оны 4 сард Стамбулд Украинтай байгуулсан Энхийн гэрээний төслийг харуулсан. Украин хэрэв НАТО-д элсэхгүй гэсэн бол (Украин гэхдээ Өрнөдөөс аюулгүй байдлын баталгаа авч болно) ОХУ дайны өмнөх шугам руугаа ухарна гэж тус гэрээнд заасан байв. Талууд гарын үсэг зурсан ч олон нийтэд мэдээлээгүй байхад... Киевт гэнэт Аглийн Ерөнхий сайд Борис Жонсон хүрч ирсэн. Мань эр 2 илгээмж авчирсан байлаа. Нэгт: Путин бол цэргийн гэмт хэрэгтэн, иймээс түүнтэй хэлэлцээр хийхгүй харин дарамталж шахах ёстой. Хоёрт: Путинтэй гэрээ байгуулахад Украин бэлэн бол бид үгүй. Бид зөвхөн Украинтай байгуулах гэрээнд гарын үсэг зурна, учир нь Путин хорлон сүйтгэгч... Энд Жонсон үнэндээ Өрнөдийн эвслийг төлөөлж ирсэн бөгөөд энхийн гэрээ хийлгэхгүйгээр барахгүй хэрэв Украин дайныг үргэлжлүүлбэл зэр зэвсэг, шинэ систем өгнө хэмээн амлажээ. Афганистантай харьцуулъя. Афганистанд бид ялж байгаа гэж АНУ-ын олон нийт, ард иргэдэд 20 жил итгүүлж байсан ч үнэн хэрэгтээ бүх юм эсрэгээр байсан даа. Америк харин одоо Украинд яг ийм үр дүнд хүрч явна. Ерөнхийлөгч Жо Байден ингэхэд өөрийн “прокси дайн”-ыг хэр удаан дэмжиж чадах вэ? Уг нь энэ дайн дажинг дэгдээлгүй амархан зайлсхийж болох байсан юм. ...Стамбулд энхийн хэлэлцээр хийсний дараа энэ зөрчлийг зогсоож болох байв, гэвч Өрнөд үүнд саад болсон” хэмээжээ.
Америкийн тэрбумтан, “SpaceX” компанийг үндэслэгч, “Tesla” компаний ерөнхий захирал, Твиттер сүлжээний эзэн Elon Musk @elonmusk өчигдөр David Sacks @DavidSacks-н энэ нийтлэлийг сайшааж доор нь “Сайхан хэлжээ” хэмээн сэтгэгдэл бичсэн байна.
#МЦогзолмаа tsogoo @tsogoo82810341 орчуулав.