Бүхэл бүтэн эрчим хүчний салбараа алдагдалтай хэвээр л явуулаад байх юм бол энэ салбар хэзээ яаж урагшаа алхах вэ дээ угаасаа. Хэрэглэгчээс ирэх эсэргүүцэл гомдлоос айгаад үнэ тариф нэмэхээ хойшлуулсаар олон жил боллоо.
Энэ салбарыг сэргээж авахын тулд эр зориг хэрэгтэй гэдэг нь үнээн. Хатуухан хэлэхэд цахилгаан дулааныг бид бараг л нэг төрлийн халамжийн хэмжээнд хэрэглэж байгаа юм аа.
Бидний төлж байгаа дулаан, цахилгааны төлбөр өртгөөсөө хамаагүй доогуур. Ер нь бол хямд төсөр байх ёстой гэсэн ухамсар бүрэн суучихаад байна. Энэ ойлголтыг засаж залруулах гээд хүлээгээд байх юм бол бүтэхгүй ээ. Зүгээр л үнэ тарифаа нэмээд, эхний ээлжинд алдагдалтай ажилладаг байдлаасаа гарах ёстой.
Үнэ цэнгүй, зүгээр л агаараар паараа халааж, салхиар чийдэнгээ асааж суугаа биш гэдгээ ухамсарлах цаг нь болсоон манайхан. Дулаан цахилгаан бол асар үнэ цэнтэй бүтээгдэхүүн гэдгийг хүлээн зөвшөөрөөд явцгаая л даа. Үнэндээ одоохондоо бол хөрөнгө оруулалт гэж яриад алдагдалтай салбар руугаа том хөрөнгө оруулагч татна гэвэл хэцүү.
Алдагдалгүй салбар болоод ирвэл хөрөнгө оруулагчид ч ар араасаа жагсана. Юм бүхэнд эсрэг байр сууринаас хандаад, зөвийг буруу харуулж ойлгоод байж болохгүй.
Тиймээс цахилгаан дулааны үнэ тарифыг зах зээлийн зарчмаар нь хөдөлгөж л байх ёстой гэсэн хатуу байр суурьтай. Илүүдээ гарсан мөнгөтэйдөө биш энэ салбарын үнэ цэнийг, бүтээгдэхүүн нь үнэ цэнэгүй байгааг, үйлдвэрлэлийн өртөг хэдий өндөр гэдгийг ойлгодгийн хувьд үнэ тариф нэмэхийг дэмжсээр байгаа. Зах зээлийнх нь зарчмаар явуулах ёстой. Алдагдлыг нь хүчээр нөхдөг хөөрхийлөлтэй салбар хэвээр байлгаад байж ерөөсөө болохгүй л дээ.