Францын Шигшээ багийн хөлбөмбөгчин, “Пари Сен-Жермен” клубын довтлогч Килиан Мбаппе 2022 оны зун гэрээ байгуулж гарын үсэг зурахдаа бонус гэж 300 сая евро, мөн улирлын цалин гэж 100 сая евро авсан тухай ХМХ мэдээллээ. Мбаппегийн ээж бөгөөд төлөөлөгч Файза Ламари энэ талаар ярихдаа “Энд ямар ч гэм буруу, ичих юм байхгүй. Хэрэв бид 10 тэрбум евро авах боломжтой бол түүнийг бид авах л байсан. Яагаад гэвэл систем ингэж л ажилладаг” хэмээн “Envoyé special” шоуны үеэр мэдэгдэв.
Файза Ламари “Би хүүтэйгээ ажил хэргээ ингэж явуулдаг юм л даа. 30%-с бага бол би юу ч хийхгүй гэж түүнд шууд хэлсэн. Үүний оронд би тэтгэвэрт гарч бусад хүн шиг Мальдив явж амрах болно, ямартай ч чиний төлөө ажиллахгүй гэлээ. Эхлээд би түүнд 50:50 ажиллана гэсэн боловч дараа нь хоёулаа зөвлөлдөөд 30% дээр тохирсон” гэж ярилаа.
25 настай Килиан Мбаппе 2017 оноос “ПСЖ” клубт тоглож байгаа билээ. Тэрбээр 2023/2024 оны улиралд клубын бүх 24 тэмцээнд тоглож 25 гоол, үр дүнтэй 3 дамжуулалт хийсэн юм. Мбаппе тус клубтэй 2024 оны 6 сарын 30 хүртэл тоглох гэрээтэй.