Италийн тамирчин Андреа Ланфри “дэлхийн дээвэр” гэгддэг Эверест ууланд авирч 2 дээд амжилт тогтоолоо. Тэрбээр 2 хөлгүй, гарын 7 хуруугаа тайруулсан хэрнээ энэ агуу уулын оргилд гарсан анхны хүн болжээ. Андреа Ланфри энэ үед мөн Гиннессийн 2 дээд амжилт тогтоосон юм.
Андреа 2015 онд 29 настайдаа менингит, менингококийн сепсисийн улмаас эмнэлэгт хэвтжээ. Эмч нар түүний 2 хөлийг өвдөг хүртэл, мөн 7 хурууг нь тайрч байж амийг нь аварсан аж. Андреа 7 сар эмнэлэгт эмчлүүлэхдээ тал хугацааг нь коомд өнгөрүүлжээ. Гэвч тэр сэтгэлээр унасангүй, Пара спортоор хичээллэх боломжийг олж харлаа. Андреа мэс заслаас хойш 1 жилийн дараа улсынхаа хөнгөн атлетикийн шигшээ багт багтсан. Дараа нь тэр 2016–2018 онд пара спортоор Европ, дэлхийн мөнгө хүрэл медаль хүртсэн юм. Үүний дараа Андреа буцаад альпинизмаар хичээллэхээр шийджээ.
Андреа уулын оргилд хүрэхээс өмнө эхний дээд амжилтаа тогтоов. Тэрбээр төв лагерь луу явах замдаа 1 миль зайд хиймэл хөлтэйгээ гүйж 9 минут 48 секундэд туулжээ.
Андреа Ланфри “Би найзын хамт Эверестийн оргил руу 2 сар авирлаа, энэ бол миний тооцоолсноос 14 хоногоор цөөн гэсэн үг. Цаг агаар таатай байсан нь нөлөөллөө. Уул руу авирч байхад таарсан зарим хүн намайг их гайхан харж байлаа, гэхдээ хиймэл хөл биш харин гутлыг минь хараад.... Уулын оргилыг хараад миний сэтгэл их догдолсон. Би өнгөрснөө дурсч Эверестийн оргилд гарахын тулд хийсэн өмнөх олон сургуулилт, олон ууланд хэрхэн авирч байснаа эргэн саналаа.... Гиннессийн шинэ 2 дээд амжилт миний хувьд том бахархал төдийгүй над шиг ийм хүндрэл бэрхшээлтэй тулгарсан хүмүүст урам онгод бэлэглэх байх гэж бодож байна” гэж ярилаа.
#МЦогзолмаа орчуулав.
2 хөлгүй тамирчин Эверестэд авирч 2 рекорд тогтоов
2024-2-08
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.