Image description
Хятадын Бээжин хотын эрх баригчид хэдэн долоо хоногийн өмнөөс нэгэн шинэ санаачилга хэрэгжүүлж, вакцинжуулалтад хамрагдсан компани, байгууллагуудыг өнгөөр ялгаж эхэллээ. “Нийслэл хотын фирм компани болон дэлгүүр, кафе зэрэг байгууллагын барилгын гадна хананд өнгө өнгийн наалт харагдах болсон. Энэ бол коронавирүсийн вакцин хийлгэсэн ажилтнуудын эзлэх хувийг үйлчлүүлэгчдэд харуулжээ” гэж “The Guardian” мэдээлэв. Эхлээд Бээжингийн төвийн дүүрэгт нэвтэрсэн энэ арга хэмжээ одоо хотыг бүхэлд нь хамарчээ. Ажилтнуудын 80% нь вакцинжуулалтад хамрагдсан бол ногоон өнгөтэй, 40-80% бол цэнхэр, харин 40%-иас бага бол улаан өнгийн наалт нааж байна.
“14 хоногийн өмнөөс байгууллагуудыг өнгөөр ялгаж эхэлсэн. Манай байгууллага ногоон наалттай, энэ нь зоогийн газарт маань үнэхээр эерэг нөлөөлж орлогыг нэмэгдүүллээ. Үйлчлүүлэгчид энд хооллоход аюулгүй гэж үзэх болсон. Иймээс манай өдөртөө маш их хүнтэй байгаа” гэж нэгэн менежер ярьжээ. Хятад өмнө нь ийм зориулалттай гар утасны хавсралт гаргаж иргэдээ ангилах болсон. Хэрэглэгч бүрд түүний эрүүл мэндийн байдал, замд зорчсоноос хамааран ногоон, шар, улаан өнгө олгодог. Хүмүүс нийтийн тээврээр зорчих, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ энэ хавсралтаа үзүүлж нэвтэрнэ.
Хятад улс нийт 6 вакцин бүтээсэн, одоогоор энд 145 сая хүн вакцин хийлгэжээ. Харин 6 сар гэхэд 560 сая иргэнээ буюу хүн амынхаа 40%-ийг дархлаажуулна гэж Хятадын удирдлага төлөвлөж байна.