Image description

“Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний дөрөвдүгээр СТЕПС судалгаа"-ны тайланг хүлээлгэн өгөх арга хэмжээ 2020 оны 6-р сарын 29-нд Блю скай зочид буудлын Кристал танхимд болов.Тайланг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл, ЭМЯ-ны ТНБД Я.Амаржаргал, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Доктор Сергей Диордица болон төрийн байгууллага, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, эрүүл мэндийн байгууллага, судалгаа шинжилгээний байгууллагуудын удирдах ажилтнууд, мэргэжилтнүүд мөн энэхүү судалгааны зохицуулагчид, судлаачид хүрэлцэн ирсэн байна.

Шинжлэх ухаан, нотолгоонд суурилсан нийгмийн эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг явуулахад мэргэжил арга зүйгээр ханган ажилладаг, үндэсний эрдэмтэн судлаачдаар багаа бүрдүүлсэн шинжлэх ухааны байгууллага болох НЭМҮТ энэхүү судалгааг 21 аймгийн 130 сумын 216 баг, Улаанбаатар хот суурин газрын 142 хорооны 161 хэсгийг хамруулан 377 түүврийн нэгжээс нийт 6654 хүнийг хамруулан судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг сахилга бат, өндөр зохион байгуулалттайгаар гүйцэтгэлээ. ХБӨ-ийг үүсэхэд нөлөөлөх түгээмэл эрсдэл хүчин зүйлсийн тархалтын талаарх мэдээллийн анхдагч эх сурвалж нь СТЕПС буюу үндэсний тандалтын шаталсан судалгаа юм. Иймээс ДЭМБ-аас 4-5 жил тутамд уг судалгааг давтан явуулж байхыг улс орнуудад зөвлөдөг. Зөвлөмжийн дагуу Монгол улс 2005, 2009, 2013 онуудад Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монголын мянганы сорилтын сангийн техник арга зүй, санхүүгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж ирсэн.
Монгол улсын Засгийн газрын 2017 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан “ХБӨ-тэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн 3.3.1-д ХБӨ-ний эрсдэлт хүчин зүйлийн тархалтыг тогтоох үндэсний 4-р судалгааг хийж, хамтрагч талуудыг нотолгоогоор хангах, ХБӨ-ний бүртгэл, мэдээлэл, тандалт, хяналт-шинжилгээ, үнэлгээний цахим, нээлттэй мэдээллийн тогтолцоог үндэсний хэмжээнд бий болгож бүрдүүлэх” гэж дэвшүүлсэн зорилтыг биелүүллээ. Анх удаа ЭМЯ “Эрүүл мэндийг дэмжих сан”-аараа дамжуулан санхүүжүүлж, Монгол улсыг бүс нутгаар нь харьцуулан судалж, ДЭМБ-ын “eSTEPS” программын орчинд өөрийн орны онцлогтоо тохируулан мэдээллийн баазыг үүсгэсэн нь 4-р судалгааны нэг онцлог байлаа.

Монгол Улсын хүн амын дунд сүүлийн 20 гаруй жил шалтгаан нь нийтлэг, урьдчилан сэргийлж, эрт үед нь илрүүлж эмчлэх боломжтой Халдварт бус өвчин (ХБӨ) зонхилж, үр бүтээлтэй ажиллах чадамжтай хөдөлмөрийн насныхны дунд ихээхэн тохиолдож байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг хэвээр байна. НҮБ-ын төрөлжсөн агентлагаас 2015-2016 онд хийсэн үнэлгээгээр Монголчуудын нийт нас баралтын 77%-ийг ХБӨ эзэлж байгаагийн 32% нь 30-70 насныхан байв.Энэхүү үзүүлэлтийг бага болон дунд орлоготой бусад оронтой харьцуулахад манай улс дэлхийд ХБӨ өндөр тархалттай 2 дахь орон болжээ. Түүнчлэн өвчлөлийн архагшсан, хожуу шатанд өртөг өндөртэй оношилгоо, эмчилгээнд эрүүл мэндийн салбарын төсвийн 70 гаруй хувийг зарцуулж байгааг уг үнэлгээгээр тогтоосон.Хүн амын дунд зонхилон тохиолдох ХБӨ-ний тархалтыг бууруулах чиглэлээр олсон ололтоо бататгах, байгууллага, хамт олон, нийгмийн салбар, олон улсын байгууллагын оролцоо, хамтын ажиллагааг сайжруулах, хүн амд чиглэсэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн тогтолцоог бэхжүүлэх, олон талт байгууллагуудын оролцоонд тулгуурлан ХБӨ-тэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүс нутгийн ялгаатайгаар хэрэгжүүлэх шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоог судалгааны тайлан байдлаар хүлээлгэн өглөө.