ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Кремльд цэргийнхэн, мөн хүчний байгууллагуудын 2,5 мянга гаруй ажилтнуудтай уулзахдаа "Та нар иргэний дайныг зогсоолоо. Украины сөрөг давшилт гэж нэрлээд байгаа үеэс хойш тооцвол тэд 259 танк, 780 хуягт машинаа алдсан. Зөвхөн Ореховын чиглэлд (тэд үүнийг цохилтын гол чиглэлээ гээд байгаа) сүүлийн 7 хоногт Украин 280 байлдааны машин техникээ алдлаа. Энэ бүхэн ихэнхдээ та нарын болон зэвсэгт нэгт нөхдийн чинь ажлын үр дүн... Үүний төлөө мэдээж та бүхэнд талархая... "Вагнер" цэргийн хувийн компанийг төр засгаас бүрэн санхүүжүүлж жилд 86 тэрбум рубль өгдөг. Зөвхөн 2022 оны 5 сараас 2023 оны 5 сарын хугацаанд улсаас 86 тэрбум 262 сая рублийг "Вагнер"-т олгосон. Түүнчлэн 110 тэрбум 179 саяыг даатгалын төлбөр гэж өглөө. "Вагнер"-н тэргүүн Пригожин мөн хугацаанд армид хүнс нийлүүлж хувьдаа нэмж 80 тэрбумыг олсон. Өөрөөр хэлбэл, "Вагнер"-н зардлыг төр засаг бүрэн дааж байхад хувиараа мөнгө олж байв" хэмээн мэдэгджээ.
Белоруссын Ерөнхийлөгч Александр Лукашенко хөрш Орос улсад болсон зэвсэгт бослогр гаргах оролдлогын тухай ярилцлага өгчээ. “Би Пригожиныг “чад хийлгэх” гэж бүү яар гэж Путинд хэлсэн.... Пригожин надтай эхний 30 мин дан "мат"-р харьцсан... Довтолгооны отрядуудыг удирдаж, асар олон үхлийн гэрч болсон командирууд түүнд дарамт шахалт үзүүлж байсан учир мань эр хагас солиотой амьтан Ростовт давхиж оржээ... тиймэрхүү байдалтай надтай ярилцсан. Би Пригожинд "Ийм нөхцөл байдалд хэн ч чамд Шойгу, Герасимовыг өгөхгүй. Чи Путиныг надаас дутуугүй мэднэ" гэлээ. Тэр "Бид шударга ёсыг хүсч байна. Москва орно" гэхэд би "Чамайг тийш очих замд л бясаа шиг няцалчихна шүү дээ" гэв. Би Пригожиныг удаан ятгасан. Сүүлд нь "Чи өөрөө мэд. Гэхдээ бид Москваг 1941 он шиг л хамгаалах болно. Бригадаа тийш шидэхэд бэлэн болсон" гэж хэлсэн дээ.... Пригожин одоо манай улсад байгаа. “Вагнер”-т зориулж Белорусс лагерь барихгүй ээ, гэхдээ тэдний дайчид техник зэвсэг нь ирвэл байршуулах газар нутаг гаргаж өгч болох юм” хэмээн Лукашенко ярилаа.
Лукашенко “Тэр үед би Путинээс фронтын нөхцөл байдлын тухай асуухад тэр "Хачирхалтай, гэхдээ фронт дээр хэзээ хэзээнээс илүү бүх юм маш сайн явж байна" гэж хариулсан даа” хэмээн дурслаа.
Орост үнэхээр иргэний дайн дэгдэж болзошгүй нөхцөл байдал үүссэн байсан. Үүнийг Чечений дайчдын яриа нотолсон. “Бид Ростовт “Вагнер”-ын дайчдаас ердөө 500-700м зайд оччихсон байсан. Тушаал ирэхгүй л байлаа. Хэрэв дээрээс БХЯ тушаал өгсөн бол шууд гүйцэтгэх байсан юм" гэж Чечений “Ахмат” тусгай ангийн командир Апти Алаудинов мэдэгдсэн юм. Чечений тэргүүн Рамзан Кадыров зэвсэгт бослого гарсан анхны мэдээ түгмэгц шууд өөрийн тусгай ангиудыг тийш илгээсэн билээ.
"Росгварди"-н тэргүүн В.Золотов: "Вагнер" хувийн компаний цэргүүд бослого дэгдсэний дараа чөлөөтэй ОХУ-ын мужуудаар явж байсны учрыг тайлбарлая. Бид гол хүчээ Москва орох замд төвлөрүүлсэн юм. Хэрвээ тараан байршуулсан бол "Вагнер" зүгээр л "масло зүсч буй хутга" шиг чөлөөтэй явж өнгөрөх байлаа" хэмээн мэдэгджээ.
Нэмж өгүүлэхэд, "Вагнер" компанийг үндэслэгч Евгений Пригожин бүтэлгүй бослогын дараа “Meduza”-д ярилцлага өгчээ. Тэрбээр “Манай Вагнер бол Орос улсын хамгийн чадварлаг, хамгийн туршлагатай цэргийн анги бөгөөд Украинд маш сайн тулалдсан. Элдэв явуулга, бодлогогүй шийдвэрийн улмаас манай компани 7 сарын 1-нээс тарах ёстой болсон юм. Манай ихэнх дайчид БХЯ-тай гэрээ байгуулахаас татгалзсан, яагаад гэвэл “их бууны мах” болно гэдгийг ойлгож байгаа. Миний цэргүүдийн 1-2% л тийшээ очсон. Бид 6 сарын 30-нд зэвсэг техникээ хүлээлгэн өгөх гэж байлаа... Гэтэл бидэн рүү пуужин харваж 30 орчим цэрэг амиа алдсан. Энэ л триггер болж бид яаралтай хөдөлсөн юм.... Бид 780 км маршилсан.... Замд таарсан цэргийн бүх объектыг бид блоклож аюулгүй болгож байв.... Онгоцуудыг буудсандаа бид харамсч байна, гэхдээ тэд бөмбөг хаясан штэ. Газар дээр нэг ч цэрэг амь үрэгдээгүй ээ. Манай хэдэн дайчид шархдаж БХЯ-ны 2 цэрэг амиа алдсан. Манай зорилго бол “Вагнер”-г устгахаас аврах, бас Украинд явуулж буй Цэргийн тусгай ажиллагааны үеэр асар олон алдаа гаргасан этгээдүүдэд хариуцлага тооцох. Бид өнөөгийн дэглэмийг унагахыг хүсээгүй, хуулийн дагуу сонгогдсон эрх баригчдыг ч гэсэн.... Харин эхний отряд их буугаа бидэн рүү эргүүлмэгц бид зогссон. Тагнуулууд их цус асгарах шинжтэй гэж мэдээлэв. Бид нэгэнт ур чадвараа харуулсан тул хангалттай гэж үзсэн юм. Энэ үед Белоруссын тэргүүн Лукашенко гар сунгаж тусалъя гэхэд бид зөвшөөрсөн... Бид шударга ёсны төлөө маршилсан, энэ марш Оросын бүх газар нутагт аюулгүйн байдлыг хангах тал дээр ноцтой асуудлууд байгааг илрүүллээ. Бид тааралдсан бүх онгоцны буудал, цэргийн ангиудыг блоклож чадсан. 24 цагт бид ямар их зам туулсан гээч. Оросын арми 2022.2.24-нөөс Киев хүртэл, энэ цэгээс Ужгород хүртэл. Хэрэв Цэргийн тусгай ажиллагааны эхнээс л манай “Вагнер”-н хөлсний цэргүүд шиг хүмүүс үүрэг гүйцэтгэсэн бол Украины дайн ганц хоног л үргэлжлэх байлаа. Москва хүрэхэд 200км үлдсэн байсан... Бид мастер класс үзүүлсэн шүү!" хэмээн ярьжээ. “Вагнер” компаний байлдааны хүнд техник, зэр зэвсгийг ОХУ-ын БХЯ-д шилжүүлэх ажиллагаа хэдийн эхэлжээ. Тус хувийн компанид “СУ 25” байлдааны онгоцуудаас өгсүүлээд танк, миномет, их буу, реактив их буу, дрон, байлдааны авто машин гээд бүх зэвсэглэл бүрэн байсан. “Вагнер”-н гол танк нь “Т-72”, мөн моторжуулсан ангиудад БМП-1,2,3 ба БТР-80 ашигладаг. “Мста-Б”, “Д-30”, өөрөө явагч (САУ) 2С7 “Пион” (2С7М “Малка”) их буу, бас “Солнцепек”, РСЗО “Ураган”, “ БМ-21 Град” зэрэг реактив их буутай...
Эцэст нь өгүүлэхэд, Путин өчигдөр үг хэлэхдээ “БХЯ-ын цөмийг Цэргийн тусгай ажиллагаанд оролцсон офицерүүдаар бүрдүүлнэ” гэсэн. Иймээс тун удахгүй Оросын Батлан хамгаалах яаманд бөөн халаа сэлгээ эхлэх бололтой.
#МЦогзолмаа орчуулав.
Путин: ОХУ-ын төр засгаас "Вагнер"-г бүрэн санхүүжүүлдэг
2023-6-28
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.