Image description
“Microsoft” корпорацийг үндэслэгч Билл Гейтс ба түүний гэргий Мелинда нар өчигдөр мэдэгдэл хийж гэр бүлээ цуцалж байгаа тухай зарлав. Тэд энэ мэдэгдлээ Билл Гейтсийн Твиттерт, мөн Мелиндагийн “Instagram” хуудсанд нийтэлжээ. “Бид удаан бодож тунгаан харилцаан дээрээ их ажилласны эцэст гэр бүлээ цуцлуулах шийдвэр гаргалаа. Энэ хугацаанд бид 3 сайхан үр хүүхдээ өсгөн бойжуулж, дэлхий даяар үйл ажиллагаа явуулж хүмүүст эрүүл, үр бүтээлтэй амьдрахад тусалдаг буяны сангаа байгуулсан билээ. Бид хамтран буяны сангийн ажлаа үргэлжлүүлэн хийх болно. Гэхдээ цаашид амьдралын шинэ үе шатанд бид хос хэвээр байх боломжгүй гэж үзэж байна” хэмээн тус мэдэгдэлд дурдсан байв. Мөнгө санхүүгийн асуудлын тухай тэд огт ам нээсэнгүй. Билл Гейтс бол дэлхийн тэргүүн баячуудын нэг бөгөөд хамгийн баян 5 бизнесмэний тоонд багтдаг. Энэ гэр бүлийн хөрөнгө 130 тэрбум доллар билээ.
Сонирхуулахад, Мелинда Гейтс гэр бүлээ цуцлуулсны дараа тэтгэмж авахаас татгалзсан тухай “Washington Post” мэдээлжээ. Тэд гэрлэлтийн гэрээ байгуулаагүй юм байна. Салах саналыг Мелинда гаргасан аж. Гэр бүл цуцлах Шүүх хурал тэдний хүсэлтээр 2022 оны 4-р сард болно, гэхдээ талууд үүнээс өмнө тохиролцолд хүрэх магадлалтай гэж Америкийн ХМХ мэдээлэв.