Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний 18 хувь, Улаанбаатар хотын дулаан хангамжийн 40 хувь, үйлдвэрийн технологийн уурын хэрэглээний 80 хувийг ДЦС-3 ханган ажилладаг. Станц нь цахилгаан үйлдвэрлэх, дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд ажилладаг бөгөөд өнөөдрийн байдлаар 1100 орчим ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Түлш дамжуулах цех нь уурхайгаас ирсэн нүүрсийг хүлээн авах, нүүрсний тоо, чанарт хяналт тавьж буулгах, нөөцлөх, зуухыг нүүрсээр тасралтгүй хангах үндсэн үүрэгтэй. Цех цагт 25-30 вагон нүүрс буулгах хоёр ширхэг вагон хөмрөгч, 180-900 тн/цаг нүүрс дамжуулах хүчин чадалтай 21 ширхэг туузан дамжлага, цагт 250-600тн нүүрс бутлах дөрвөн ширхэг алхан бутлагч, 275-480тн/цаг чадалтай зургаан займчин тэжээгч, найман ширхэг бульдозер, 170000 тн нүүрс нөөцлөх ил талбайгаар тус, тус тоноглогдсон байна.
Ажиллах орчин нөхцөлийн хувьд сэрүүн температуртай, бүдэг гэрэл бүхий, дуу чимээ ихтэй байх аж. Түүнчлэн үйлдвэрийн тоос шорооноос шалтгаалан ярих болон амьсгалахад хүндрэлтэй санагдав. Цехийн ажилтнууд 12 цагийн ээлжээр ажилладаг бөгөөд нийт дөрвөн ээлжтэй байдаг гэнэ. Учир нь үйлдвэрээс хэрэглэгч рүү шууд түгээх үйл ажиллагаа явуулдаг учраас агуулахад хадгалах, хүлээгдэх боломж байдаггүй юм байна.
ДУЛААНЫ СТАНЦУУД ХҮНИЙ НӨӨЦИЙН ДУТАГДАЛД ОРЖЭЭ
Цахилгаан станц 1100 орчим ажилтантай боловч ажиллах орчин нөхцөл, цалин хангамж зэргээс шалтгаалан сард дунджаар 150 ажилтан ажлаас гарах өргөдлөө өгдөг байна. Мөн өнөөдрийн байдлаар 29 орчим нарийн мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгаа талаар үйлдвэрийн удирдлагууд хэлж байлаа. Түлш дамжуулах цехийн ажилтны хэлж буйгаар ажлын гүйцэтгэл нэмэгдсэн дүнгээр сард хоёр сая орчим төгрөгийн цалин авдаг гэнэ. Тиймээс хүнд нөхцөлд ажилладаг залуучуудын хувьд энэ нь ажлаас гарах үндсэн шалтгаан болж байгаа юм. Ажлаас гарсан залуучуудын дийлэнх нь цалин хангамж, ажиллах орчин сайтай хувийн үйлдвэрүүд болон, Өмнөд Солонгос Австрали, Япон зэрэг улсад ажиллах сонирхолтой. Учир нь гадаад оронд энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн хүн өндөр цалин хангамжтай, түүнчлэн хүний нөөцийн дутагдалтай байдагтай нь холбоотой юм. Тиймээс визний хувьд ч боломж өндөр байдаг аж.
Дулааны гуравдугаар цахилгаан станцын өндөр даралтын зуухан цех нь Түлш дамжуулах цехээс ирсэн нүүрсийг хүлээн авч технологийн боловсруулалт хийж, зуухны галын хотолд шатаан, нүүрсний шаталтын дулааны энергийг ашиглан 100 ата даралттай, 540 градусын халуунтай усыг боловсруулж хэт халсан уураар турбиныг хангах үүрэгтэй. Тус цех нь цагт 100 атмосферийн даралттай 220 тн уур боловсруулах хүчин чадал бүхий БКЗ-220-100-4С маягын 7–н уурын генератор болон тэдгээрт хамаарах бусад туслах тоноглолуудаар тоноглогдсон.
Мөн зууханд шатаасан түлш буюу тоосны нүүрсний шаталтын бүтээгдэхүүн болох үнс, шлакийгусаар тээвэрлэн үнсэн санд шахах зориулалттай 900 м3/цаг бүтээмжтэй Грант-900/67 маркийнгурван насос бүхий Багер аж ахуй, тээвэрлэгдэн ирсэн үнс, шлакийгүнсэн санд хуримтлуулж, үнс тээвэрлэсэн усны хөдөлгөөнийг нь тайвшруулах замаар тунгааж, тунгаасан усыг эргүүлэн шахах зориулалттай Д-500-65 маркийн дөрвөн насос бүхий Тунгаагдсан усны насос станц, Мазут нөөцлөх 1000 м3 багтаамжтай гурван бактай, тодорхой даралт температуртай мазутаар зуухыг хангах үүрэг бүхий байнгын ажиллагаатай Мазут аж ахуй зэрэг туслах аж ахуйтай.
Энд орчны температур хэт халуун байх бөгөөд аль хэсэг гэдгээсээ шалтгаалан 1200 градус хүртэл халдаг байна. Хэдий хүнд хэцүү нөхцөлд дасан зохицон ажиллах боломтой ч хамгийн гол нь энд аюулгүй байдлын баталгаа байхгүй. Хэзээ ч тэсэрч, дэлбэрэх аюултай. Учир нь тус цахилгаан станцийн насжилт хэдийнэ дуусч, өнөөдрийг хүртэл урд хормойгоороо хойд хормойгоо нөхөн ажиллаж байна.
НАСЖИЛТ НЬ ДУУССАН ҮЙЛДВЭРҮҮД ХЭЗЭЭ Л БОЛ ХЭЗЭЭ ЗОГСОХОД БЭЛЭН
Түүх сөхөхөд ДЦС-3 станц анх 1966 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр сууриа тавьж, 1968 онд анхны зуух ашиглалтад орсноор нийслэл хотын албан байгууллага, орон сууцанд дулааны эрчим хүч түгээж эхэлжээ. Гэвч өнөөдрийг хүртэл тухайн үеийн орчин нөхцөлдөө ажилласаар нэг л өдөр гал алдахад бэлэн болсон нь харагдаж байв. Станц 13 зуух, есөн турбин генератортай 40-54 жил ажилласан аж. Үүнээс есдүгээр турбингенераторыг 2015 онд шинэчилсэн бол бусад найман турбин генератор нь 220 мянган цагаас дээш ажилласан учраас хэзээ л бол хэзээ зогсоход бэлэн болжээ.
НӨӨЦ ТОНОГГҮЙ СТАНЦ ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХААС ӨӨР СОНГОЛТГҮЙ
Тус цахилгаан станц 50 жилийн өмнөх үе дээрээ зогссон. Гэвч бидний хэрэглээ илүү тансаг болсон. Үүнтэй зэрэгцээд эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, цаашлаад түүнийгээ хангаж чадахгүй хэмжээнд хүрчээ. Станцын тоноглолууд хуучирсан. Үүнийг дагаад гэмтэл гарч байгаа учраас хязгаарлалт хийхэд хүрдэг. 2000 оны эхээр зуухан цех, зундаа дөрвөн зуух, гурван машины горимоор явдаг байж. Гэтэл одоо таван зуух, дөрвөн машины горимоос буухгүй байгаа нь эрчим хүчний хэрэглээ яаж өссөнийг харуулж байна. Гэтэл энэхүү эрчим хүчнийхээ хэрэглээг бүрэн хангаж чадахгүй болсон нь өөрөө том аюул. Аюулын харанга дэлдэхээс өөр яах билээ. Нэг зуух зогсоход, 100 мянган айлын гэрэл шууд унтарна. Ийм үед 50-70 градустай болсон халуун зуух руугаа ороод л гэмтлээ засдаг гэдгийг зуухан цехийн ажилтнууд хэлж байв.