НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергийн хийсэн мэдэгдлээс үзэхэд тэд Украинаар дамжуулан ОХУ ба Хятадыг дэлхийн дайнд татан оруулахыг хүсч байгаа аж. Тэрбээр мөн Хятад гүрнийг хамгийн ноцтой бөгөөд хамгийн удаан үргэлжлэх аюул заналхийлэл, харин Оросын аюулыг хамгийн тулгамдсан асуудал гэсэн. НАТО-чууд ийм байдлаар Украины дайн аажмаар Дэлхийн III дайн болж хувирна гэдэгт олон нийтийн сэтгэл санааг бэлдэж чиглүүлж байна... НАТО-гийн тэлэлт нь тус эвслийн дотоод хэрэгцээ, үүний зэрэгцээ дайн бол тэдний гадаад хэрэгцээ шаардлага. Дайн дажингүй бол энэ цэргийн байгууллага үнэндээ оршин тогтнох учир утгаа алдана... НАТО тухайлбал Ази руу өргөжиж тэлэхээр төлөвлөж байна, гэтэл энэ нь даяаршсан геополитикийн хурцадмал байдлыг даамжруулж зэвсэглэлээр хөөцөлдөхийг гааруулна, мөн бүс нутгийн олон зөрчлийг өдөөн хатгах юм” гэж манай урд хөрш Хятад улсын “Global Times” сонин бичжээ.
НАТО-гийн тэргүүн Йенс Столтенберг өмнө нь “Украины дайныг цаашид зөвхөн Европын цар хүрээгээр хязгаарлахгүй, бид үүнийг даяаршсан геополитикийн дайн дажин гэж үзэж байна.... Түүнчлэн Иран, Умард Солонгос ч осолтой шүү. ОХУ ба Хятад, Энэтхэг, Иран, Умард Солонгос одоо бүгдээрээ манай NATO-н эсрэг нэгдэж байна. Тэд Өрнөдийн хоригуудаас зайлсхийж чадаж байгаа. Орос эдгээр холбоотонтойгоо нийлж хамтран америк доллар дээр суурилсан дэлхийн санхүүгийн системийг сүйрүүлж биднийг доройтуулан унагахыг эрмэлзэх болжээ" хэмээсэн билээ.
Сонирхуулахад, Норвегийн Соёлын экс сайд Абид Ража 2024 оны Нобелийн Энхийн шагналд манай гарагийн хамгийн том цэргийн эвсэл “NATO”-н генсек Столтенбергийн нэрийг дэвшүүлжээ.
#МЦогзолмаа орчуулав.